Сармагчин эмэгтэй-г 150 жилийн дараа хөдөөлүүллээ
XIX зуунд “сармагчин эмэгтэй” нэрээрээ алдаршиж байсан Юлия Пастранаг нас барснаас нь хойш 150 жилийн дараа төрөлх Мексикт нь хөдөөлүүллээ.
1860 онд өөд болсон Пастранагийн занданшсан шарилыг цагаан сарнайгаар чимэглэсэн цав цагаан авсанд оршуулсан байна. Сүүлийн жилүүдэд шарилыг Ослогийн их сургуулийн анатомийн танхимд хадгалж байсан аж. Пастранагийн төрсөн газар болох Синалоа мужийн эрх баригчид түүнийг оршуулах хэрэгтэй хэмээн шарилыг нь эргүүлэн өгөхийг эртнээс шаардсаар ирсэний хүчинд Норвегийн Хүн судлалын Үндэсний хорооныхон зөвшөөрсөн аж.
XIX-XX зууны үеэр нэлэнхүйдээ илүүдэл үс ургадаг гипертрихоз хэмээх өвчнөөр шаналж байсан Пастранаг “сармагчин эмэгтэй” эсвэл “баавгай эмэгтэй” хэмээн дэлхий даяар үзүүлж байсан юм. Тэрээр 134 см намхан биетэй байсан бөгөөд бүх бие нь үсээр бүрхэгдсэн, нүүр царай нь сармагчныг санагдуулам урагшаа түрсэн эрүүтэй, богинохон духтай, том чих, хамартай байжээ. Түүнийг анх Америкийн нэгэн бизнесмэн олоод Европт авч ирж “үзүүлэнгийн амьтан” болгон ашиглаж эхэлсэн гэдэг.
Юлия Пастрана 26 насандаа Москвад хийж байсан үзүүлбэрийнхээ үеэр төрсний дараах хүндрэлээс болж нас баржээ. Хүүхдэд нь түүний өвчин удамшсан байсан ба хэдхэн хоногийн настай байв.
Пастранаг нас барсны дараа түүний менежер бас нөхөр Теодор Лент Москвагийн их сургуулийн эрдэмтдээс эхнэрийнхээ биеийг занданшуулж өгөхийг хүссэн байна. Үүний дараа тэрээр шарилыг нь шилэн хайрцагт хийн олон оронд очин үзүүлж, мөнгө олж байсан гэдэг.
http://www.orloo.info/readfull/entertainment/sonin-hachin/11730-sarmagchin-emegtei
URL: