Авилгатай тэмцэх газарт Өмнөговь аймгаас олон хүн шалгагдаж байгаа
Авлигатай тэмцэх газарт Өмнөговь аймгаас олон хүн шалгагдаж байгааг Авлигатай тэмцэх газрын уръдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон сэтгүүлчтэй уулзсан уулзалтан дээр хэллээ. Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гараад орон нутгуудаар явж байгаа аж. Тус ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Даланзадгад сумдад дөрөв хоног ажилласан байна.
Ажиллах хугацаандаа төрийн албан хаагчдад зориулсан сургалт явуулснаас гадна иргэдийн нийгмийн байгууллагууд болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсож төрийн үйлчилгээ болон иргэдийн амьдрал ямар байгаа талаар харилцан мэдээлэл солилцсонд иргэд талархалтай хандаж байлаа. Авлигатай тэмцэх газар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах санал тавьсны үндсэн дээр цаашид хамтран ажиллахаар болсон.
Авлигатай тэмцэх газар нь орон нутагт төлөөлөлгүй байгууллага. Тиймээс Авлигатай тэмцэх газар зарим ажилчиддаа аймгуудыг хариуцуулан өгсөн гэнэ. Манай аймгийг Ж.Билгүүн гэж хүн ерөнхийд нь хариуцаж ажиллах юм байна.Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллахад ямар зөрчил, дутагдал байсан талаар Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгонтой ярилцсанаа хүргэж байна.
Төрийн үйлчилгээ ил тод биш байна
Цогтцэций сумын ЗДТГ аж ахуйн нэгжүүдээсээ хандив их авсан байна
-Иргэд болон удирдлагуудтай уулзахад анхаарал татсан зүйл юу байв?
-Өмнөговь аймагт дөрөв хоног ажиллаа. Төрийн үйлчилгээ ил тод биш байна. Ханбогд сумын төрийн албан хаагчид ажлын цагаа барихгүй, ажлын байран дээрээ байгаа хүн цөөхөн байгаагаас гадна шинэ дарга нар ажлаа сайн мэдэхгүй байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийн үр дүн, зарцуулалт муу байна. Ажлын байр дорвитой нэмэгдсэн юм алга. Сум хөгжүүлэх сангийн зээлийг цөөхөн хүн жил дараалан авсан байна.
Хүн ардтай нь уулзахад сум хөгжүүлэх сангийн зээлийн талаар мэдээлэлгүй байлаа. Харин Цогтцэций сумын хувьд сум хөгжүүлэх сангийн зээлийн зориулалт, зарцуулалт харьцангуй сайн байна. Дандаа үйлдвэрлэл дэмжсэн учир ажлын байр 29-өөр нэмэгдэж, одоо бүгд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ Цогтцэций сумын ЗДТГ аж ахуйн нэгжүүдээсээ хандив мөнгө их авдаг.
Тэр хандив мөнгөний бүртгэл, гүйцэтгэл, зарцуулалт нь тодорхой бус байлаа. Энэ бүгдийг аймгийн удирдлагуудад танилцуулсан. Авлигатай тэмцэх газрын энэ удаагийн явж байгаа зорилго нь зөрчлийг илрүүлээд хариуцлага тооцохдоо гол нь биш, цаашид хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа яаж явуулах талаар арга зүйн зөвлөгөө өгөөд явж байгаа.
Ихэнх сумын Засаг дарга нар шинэ хүн байгаа учир цаашид аймгийн Засаг даргатай хамтран ажиллаж, иргэд, төрийн албан хаагчид, дарга удирдлагуудад хандсан ажлыг цагаан сарын дараанаас шат дараатай зохион байгуулна. Иргэдтэй уулзахдаа аймаг, сум, орон нутгийн төсөв тэлсэнтэй холбогдуулан иргэдийг мэдээлэлтэй байж хяналтаа идэвхтэй тавихыг анхуурлан хэлж байгаа. Мөн аймаг, сумын удирдлагуудад хэдэн төгрөгийн төсөв орж ирээд хэрхэн яаж зарцуулж байгаагаа ил тод нээлттэй байлга гэдэг шаардлагыг тавьж байгаа.
-Төрийн албан хаагчдад юун тухай сургалт явуулж байгаа вз?
-Төрийн албан хаагчдад зориулан нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар сургалт явуулж мэдээлэл өгсөн. Энэ хууль өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа. Төрийн албан хаагчид Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлж байх ёстой. Мэдүүлэг гаргаж өгөх хуулийн хугацаа 2-р сарын 15-ны өдөр эцсийн хугацаа байгаа. Хэрэв хөрөнгөө нуусан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
-Танд сайн сайхныг хүсье.
Ж. Сайнжаргал
Эх сурвалж: “Монгол Говь”
URL: