Утаагүй зуухны бизнес хөдөөд “цэцэглэжээ”

1_1360893030Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах олон төсөл хөтөл­бөрүүдийн хүрээнд гэр хорооллын айлуудад утаагүй зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулаад хоёр жил өнгөрлөө. Энэ ажил үр дүнгээ ч өгч байна. Тэр хэрээрээ зарим нэг хүмүүсийн хувийн бизнес ч болчихсон аж. Үр дүнгээ өгч байгаагаас нь дурьдвал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлийн агаар дахь тоосонцорын хэмжээ буурсан гэх үзүүлэлттэй гарчээ. Агаарын чанарын улсын мэргэжлийн албаныхнаас авсан мэдээгээр галлагааны оргил сарууд болох 10-12 дугаар сард түүхий нүүрсний шаталтаас ялгардаг хүхэрлэг хийн агууламж Улаанбаатар хотын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 22 хувиар, том ширхэглэгт тоосонцорын агууламж 19.3 хувиар тус, тус буурсан байна. Гэхдээ өнөөх түүхий нүүрсний хязгаарлалтын бүс, утаагүй зуух тараасан хороодод агаарын бохирдол хэр зэрэг буурсан бэ гэхэд төдийлөн оносон хариулт олдсонгүй. Уг нь их хотын агаарын бохирдлын тоосонцорын хэмжээг тооцож байхаар зургаан харуулыг тодорхой цэгүүдэд байрлуулсан юмсанж. Харамсалтай нь тэдгээр харуулууд яг онилсон байндаа тусаж байгаа нь нэлээд эргэлзээтэй гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид хэлж буй. Ямартай ч өмнөх жилүүдэд тоосонцорын хэмжээгээр өндөрт тооцогддог байсан нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр болох Баруун дөрвөн замын орчимд хүхэрлэг хийн дундаж агууламж 19.4, том ширхэглэгт тоосонцор 0.2 хувиар буурсан гэнэ. Эл бүсийг тэд боловсруулсан түлш түлэх хязгаарлалтын хэсэгт нэлээд ойр байдаг хэсэг хэмээсэн. За утааны асуудлаа ингэсгээд орхьё. Харин утаа бууруулагч гол хэрэгсэл гээд байгаа зуухны талаар ганц, хоёр саар мэдээ чих дэлслээ.

 

ХӨДӨӨНИЙХӨН ТАНИЛ, ТАЛААРАА ДАМЖУУЛАН УТААГҮЙ ЗУУХЫГ АВЧИХДАГ БОЛЖЭЭ

Агаарын чанарын үндэсний хороо­ны Агаарын бохирдлыг буу­руулах хэлтсийн мэргэжилтэн Б.Энхжаргал “Утаагүй зуухыг нийслэлийн гэр хорооллын айлуу­дын бараг 90 хувьд нь борлуулсан” гэж байсан. Нийслэлийн гэр хороололд одоогийн байдлаар 185 мянган айл, өрх бий. Тэгэхээр уг мэргэжилтний хэлсэн хувийг тоонд шилжүүлбэл одоо 18 мянга 500 айл зуух аваагүй байгаа гэсэн үг юм. Гэвч төрөөс хийж буй ажил түмэндээ яг таг хүрдэг болов уу гэсэн асуултын хариулт “хангалтгүй” гэх үнэлгээтэй гарч байна.  Яагаад гээч. Уг нь Цэвэр агаар сангийнхан, нийслэлийн Агаарын чанарын алба, Агаарын чанарыг бууруулах үндэсний хороо, Агаарын чанарын улсын мэргэжлийн алба, Мянганы сорилтын сан гээд утаатай тэмцэхээр олон байгууллага үйл ажиллагаа явуулж буй.  Тэдний утаа руу довтолсон эхний хэрэгсэл нь утаагүй зуух. Өөрөөр хэлбэл түлш бага зарцуулдаг, уушгинд очиж наалдан өвчин үүсгэдэг нарийн, бүдүүн ширхэглэгт тоосонцорын хэмжээг 70-90 хувь бууруулах увидастай шинэ төрлийн зуух. Энэ зуухыг зөвхөн нийслэлийн гэр хорооллын айлуудад хөнгөлөлттэй үнээр борлуулна гэж буй.

Гэтэл хөдөө орон нутгийн тэр дундаа зарим аймгийн төвийн гэр хорооллын айлууд утаагүй зуухыг арга сүвэгчлэн авдаг болчихжээ. Тэд яаж байгаад, ямар аргаар ийм сайхан зуухтай болчихов гэдэг асуулт гарч ирнэ. Эх сурвалжуудын хэлснээр Өвөрхангай аймагт л гэхэд ийм төрлийн зуух тавьсан айл олон бий гэнэ. Энэ айлууд Улаанбаатар хотод амьдарч буй хамаатан садан, мөн хороодод ажилладаг хүмүүсээр дамжуулан авдаг аж. Өчигдөр л гэхэд тус аймгийн нэгдүгээр хороонд амьдардаг миний нэг танил “Үгүй ээ, өнөөх утаагүй зуухаас ганц ширхэг олж авмаар байна. Хорооныхоо даргыг сайн таних уу. Тэгвэл хэдэн төгрөг нэмж өгөөд ч хамаагүй авах гэсэн юм. Манай танил айлуудын ихэнх нь тийм зуухтай болчихсон юм билээ. Уг нь хороодын захиргаанд сайн танилтай бол ядах юмгүй авчихдаг гэнэ лээ” хэмээн утас цохиж байна. Мэдээж хэрэг утааг бууруулахад далайд дусал нэмэр гэгчээр Улаанбаатар хотын нэг ч гэсэн айл түлшээ бүрэн шатаадаг зуухтай байвал тэр айлын эдийн засагт ч, эрүүл мэндэд нь ч сайнсан. Даанч харамсалтай нь төр засгийн ажлаас хумсалж байдаг хороодын эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцдог, хянадаг газар байна уу гэх хардлага төрүүлж эхэллээ.

 

2013 ОНД БҮХ АЙЛЫГ УТААГҮЙ ЗУУХААР ХАНГАЖ ЧАДАХ УУ

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 96 мянган зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулсан гэнэ. Энэ онд их хотын гэр хорооллын бүх айлуудыг дээрх зуухаар хангаж дуусах талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэлэв. Гэвч дээр дурьдсанаар уг зуух авах ёстой айлууддаа очиж чадаж байгаа болов уу. Арав, хориороо аймаг орон нутаг руу ченж, дарга нарын гараар дамжин борлогдож буй энэ байдал цаашид үргэлжилвэл Улаанбаатарын гэр хорооллын 185 мянган өрхийн иргэд хас, өлзий, дөл зуухтай болох мөрөөдөл талаар болж мэдэх юм. Нөгөөтэйгүүр бодлого хэрэгжүүлж буй байгууллагууд нь айл, өрх бүрээр явж ямар зуухтайг нь нүдээрээ үзээгүй болохоор зөвхөн цаасан дээрх борлуулсан тоогоороо олон нийтэд мэдээлэл өгч байгаа. Ер нь төрийн дээд байгууллагууд бүр тусгай ажлын хэсэг гаргаад энэ мэтчилэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг нарийвчлан хянадаг болгочихвол нэг их буруудахгүй байх.

Дашрамд дурьдахад хас зуухыг 57 мянга 700 төгрөгөөр иргэд худалдан авдаг. Ингэхдээ харъяа хорооны захиргаандаа бүртгүүлж, хүсэлт гаргасны үндсэн дээр авна. Мөн өлзий зуухыг 27 мянга 500, дөл зуухыг 23 мянган төгрөгийн үнээр борлуулж байгаа аж. Гэвч буруу гараар орвол энэ үнэ хоёр дахин нэмэгдэж орхино.  Түүнчлэн нам даралтын зуухыг энэ оноос эхлэн мөн л хөнгөлөлттэй үнээр борлуулахаар болсон. Уг зуухны үндсэн үнэ нь 500 гаруй мянган төгрөг. Гэтэл хямдарсан үнээрээ одоо 75-хан мянган төгрөгөөр худалдаалагдана. Ийм хямдхан ханшаар борлогдож байгаа бараанаас сүйхээтэй нэг нь арга сүвэгчилж орлого олох боломж ч өндөр болж байна.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих