Хосын баярыг “сингле”-чүүдийн баяр болгов
Өчигдөр гэгээн хайрын баяр “Валентин” болж өнгөрлөө. Энэ баярыг тохиолдуулан ганц бие хүмүүст зориулсан үдэшлэг цэнгүүн ихээр болов. Тэр нь найз залуу эсвэл найз охингүй эрчүүдэд зориулсан шоу ажээ. Хостой болохыг хүсэгчдийн цугларалт хосуудын болзооноос ч өнөр өтгөн байсан гэнэ. Гэтэл энэ асуудлыг бүрэн шийдэх боломжийг өмнөд хөрш маань хялбархан олсон ажээ. Энэ аргынх нь үр дүнд Хятадад найз бүсгүйгүй, найз залуугүй хүн олдохоо байж. Учир нь тус улсын хамгийн олон хандагчтай “Taobao” интернэт сайт найз залуугүй хүүхнүүдэд түрээсээр найзтай болох үйлчилгээг санал болгожээ. Ийм түрээсийн үйлчилгээ нь хоногийн ердөө 50 долларын үнэ хүрч байгаа аж. Гэхдээ үйлчилгээ болгон нь тусдаа үнэтэй юм. Оройн зоог хамтдаа баривал цагийн таван долларын хөлс төлөх хэрэгтэй. Хацар дээрээ үнсүүлэхийг хүсвэл найман доллар нэмэхэд л хангалттай. Ёс төдий найз залуу нь шинэ оны анхны шөнийг үйлчлүүлэгч эмэгтэйн гэр бүлтэй хамт өнгөрүүлэх шаардлага тулгарвал 80 доллар аваад тусдаа орон дээр унтана. Харин буйдан дээр унтвал 95 доллар авах гэнэ. Сонин шийдэлтэй энэхүү арга нь хөлсний ажлын өвөрмөц нэгэн төрөл гэж хэлж болно. Энэ нь соёлтой баярыг архи согтууруулах ундаанаас хол байлгах гэсэн нэгэн бодлого аж. Харин манай улс өмнөд хөршөөсөө өөр гэдгээ бүрэн харуулж чадлаа. Ямар нэгэн баярыг нэмэлт төлбөргүй тэмдэглэдгийг яруу тодоор харуулж чадаж байна. Ямар ч баярыг байгаа, байгаагаараа тэмдэглэж болохыг баталсан гэдэг ч юм уу. Хятад шиг түрээсийн найз залуутай болдог энэ асуудал олон зүйлд цэг тавина хэмээн найдах шаардлага бидэнд алга. Тэгээд ч монголчуудын хувьд баяр бүрийг алгасах дургүй зан нь улам бүр батжиж байх шиг. Баяр гэхээр л хөл нь газар хүрэхгүй баярлах дуртай монголчуудын баяр ч дуусахгүй нь үнэн юм. Барууны оронд өргөн тэмдэглэдэг валентиний баярыг манай орон “Сингле”-чүүдийн баяр болгож өөрчилж чадсанд хамаг гол утга нь байгаа юм. Тиймээс баяр бүхнийг өөрийн болгодог, баярлах гэж төрсөн монголчуудад түрээсийн найз залуу хэрэггүй аж. Валентин биш “Сингле”-чүүдийн баяр болчихсон юм чинь.
Э.Баясгалан
URL: