“Орилоо” Гамбаа
Монголын шинэ үеийн улс төрийн босгыг ямар нэгэн татаа түлхээсгүйгээр давж, хууль тогтоох дээд байгууллагад орон зайгаа эзэлсэн цөөн хэдэн хүний нэг бол С.Ганбаатар. Англид ажиллаж, тэндээ номын дуу сонсож, нэлээд дөнгүүр эдийн засагч болоод эх орондоо ирсэн 2000 оны эхээр манайхан түүнийг хоббигоор нь “Фэнгшуй” хэмээн дууддаг болсон байлаа. Эртний монголчуудаас гаралтай гэх амьдрал ахуйн зан үйлийн энэхүү өвөрмөц номлолд олон хүн уруу татагджээ. Энд муу юм гэж юу байхав. Улс төр, ниймгийн ороо бусгаа цаг үеийн эрхээр мань хүн Ж.Батзандан, О.Магнай нарын тэмцэж эхэлсэн тэр өдрүүдээс хойш “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөө байгуулж, Сүхбаатарын талбайд суулт, өлсгөлөн хүртэл зарлаж, төр засгийнхан руу тун хатуу атлаа, үнэн үг чулуудсан юм. Ийнхүү Монголынхоо газар шорооны бүрэн бүтэн байдлын манаач болж буйг хүмүүс тэр дор нь ойлгож, дуу хоолойгоо нэгтгэж байна.
Одоо ч маргаантай хэвээр байгаа Оюу толгойн талаар тэр анхнаасаа хатуу байр суурьтай байв. “Рио Тинто”, “Айвенхоу майнз”-ын эрхмүүдтэй тулж, албаны автобусыг нь иргэдтэйгээ хамжин өргөж, түлхсээр онхолдуулж хаячихдаад “Та нар бүү давар” гээд зогсож байсан удаатай. Ер нь тэр ихээхэн омголон үзэлцсэн дээ, гадаадын болоод дотоодынхоо ноёдтой. Хожим нь харин Монголын Үйлдвэрчний эвлэл хэмээх “унтаа”, зөвхөн дарга нарын өмнө хааяа сэрж, тэдэнтэйгээ л ажиллахаас хэтрэхгүй шахам болчихоод байсан энэ байгууллыг толгойлох болсон нь ёстой нүдээ олсон явдал байв. Өдгөө Үйлдвэрчний эвлэлгүйгээр төр, засгийн түвшинд иргэдийн амьжиргааны аливаа асуудлыг шийдэхээ больжээ. Үнэндээ нөлөө бүхий “арми” болоод байна. Энэ бол түүний л ач гавъяа. Хэн ч булаацахгүй хөдөлмөр, зүтгэл нь яах аргагүй мөн дөө. Сүүлийн хэдэн жилийн турш Оросууд биднийг шатахуунаараа боож, үнэ нэмж чангалахад С.Ганбаатар л “орилж” байлаа, төр засгийнхан руу. Зарим нь түүний эсрэг өнөөх муухай улс төрийн хар пиараа хийхдээ “Орилоо Ганбаа” хэмээн шоглох аянтай юм болж байсныг яана.
Тэр жил 1690 төгрөг байсан шатахууны үнэ 270 төгрөгөөр нэмэгдэж иргэдийн бухимдлыг дахин төрүүлэв. С.Ганбаатар дахиад тэмцэлдээ босч, гурав дөрөвхөн өдрийн дотор үнийг буулган 1680 төгрөгт хүргэсэн юм. Гэвч энэ нь эмэгтэйчүүдийн баярт зориулсан ээлжит хямдрал байсан бөгөөд Засгийн газрыг атгандаа оруулсан импорлогч компаниуд дахиад 30 төгрөгөөр нэмнэ гэж мэдэгдэж байв. Гэвч МҮЭХ-оос бензиний үнийг ингэж нэмэгдүүлэх юм бол тэмцэх болно гэж хатуу мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл С.Ганбаатар ийнхүү хашалт үзүүлээгүй бол “Роснефть”-тэй хуйвалдсан манай импортлогчид сүйдэлж өгөх байсан биз.
Ер нь Үйлдвэрчний эвлэл ямархуу чухал байгууллага болохыг хүмүүс энэ хооронд маш сайн мэдэрчээ. Өнөөдөр сургууль, эмнэлэг, уул уурхай, тэр бүү хэл хүнсний зах гээд үйлдвэрчний эвлэл байгуулахгүй газар гэж алга. Сэтгүүлчдийн дунд ч ийм байгууллага зайлшгүйг тэр удаа дараа хэлж байлаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийн эсрэг С.Ганбаатарын “арми” сүүлийн жилүүдэд тун шаргуу тэмцэл тавилаа. Ахиц амжилт ч гарч байна.
Оюу толгой, Таван толгой дээр мөн ялгаагүй. Сангийн сайд асан С.Баярцогттой хийсэн түүний мэтгэлцээн, үүний дараа хийсэн мэдээллүүд нь үндсэндээ энэ хоёр толгойн гэрээний далд хуйвалдааныг ил болгов. “Орилоо” гэж шоолж байсан эсрэг талынхан нь одоо түүний үгээр намирч байна. Удахгүй Оюу толгойн гэрээнд нааштай өөрчлөлт хийж чадах байх. УИХ-ын гишүүдийн дунд уул уурхайн бүлэг, ажлын хэсгүүд байгуулсан нь ч С.Ганбаатарын “Орилсны” ач гавъяа мөнөөс мөн дөө.
Б.Отгонбаяр
URL: