“Долдугаар сарын 1”-ний үймээн дэгдээгчдийг олны өмнө зарлана
Өнгөрөгч 2008 оны сонгуулиар ялагдал хүлээсэн улстөрийн хүчин сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас “Долдугаар сарын 1” хэмээх их үймээн дэгдэж, тавын таван хүний аминд хүрч, багагүй хөрөнгө сүйтгэсэн билээ. Энэхүү үймээн дэгдээгчдийг тухайн үед цагдан хорьж, шалгаж байсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй сулласан. Тиймээс өдгөөгийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрөгч гурван жилийн турш хэдэн хонгио халааслаж, энэ хэргийг би мэдэж байгаа, илрүүлнэ хэмээн явсан. Тэр ч бүү хэл баримтууд байгааг ч хэвлэлээр удаа дараа мэдэгдэж байв. Харин эрхэм гишүүн маань Хууль зүйн сайдын сэнтийд заларсан цагаас хойш энэ тухай дурдахаа больсон. Түүнчлэн үймээнийг зохион байгуулсан Ж.Батзандан УИХ-ын гишүүн болж, О.Магнай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга болсноор энэхүү хэргийн эзэд чимээгүй болсон.
Нөгөө талаас үймээнийг өдөөн турхирч, хурсан олны цөсийг хөөргөсөн тухайн үеийн Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж гээд энэ хэрэг замхарах тийшээ хандлаа. Уг нь Монгол Ардын Намыг засгийн эрх барьж байх үед энэ хэргийн талаар дорвитой дуугардаг байсан ч Ардчилсан нам олонхи болж засгийн эрхэнд гарсан цагаас хойш энэ тухай дурсах хүн нэг ч алга болсон. Хамгийн гол нь “Долдугаар сарын 1” хэмээх энэ хэрэгт тухайн үеийн цагдаагийн албан тушаалтнуудыг буруутгаснаар дуулианыг намдаахыг зорьсон. Тиймээс гэм зэмгүй цагдаагийн дарга нарыг ялласан нь зүгээр л ард түмний амыг хаах гэсэн улстөрийн шийдвэр хэмээн үзэх хүн ч цөөнгүй бий. Энэхүү үймээнийг зохион байгуулагчид болон өдөөн хатгагчид бүгд төрийн өндөр дээд албан тушаалд очсон. “Буян”-гийн хэмээх Б.Жаргалсайханыг эс тооцвол шүү дээ.
Энэ тал дээр өнгөрөгч хэдэн жилийн турш судалгаа хийж, хэрэг бүрдүүлсэн хэсэг хуульчид, цагдаагийн эрх мэдэл бүхий албан тушаал хашиж байсан хүмүүс хамтраад Төрийн бус байгууллага байгуулж, энэ хэргийн эздийг тодруулж, яллуулах нь зүйд нийцнэ гэж үзэж байгаа аж. Тэдний хувьд “Долдугаар сарын 1” хэмээх хэргийн талаар тодорхой баримтууд цуглуулсан бөгөөд хэргийн эздийг хөдлөшгүй баримтаар нотлох гэнэ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй, энэхүү аймшигт хэргийн үйл явдлаар баримтат кино хийсэн бөгөөд ард түмэнтэйгээ хамтарч шүүх аж. Тэдний баримтад урьд өмнө дурдагдаж байгаагүй олон зүйл байгааг ч хэлсэн. Үймээнийг хэн ямар журмаар хэний санаагаар үүсгэснээс эхлээд хэргийн үйл явц, хаанаас хүч нэмэгдсэн зэрэг бүгд байгаа юм. Тэр ч бүү хэл чулуу хаанаас хэний даалгавраар түүж байгааг баримтжуулсан дүрс байгаа бөгөөд хаанаас хэний мөнгөөр энэхүү үймээн дэгдээснийг ч баримтжуулсан аж. Аймшигт хэргийг илрүүлэхээр зэхэж байгаа хүмүүсийн хувьд нэрээ ихэд нууцалж байгаа бөгөөд цагаа болохоор хэвлэл мэдээллээр мэдэгдээд ажлаа эхлэх гэнэ. Эс тэгвээс эрх баригчдын зүгээс улстөрийн дарамт шахалт ирэхийг үгүйсгэх аргагүй юм гэлээ. Тэдний хувьд монголдоо нэртэй хуульчид, мөрдөгчид бөгөөд бүгд өндөр дээд албан тушаал хашиж явжээ. Хамгийн гол нь тэд ард түмэнтэйгээ хамтраад баримтаар шүүх бөгөөд эрх баригчдын зүгээс ямар нэг дарамт шахалт ирэхээс ихэд сэргийлснээ ч хэлсэн юм. Тийм ч учраас хөдлөшгүй баримттай энэ хэргийн эздийг хэвлэлээр нээлттэй зарлаж, дараа нь Улсын мөрдөн байцаах газар, Прокурорын газар, Улсын дээд шүүх гэсэн байгууллагуудад нэгэн зэрэг албан бичиг, хэргийн баримттайгаар ард түмний хамт хүргүүлэхээр төлөвлөжээ. Юутай ч хэсэг хугацаанд улстөрийн захиалгаар чимээ намдсан “Долдугаар сарын 1” хэмээх хэргийн гогцоо тайлагдах өдөр ойртож байгаа бололтой.
URL: