Гадны багш нар арван жилийн дараахь Монгол улсын боловсролыг харж байна гэдэг

bagsh140БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдаад удаагүй ч хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй байгууллага болж чаджээ. Тэд багш шавийн нандин холбоог улам нягтруулж сайн багш, эрдэм боловсролтой ирээдүйд зөв хүн болж төлөвших монгол иргэнийг бэлтгэх үйлсэд чинхүү хүчин зүтгэж яваа билээ. Энэ чиглэлээр хийсэн сургалтууд нь ч эхнээсээ үр дүнгээ өгч байна. Энэ талаар тус институтын захирал Г.Сүглэгмаатай ярилцлаа.

-Багшийн мэргэжил дээшлүүлэх институт багш нараа чадавхижуулж, чанартай боловсон хүчин бэлтгэх тал дээр олон талт үйл ажиллагаа хийж хэрэгжүүлж байна?
-Тиймээ. Манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа бол таван жил тутамд багшийн мэргэжил дээшлүүлэх хөгжуүлэх сургалтыг зохион байгуулах байдаг. Энэ ажлынхаа хүрээнд бид он гараад нийтдээ 1500 гаруй багшид бүсчилсэн байдлаар мэргэжил дээшлүүлэх сургалтыг явууллаа. Монгол Улсын хэмжээнд нийт 27 мянга орчим сургууль цэцэрлэг, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн багш нар байдаг. Энэ сургалтад өмчийн хэлбэр хамаарахгүйгээр таван жил тутамд цэцэрлэг сургуулийн бүх багш нар хамрагдаж байх ёстой. Үүнээс гадна БШУЯ-ны чанарын шинэчлэлтийн бодлогыг танилцуулах зорилгоор нийтдээ 3000 гаруй сургуулийн удирдлага, менежер багш нарын төлөөлөлтэйгээр бүх аймаг, нийслэлийн дүүргийн бүх сургуулиудын дунд үндэсний хэлэлцүүлгийг хэд хоногийн өмнө зохион байгууллаа.

-Танай институт энэ оноос эхлэн Олон улсын хэрэглээний боловсролын төвтэй хамтарч ажиллаж байгаа гэл үү. Энэ том алхам шүү?
-Энэ төв дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг 1500 гаруй салбар байгууллагатай. Тиймээс бид хамгийн ойрхноор нь ОХУ дахь салбарыг сонгон авч хамтарч ажиллах санал тавиад одоо бидний хамтын ажиллагаа эхлээд явж байна. Арванхоёрдугаар сарын эхээр манай Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын багш нар арга зүйн технологийн лекц сонссон. Энэ лекц нь Хэрэглээний боловсрол нэртэй.

Хэдийгээр хэрэглээний гэдэг нь технологийн талын зүйл мэт энгийн, юмхнаар юм хийхэв гэдэг юм шиг сонсогдож байвч цаанаа маш өргөн утгыг агуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл, яаж олж авсан мэдлэг боловсролоо хэрэглээ болгож ашиглах вэ гэсэн утга санаа явж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай яамнаас гурван хөтөлбөр гарсан байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу “Зөв монгол хүн” хөтөлбөр батлагдаад БШУЯ-ны хувьд боловсрол чанарын шинэчлэл хийе, нэг ёсондоо хүүхдүүдэд чанартай боловсрол олгоё гэсэн том зорилт тавьсан.

Энэ хүрээнд “Багшийн хегжил”,” Авьяас”, Ном” гэсэн гурван том хөтөлбөр батлагдсан. Энэ дагуу багш нарыг яаж хөгжүүлэхэв, авьяасаар нь дамжуулж хүүхдийг яаж нээхэв, хэрхэн өөртөө итгэлтэй болохов, яаж амаар дамжуулж сургаж, сурахидэвхийг нь өрнүүлэхэв гэсэн гурван том програмыг Боловсролын яаманд дэвшүүлж тавьсан байгаа. Үүний үндэс суурь нь яах аргагүй Багшийн хөгжил хөтөлбөр юм. Өнөөдөр нийгэмд багшийн нэр хүнд, байр суурь ямар байгаа билээ гэдгийг давхар ажлаараа хүртэх ажлыг гүйцэтгэхийн сацуу багш нарын нэр хүндийг өсгөх явдал манай яам болон манай институтын томоохон үүрэг юм.

Тиймийн тулд сайн багш сайн эрдэм боловсролтой, чанартай боловсон хүчин бэлтгэж байж тухайн багшийн нэр хүнд өсөх учиртай. Тиймээс хэрэглээний боловсрол төвийн зааварлагч багш нараас бүрдсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон сургалтуудыг хийдэг. Энэ нь тав хоногийн хугацаатай зохион байгуулагддаг юм. Багшид одоо тогтсон байгаа хэв загварыг яаж эвдэж дахин шинээр гарах боломжийг олгох вэ, яаж хүүхэдтэйгээ зөв харьцах вэ, хүүхдийн сурахад нь саад болоод байгаа бэрхшээлийг яаж олж харах юм, яаж хүүхэд бүрийг сургах вэ гэдэг томоохон зорилгыг багшаар дамжуулж, хийж чадна.

Энэ сургалтын технологи бид нарын хүсээд байгаа, хийх гээд зориод байгаа зорилготой маань маш сайн таарч байгаа. Энэ урилгыг хүлээж аваад ирж оролцож байгаа гадны багш нар маань ч гэсэн танай боловсролын салбар үнэхээр чухал программ дэшүүлсэн байна, бид олон газар үйл ажиллагаа явуулж, олон олон газар лекц уншиж байсан. Гэтэл Монгол шиг хүүхэд болгоноо орхилгүй сургадаг технологитой арга зүйтэй багшийг бий болгоно гэсэн газар байхгүй. Боловсролын салбар ингэж шинэчлэгдэж байж хүүхдэдээ чанартай боловсрол олгох ёстой.

Энэ үнэхээр ухаалаг санаа байна, яаж хүүхдийн авьяасыг нээж, номонд дуртай болгох вэ, яаж багш хүний хөгжлийг хангах вэ гэдэг мэргэн санааг яаж олж харав, гэж хэлж байсан. Олон улсын хэрэглээний боловсролын төв 70-аад оны эхээр АНУ-д байгуулагдсан. Ялангуяа баруун Европын орнуудад дэлгэрсэн дээрх технологиор сургалтаа явуулдаг, энэ технологийг сууриа болгон сургалтаа явуулдаг их дээд, арван жилийн сургууль, цэцэрлэг олон байдаг. Тиймээс бид энэ сургалтыг авснаараа багш нарынхаа нүдийг нээж, багш нартаа ажиллах итгэл, эрч хүч өгч чадна гэж бодож байгаа.

-Та гадны багш нар манай боловсролын салбарын дэвшүүлсэн програмыг сайшаадаг гэж дээр хэллээ. Үнэхээр л зөв санаа арга барилыг тусгаж чадаж дээ?
-Хүүхдээ сайн сургая гэсэн чин хүсэл багш бүрт л байгаа шүү дээ. Гэхдээ бид өөрсдийгөө магтуулах нь чухал биш. Би тэднээс та нар гадны хүний нүдээр яаж харав гэж би асуудаг. Гэтэл тэд үнэхээр танай багш нарын бүх зүйл нь нээлттэй байна, бид энэ сургалтыг явуулахад амар хялбар биш, өөр технологитой сургалт. Яагаад гэвэл уншсан лекцээр нь өөрсдөөр нь дадлага ажил хийлгэдэг. Энэ нь багш нарт түвэгтэй, зарим нь би багш байж яахаараа ийм зүйл хийх ёстой юм, надад хүн заах ёсгүй ч гэдэг юм уу тэр үүднээсээ бэрхшээлтэй санагддаг байж болох юм.

Гэтэл түүнийг монгол багш нар давж гарч чаддаг. Тийм учраас тэд танай яамнаас гаргасан бодлого үнэхээр зөв байна, багш нар ч өөрсдөө хөгжиж, би ийм зүйлийг мэдэж авах ёстой юм байна гэдгийг ойлгож байна. Багш нар тань ийм нээлттэй, боловсролын салбарт тань ийм ойлгомжтой, зөв програмыг дэвшүүлчихсэн байгаа нөхцөлд танай багш нар сайжирна. Би арван жилийн дараахь Монгол Улсын боловсролыг харж чадаж байна гэж бидэнд урам зориг өгсөн сайхан үгсийг хэлж байгаа. Энэ сургалтад 400 бага ангийн багш оролцсон. Хэдийгээр манайх шинэ байгууллага ч гэсэн шинэ соргог өөрчлөлтүүдийг хийе, уначихсан байгаа энэ салбарыг яаж өөд нь татах вэ гэдгийг илүүд бодолцох ёстой. Ер нь монгол хүний оюун ухаан шиг эрхэм баялаг зүйл үгүй. Тиймээс бид эрдэм боловсролд илүү анхаарч ирээдүйд зөв хүн болж төлөвших монгол иргэнийг бий болгохыг зорьж ажиллаж байгаа. Үүний тулд ямар арга зүйн шинэ технологи байна тэр бүхнийг гаргаж ирж түүнийгээ ажил хэрэг болгох нь чухал.

-Тэгээд ч 2013 оныг “Боловсролын технологийн шинэчлэл” болгохоор зарласан гэсэн байх аа?
-Манай институт, Боловсролын хүрээлэн хамтраад 2013 оныг Боловсролын технологийн шинэчлэл болгоё гэж зарласан байгаа. Үүнтэй холбогдуулан боловсролын технологийн хөгжлийн үндэсний санг байгуулж, үүгээрээ дамжуулан вэб сайт нээсэн. Энэ нь газар бүрт байгаа шилдэг арга зүй, технологид хүүхдийг сургаж чадаж байгаа. Хүүхдэд чанартай боловсрол олгож, хүүхэд бүрийг хөгжүүлж чадаж байгаа тэр нь тодорхой үр дүнд хүрсэн багшийн технологийг түр үнэлж аваад бусад багш нарт түгээн дэлгэрүүлэх үүднээс дээрх технологийн санг нээсэн.

Энэ ажлын хүрээнд дөрвөн багш шалгарсан. БШУ-ны сайд бид 300 гаруй багшийг энэ технологийн салбарт бүртгэж авна, ингэхдээ ямар арга зүй, технологитой багшийг бүртгэж авах тал дээр тодорхой удирдамҗууд бэлэн болсон. Үүнд тодорхой хугацаа зарлаад комисс бүртгэж авах ажил эхлэх байх. Энэ бол багш бүрт нээлттэй. Бүх багш нарт бид хүрч ажиллаж чадахгүй учраас энэ сангаар ороод ойлгохгүй зүйлээ асууж болно. Үнэхээр энә технологийг хэрэгжүүлье гэвэл тухайн багшийн ажлыг ингэж үнэлдэг юм, ингэснээрээ хүүхэд чанартай боловсрол эзэмшинэ.

Үүний дараа ирээдүйд зөв хүн болж төлөвших ёстой гэх мэтээр арга зүйн зөвлөгөө өгнө. Бид өмнө нь хянадаг, зааварладаг бай-сан бол харин одооноос арга зүйн зөвлөгөө өгч, болж байгааг нь урамшуулж, болохгүйг нь засч өгдөг хамтарч ажилладаг байгууллага байхын төлөө багш нартайгаа ажиллаж байна. Хамгийн гол нь ёс зүйтэй, өндөр ур чадвартай багш байж багш нийгэмд хүлээн зөвшөөрөгдөнө шүү дээ. Тиймээс бүх багш нараа тийм болгохыг зорьж байгаа. Бид энэ жил төлөвлөж байсан ажлуудаа сайн шахаж хийж чадсан. Өнөөдрийн байдлаар сургалтаараа дамжуулан гадны байгууллагатай хамтран нэг хэлэлцүүлэг, чанарын шинэчлэлийн бодлогыг танилцуулах зорилгоор 7000 багшид хүрч ажиллалаа. Цаашдаа бүх багш нартаа хүрч ажиллаж, энэ үйл ажилагаа маань улам өргөжин тэлэх учиртай юм гэлээ.

Д.Нэргүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих