Ц.Сэрээтэр:100 жилийн түүхтэй чөлөөт бөхийг хасчихгүй байх

sereeter-shuugch-middleМанай оронд сар шинийн баяр болж буйтай давхцаад Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл Швейцарийн Лозанн хотноо хуралдаж байна.

Энэ хурлаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрөөс хасагдах хамгийн өндөр магадлалтай нь чөлөөт бөх болоод байна. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэртэй ярилцлаа.

-Чөлөөт бөхийг олимпийн хөтөлбөрөөс хасч магадгүй болжээ. Танай холбоо энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн 14 гишүүн 2020 оны олимп зохиох хот болон хөтөлбөрт оролцох спортын 26 төрлийг тодорхойлохоор хуралдсан юм билээ. Одоогоор олимп зохион явуулах эрхийн төлөө Японы Токио, Испанийн Мадрид, Туркийн Станбул гэсэн хотууд өрсөлдөж байна. 2020 оны олимп зохион явуулах хотын нэр болон 26 дахь спортын төрлийг зарлаагүй байхад урьдчилж мэдэх боломжгүй. Энэ хурлаар чөлөөт бөхийг хасах талаар санал оруулсан юм билээ. Түүнээс биш олимпийн хөтөлбөрөөс хассан юм биш. Одоогоор олимпийн хөтөлбөрт спортын 25 төрлийг батлаад байна. Хотын нэрийг ирэх тавдугаар сард Станбулд болох хурлаар тодорхой болгоно. Хурлын гишүүд олимпийн 26 дахь спортын төрөлд чөлөөт бөх, ханын теннис, зүлгэн дээрх хоккейг өрсөлдүүлж санал хуваагдаад байгаа юм гэсэн. Эдгээрээс санал илүү авсан нь олимпод орох биз.

-Тэд чөлөөт бөхийн хөгжлийг муу гэж дүгнэсэн юм биш үү?
-Тэр талаар ам нээгээгүй. Харин тасалбар болон реклам сурталчилгаагаар нь  дүгнээд байгаа. Олимпийн наадмын түүхийн хөгжилд хөнгөн атлетик, бөх шидэлтийн  төрлүүд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр тусмаа чөлөөт бөх олимпийн наадмын хөтөлбөрт багтаад 100 гаруй жил болж байна. Олон орны гишүүнчлэлтэй энэ спортыг шинэ хөгжиж буй орчин үеийн спортоор сольчихгүй байх гэж найдаж байна.

-Чөлөөт бөхөө олимпод хэвээр авч үлдэхийн тулд ФИЛА-гаас /Олон улсын чөлөөт бөхийн холбоо/ ямар ажил өрнүүлсэн бэ?
-Олон улсын бөхийн нэгдсэн холбооны удирдлагууд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роггетой уулзахаар болсон. Энэ үеэр байр сууриа илэрхийлэх биз. Чөлөөт бөх өндөр хөгжсөн Америк, Орос, Болгар зэрэг улсууд хүчтэй эсэргүүцэж байгаа. Эдгээр орнууд чөлөөт бөхийг олимпийн хөтөлбөрт хэвээр авч үлдэхийн тулд олон арга зам хайж байна. Хэдхэн хоногийн өмнө дээрх орнууд ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулсан гэсэн.

-Харин танай холбоо ямар байр суурьтай байгаа вэ?
-Олимпоос хамгийн олон медалийг манай чөлөөтийнхөн л цуглуулж чадсан. Тиймээс чөлөөтийнхөн төдийгүй Монголын спортынхон үүнд адилхан байр суурьтай байгаа байх аа.

-Тайландад ФИЛА-ийн яаралтай чуулган болж байна. Энэ чуулганд танай холбоог хэн төлөөлсөн бэ?

-ФИЛА-ийн чуулганд зөвхөн чөлөөт бөхийн олон улсын удирдах зөвлөлийн гишүүд л оролцдог. Удирдах зөвлөлд Монголын төлөөлөл байдаггүй учир бид гарах шийдвэрийг чагнаж сууна. Удирдах зөвлөлийн гишүүд хурлаар хэлэлцсэн санал гомдлоо олон улсын олимпийн хороонд уламжлах байх.

-Удахгүй манай оронд зохиогдох чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Дэлхийн цомын тэмцээнд чөлөөт бөхийн эмэгтэй шилдэг найман улсын баг тамирчин өрсөлддөг. Өчигдөр бүх багууд мэдүүлгээ өгч дууслаа. Тэмцээнд оролцох багууд энэ сарын 27-ноос эхлэн ирнэ.

-Манай охид бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?
-Өнгөрсөн сарын дундуур манай холбоо улсын аваргаа шалгаруулсан. Энэ тэмцээнд жин тус бүрт эхний гурван байрт орсон 30 гаруй тамирчин оролцоно. Мөн саяхан Красноярскийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад Дэлхийн цом нээлттэй. Энэ тэмцээнийг зохион байгуулалтын тал дээр их анхаарч байгаа. Чөлөөт бөхийн олон улс дахь таагүй мэдээлэлд хариу өгөх анхны тэмцээн манай улсад болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм. Чөлөөт бөхийн үзэгч цөөрсөн, тасалбар борлуулалт муудсан хэмээн олон улсын олимпийн хороо дүгнэж байна. Тиймээс манай ард иргэд энэ тэмцээнийг дэмжиж үзэхийг уриалж байна. Энэ тэмцээнд оролцох манай тамирчид хотоос зайдуу “Говь” клубт бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа.

-Танай холбоо Үндэсний шигшээ багт хэдэн тамирчны нэрийг өгсөн бэ?
-Шигшээ багийн сонгон шалгаруулалтын журмын дагуу тамирчдаа сонгоод Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Одоо бидэнд яамнаас гарах шийдвэрийг хүлээх л үлдсэн.

-Шигшээ багийн сонголт удаашралтай байгаа нь тамирчдад хүндрэлтэй байна?
-Чөлөөт бөх ч гэлтгүй жүдо, бокс гээд топ спортын төрлүүд маань улсын аварга, нэрэмжит тэмцээнээ явууллаа. Гадаад дотоод тэмцээнүүдэд тамирчдаа сорьсоор л байна. Тамирчид бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаар тасрахгүй байгаа.

-Энэ шигшээ багт багтах тамирчдын тоонд өөрчлөлт гарсан уу?
-Шигшээ багийн тамирчны нэг сарын цалин 150 мянган төгрөг байсан. Тамирчдын цалинг нэмсэн учир орон тоог хассан байх. Энэ шигшээ багийн төсвийг өмнөх жилүүдийнхээр бодож тооцсон гэсэн. Ирэх жилийн төсвийг нэмснээр шигшээ багт орох тамирчдын тоо өсөх байх.

Д.Жавхлан


URL:

Сэтгэгдэл бичих