Тэнгисийн цэргийн албан хаагчийг шалгаж эхлэв
Шумбагч онгоцны тухай нууц мэдээллийг БНХАУ-д дамжуулсан хэрэгт сэжиглэн Тайваний цэргийн прокурор нэгэн контр-адмиралыг байцааж эхэлсэн байна. Уг байцаалт нь өнгөрсөн намар Тэнгисийн цэргийн ус цаг уурын хэлтэст ажиллаж байгаад баригдсан Чан Чишинтэй холбоотой хэмээн Тайваний БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Луо Шоухэ мэдэгдсэн ажээ. Адмиралын нэрийг хэлээгүй ч түүний ажлаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа юм. Хэрэв энэ хэрэгт тэнгисийн цэргийн дээд офицер буруутай нь тогтоогдвол хэдхэн жилийн өмнө гарсан генерал Ло Шэнчэгийн эх орноосоо урвасан хэргээс дутахгүй том шуугиан дэгдээх юм. Генерал Ло нь Тайланд дахь Тайваний төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа БНХАУ-ын тавиурт өртөж элсэгдэн нууц мэдээлэл дамжуулж байгаад баригдсан юм. Түүнд 2011 онд шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон билээ.
URL: