Таван тэрбумын үнэтэй нууц амраг

tatvarСаяхан найз бүсгүй­чүүд­тэйгээ ярьж суулаа. Дор бүр­нээ л амьдрал ахуйгаа ярил­цав. Тэгж байгаад нэгэн санаа­чилга дээр ихэд инээл­дэв. Тэр нь татварын бай­цаагчийн нууц амраг болох тухай. Нэг их сайндаа ч энэ сэдэв рүү орсон юм биш. Яриа халаад, амьдралын тө-лөө хэр­хэн зүтгэж, тэмцэж бай­гаа­гаа ярилцаад л тэр. “Бид нар ингэж зүтгээд байхад цаа­на чинь бас зүгээр сууж бай­гаад тэрбум, тэрбумаар нь халаасалдаг хүүхнүүд бай­даг гэнэ” гэх мэтээр. Гэхдээ бид тэр бүсгүйг азтайд тооцсонгүй. Бас нэг их адтай энэ тэрээр өр­гөмжилсөнгүй. Зүгээр л “Ай­даггүй юм байх даа” гэж өмнөөс нь яс хавтайж бай­гаа­гаа ярьж суулаа. Энэ бол амьдралынхаа төлөө шудар­гаар хөдөлмөрлөж, зүт­гэж яваа жирийн л нэг бүс­гүйчүүдийн яриа.

Монголчуудын олонх нь ч ингэж бодож байгаа. Эр, эм нь ялгаагүй. Бүгд “Зүтгэж байж сайхан амьдрах юм байна” гээд ардчиллын мөн чанарыг ойлгочихсон учраас тэр шүү дээ.

Гэтэл зарим нэг нь буюу цөөнх нь тийм биш аж. Цөөнх ч гэж төрийн нэрээр даргархаж, түмний мөнгөөр хөлжигчид. Тэд сайхан амьдралд хүрэх арга замыг огт өөрөөр боддог нь та бидэнд өдрөөс өдөрт аажим, аажмаар нотлогдох янзтай. Тэдний нэг нь Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх. Түүнийг өдгөө Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа. Гэхдээ ганцааранг нь бус. Тус газрын зарим нэгэн хурган дарга нар дээр нэмээд эхнэр, хүүхдийг нь хамт шалгаж буй. Зөвхөн эхнэр, хүүхэд нь ч бус нууц амрагийг нь хүртэл шүү. Энэ мэдээлэл монголчуудын дунд бөмбөг тэсрэх мэт л шуугиан дэгдээх шиг болсон. “Нууц амрагийнхаа дансанд 1-2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байж. Тэр ч битгий хэл хүү нь нөгөөх нууц амрагийнх нь данс руу дахин таван тэрбум төгрөг шилжүүлэх гэж байгаад баригдаж гэнэ” гээд л. Эдгээр мэдээллийн эх сурвалж нь Авлигатай тэмцэх газар. Ингэхдээ тэд зөвхөн Ч.Гансүх хийгээд түүний нууц амраг О.Бямбасүрэнгээр зог­сохгүй нэлээн олон хүнийг ний­лүүлж шалгана гэдгээ мэдэгдсэн. Холбогдогчид нь бүгд татварынхан. Татварынхны цаана мэдээж татвар төлөөгчид ч бий гэдэг нь дамжиггүй. Ингээд бодохоор тэр Ч.Гансүх гэх нэг хурган дарга, татварын бай­цаагч О.Бямбасүрэн нарын ард хэдэн холбогдогч гарч ирэхийг хэлэхэд хэцүү. Одоогийн байдлаар эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Авлигатай тэмцэх газарт 2000 орчим татвар төлөгчтэй холбоотой будилааны цаадхи үнэнийг олж илрүүлэх шаардлага байгаа гэх юм билээ. Тэгэхээр Ч.Гансүхийн гэр бүл хийгээд нууц амраг нь гэгдээд буй О.Бямбасүрэн нарын цаана өнөөдрийн дурсагдаж байгаа 5-6 тэрбум битгий хэл мөнгөний асуудал илэрч мэдэх юм. “Одоогийн барьж хориод байгаа татварынхны цаана урьдчилсан байдлаар 17 орчим тэрбум төгрөгийн хохирол яригдаж байгаа” гэх мэдээлэл ч дээрх хардлагын нотолгоо болно.

Ч.Гансүхийн тухайд Татварын ерөнхий газарт 21 дэхь жилдээ ажиллаж байгаа. Сүүлийн арав орчим жил нь хурган даргын алба хашиж буй. Энэ хугацаанд Татварын ерөнхий газрын дарга 3-4 удаа солигдоход тэр ажилдаа үлдэж чадсаар байсан гэдэг. Тэр ч бүү хэл Хяналт, шалгалтын хэлтэс дарга болсон. Энэ бол Татварын ерөнхий газрын хамгийн онцгой үүрэг бүхий хэлтэс бөгөөд зөвхөн татвар төлөгч төдийгүй татварын байцаагчдын ажлыг шалгаж, хянах үүрэгтэй гэд­гээрээ онцлогтой. Энэ эрх, үүр­гийнхээ хүрээнд тэрбээр зөвхөн нууц амрагийнхаа дансанд гэхэд 1-2 тэр­бум төгрөг төвлөрүүлж, улмаар төрсөн хүүгээрээ О.Бямбасүрэнгийн данс руу таван тэрбумыг шилжүүлэх гэж байж. Түүнчлэн Ч.Гансүх нь өмнө нь хадгаламж зээлийн хор­шооны шил, шилээ дарсан дам­пуурлын үеэр хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан ч уснаас хуурай гарч чадсан гэх юм билээ. Тэгэхээр түүний ард нэг бус нэлээд хэдэн нууц хадгалагдаж байхыг үгүйсгэх аргагүй юм. Татвар төлөгчдийн материалыг хуурамчаар бүрдүүлж, татвараас чөлөөлнө, хөнгөлнө. Үүний­хээ шанд авлига авч түүнийгээ хадгалахын тулд нууц амрагийнхаа данс руу гуйвуулга хийнэ. Гол нь энэ бүхэн ердөө л эхлэл. Өөр хэр олон татварын байцаагчийн эхнэр, хүүхэд, нууц амраг ийм будилаан будилаанд орооцолдсон байгааг бид мэдэхгүй. Эхнээс нь илрүүлж эхэлбэл тун сайн хэрэг. Хамгийн гол нь татвар төлөгч та бидний мөнгийг тэд ийн хулгайлж байна. Ердөө л татварын байцаагчийн үнэмлэх авсныхаа төлөө, Татварын ерөнхий газрын хурган даргатай гэр бүлийн харилцаа холбоотой болсныхоо төлөө. Тэд өөрөө, өөрсөддөө тэрбум, тэрбумаар нь “тэтгэмж” олгож, та биднийг элэглэн шоолж байна.

Ийм байхад бүсгүйчүүд бид яагаад “Татварын байцаагчийн нууц амраг болцгооё” хэмээн бяцхан наргиа хийж болохгүй гэж. Тэд төрийн дансанд орох ёстой байсан мөнгийг өөрийнхөө данс руу оруулж болдог. Өөрийнхөө данснаас нууц амрагийнхаа хадгаламж руу шилжүүлж чаддаг байхад жирийн иргэд бидэнд ямар эрх байгаа юм бэ. Ердөө л тэдний нуун далдалсан хөрөнгийг бэлтгэж, тэдэнд ханган нийлүүлэгч шиг ажиллах үүрэг л бий юу. Энэ янзаараа татварын байцаагч бүр нууц амрагийнхаа дансанд 5-6 тэрбум төгрөг хул­гайгаар хадгалаад байгаа ч юм билүү хэн мэдлээ. Энэ бол иргэн та бидэнд үлдсэн эцсийн хардах эрх. Төрд татвар төлөхгүй байх үндсэн шалтгаан. Нэг ёсны цаашид Авлигатай тэмцэх газар Ч.Гансүх хийгээд түүний хамсаатнуудыг илрүүлж, цаана нь өмгөөлөн хамгаалж, бөөцийлөн тэтгэж байсан ар талыг нь илрүүлэхгүй бол монголчууд бүгдээрээ татвар төлөхөөс тат­галзц­гаая. Эс бол бүсгүйчүүд нь бүгдээрээ татварын байцаагчийн нууц амраг болж, эр нөхрүүдээ тэтгэцгээе. Шу­дарга ёс гэж байхгүй болчихсон юм бол шударгаар амьдрах гэж чармайх хэрэг юу байна. Бусад хүмүүс ингэж л амьдардгийн бол шүү дээ.

ЖИЧ: Сайн сайханыг бодож ёс суртахуун, шударга ёсноос үл гажигчид олон байгаа гэдэгт итгэе.


URL:

Сэтгэгдэл бичих