Боловсрол ашигтай юу?

бы556бы56быCайн бизнесмен зөвхөн үр ашигтай бизнест л хөрөнгө оруулалт хийдэг. Итгэлт баян шиг “Нэгийг гаргаад арвыг олох” гэж мөнгө зарахаас биш унацгүй наймаанд сохор зоос ч хялаалгахгүй. Тэгвэл хувь хүний хувьд хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсрол, тэр тусмаа дээд боловсрол. Тийм ч учраас эцэг эхчүүд байдгаа барьцаалан хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийг хичээдэг биз ээ. Гэвч тэдний хөрөнгө оруулалт эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж чадаж байна уу?

Монголын их дээд сургуулиудын сургалтын төлбөр бусад улс орнуудтай харьцуулбал харьцангуй хямд ч гэлээ, дундаж цалин хөлстэй харьцуулахад тийм ч бага биш. Сургалтын төлбөрөөс гадна байр хоолны зардал, бичиг хэрэг, унааны мөнгө гээд элдэв зардал мундахгүй. Гадаад явбал бүр ярих юм биш. Дээр нь сурахын оронд ажилласан тохиолдолд авах цалин буюу алдагдсан боломжийн зардлаа нэмбэл зардлын хэмжээ талийж өгнө.

Дотоодын их дээд сургуулийн нэг жилийн өртөг (сургалтын төлбөр, бичиг хэрэг, унаа, г.м. зардал) дунджаар 1,500,000 орчим төгрөг байдаг гэж бодвол дөрвөн жил сурахад ойролцоогоор 6,000,000 төгрөг шаардагдана (алдагдсан боломжийн зардал болон инфляцийг тооцсонгүй). Үр өгөөж нь дээд сургууль төгссөн тохиолдолд авах цалин хэдэн хувиар нэмэгдэх вэ гэдгээр хэмжигдэх ёстой.

Арван жилээ төгсөөд шууд ажилд орвол сарын 300 мянган төгрөгийн цалинтай ажиллах боломжтой, харин бакалаврын зэрэгтэй болсон тохиолдолд сарын 350 мянган төгрөгийн цалинтай ажилд орох боломжтой гэж бодъё. Энэ тохиолдолд их дээд сургуулийн диплом сарын 50 мянган төгрөг буюу жилийн 600 мянган төгрөгийн нэмэлт орлого даллах буюу хөрөнгө оруулалтынх нь жилийн өгөөж 10 хувьтай тэнцэнэ.

Монголбанкны бодлогын хүү 11 хувь байхад 10 хувийн өгөөжтэй наймаа хийх нь тийм ч ухаалаг хэрэг биш гэдгийг захын наймаачин хэлэх биз. Гэхдээ энэ бол төсөөлөл төдий тооцоолол, илүү бодитой тооцоо хийхийн тулд боловсролын түвшин, цалин хөлсний хамаарлыг нарийвчлан судлах хэрэгтэй болно.

Гэвч ийм судалгаанд цаг зав, хөрөнгө мөнгө зарах шаардлага байна уу, үгүй юу? БСШУЯ-ны мэдээлснээр, 2009 онд улсын хэмжээнд 33 мянган оюутан их дээд сургуулийн диплом гардан авснаас ердөө 13 мянга нь сургууль төгссөн даруйдаа ажлын байртай болжээ. Дор хаяж зургаан сая төгрөг, дөрвөн жилийн үнэтэй их сургуулийн дипл ом эцсийн бүлэгт ямар ч үр ашиггүй зүйл болдог гэсэн үг.

Ажлын байр хомсдолтой болсон энэ үед хоёрын хооронд хуульч, эдийн засагч үйлдвэрлэхийн оронд ихээхэн эрэлт хэрэгцээтэй гэгддэг слесарь, барилгачин, мужаан бэлдэх бодлого баримталж буй. Гэвч бас л буруу тооцоолсон бололтой. 2009 онд 11.2 мянган хүүхэд МСҮТ-д суралцаж төгссөнөөс ердөө 4 мянга нь төгссөн даруйдаа ажилд оржээ.

Дээрх тоо баримтыг нэгтгэвэл, 2009 онд улсын хэмжээнд 44.2 мянган их дээд сургууль, МСҮТ-ийн дипломтой, мэргэшсэн боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлд хөл тавьжээ. Тэдэн дээр ерөнхий боловсролын сургуулийн 9, 11 дүгээр ангийг төгссөн, дахин суралцаагүй 10 орчим мянган хүүхэд, мөн 2008 оны эцэст ажилгүй байсан 31.5 мянган иргэдийн тоог нэмбэл 85.7 мянга гэсэн тоо гарна. Энэ бол тухайн жилд шаардагдаж байсан ажлын байрны тоо.

Тэгвэл 2009 онд шинээр бий болсон ажлын байрны тоог сонирхъё. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэдээлснээр, өнгөрсөн онд ердөө 50 мянган ажлын байр шинээр бий болжээ. Дийлэнх нь дээд боловсрол шаардлагагүй орон тоо. Хөдөлмөрийн зах зээл нь ийм байгаа учраас л “дээд боловсролтой малчин”, “англи хэлтэй худалдагч” гэх үзэгдэл газар авах болсон гэлтэй.

Өөрөөр хэлбэл, жил бүр ажиллах хүчний эгнээг тэлэх тэр олон мянган залуусыг ажлын байраар хангах түвшний эдийн засгийн өсөлт төдийлөн ажиглагдахгүй байна. 2009 онд 11 дүгээр анги төгссөн хүүхдүүдийн 81.3 хувь буюу 32.6 мянга нь тухайн жилдээ их дээд сургуульд элссэн бол 8.5 хувь буюу 3.4 мянга нь МСҮТ-д элсэн оржээ. ЕБС төгсөгчдийн 90 гаруй хувь нь ийнхүү дахин суралцдаг нь дэлхийд дээгүүр орох үзүүлэлт. Их дээд сургууль бараадах нь “нэгэнт ажил олдохгүйгээс хойш ядаж сурсан нэр зүүе дээ” гэсэн аргаа барсан хүний мэх гэж үү.

Дээр нь “хөөрхий муу ганц хүүхдээ номтой хүн болгож байвал бусад нь ч яах вэ” гэж боддог Монголчуудын сэтгэхүй хувь нэмэрлэнэ. Боловсрол маш чухал гэдэг нь маргаангүй. Боловсрол сайтай хүмүүс шинэ технологи хурдан эзэмшдэг төдийгүй илүү хариуцлагатай, илүү санаачлагатай, илүү өндөр бүтээмжтэй байдаг. Энэ нь эргээд эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх учиртай. Тийм ч учраас эдийн засагчид боловсролыг чухалчилдаг билээ.

Нөгөө талаас, өдөр тутмын сонинд ажлын байрны зар пиг дүүрэн байхыг харвал чадвар сайтай хүүхдийн хувьд хангалттай боломж бий. Гэхдээ сонин хэвлэлд нийтлэгддэг ажлын зарын дийлэнх нь дор хаяж менежерийн албан тушаалын орон тоо байдаг. Өндөр боловсролтой, тодорхой дадлага туршлагатай ажилтны эрэлт харьцангуй их байдаг ч, тэдгээр орон тоонд тэнцэх хүмүүсийн тоо хязгаарлагдмал байдаг учраас л ажил олгогчид “Сайн ажилтан олдохгүй байна” хэмээн гомдолж сууна. Монголын их дээд сургуулиуд төгсөгчиддөө хангалттай чадвар эзэмшүүлж чаддаггүй хойно яалтай ч билээ.

Ажил олгогчийн хамгийн наад захын шаардлагыг хангадаггүй хирнээ “мэргэжлээрээ ажиллах сонирхолтой” энэ олон дипломтонг яах вэ? Тэд нэгэнт дөрвөн жил суралцаж мэргэжил эзэмшсэн болохоор цэвэрлэгч, манаач болохыг хүсэхгүй. Энэ нь эргээд эдийн засагт дарамт учруулна.

Нөхцөл байдал ийм байхад Засгийн газар “Хүний хөгжил сан”-гаас оюутны сургалтын төлбөрийн тал хувийг төлөх санал гаргасан нь харамсалтай санагдаж байна. 2009-2010 оны хичээлийн жилд дотоодын их дээд сургуульд 164,773 оюутан суралцсан, мөн бакалаврын зэргийн сургалтын төлбөр дунджаар 600 мянган төгрөг байсан гэж бодвол дотоодын их дээд сургуулийн сургалтын нэг жилийн өртөг 100 орчим тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэ жил сургалтын төлбөр огцом нэмэгдсэнийг эс тооцвол Засгийн газрын санаачлагыг хэрэгжүүлэхэд дор хаяж 50 орчим тэрбум төгрөг шаардагдах аж. Хэрэв энэ мөнгийг иргэдэд бэлнээр тараавал иргэн бүрт 20 орчим мянган төгрөг ноогдох юм.

Нэгэн шинэ Монголын хэлснээр, “200,000 ам.доллар зарж хүүгээ Америк руу сургуульд явуулах уу? Эсвэл хүүдээ 250 сая төгрөг бэлнээр өгөөд амьдралыг нь бодуулах уу?” Хүү нь Америкт очоод сурч боловсрохоосоо илүүтэй аавынхаа мөнгөөр туйлж, зугаа цэнгэл хөөж байгаад ирэхийг үгүйсгэхгүй. Сурч боловсроод ирж юуны магад гэж бодоод нүдээ аниад явуулах уу, эсвэл хоолны мөнгийг нь бэлдэж өгөөд санаа амар нүд аних үү? Монголын Засгийн газар яг л ийм шийдвэрийн өмнө зогсож байна.

Засгийн газар 160 мянган оюутны сургалтын төлбөрийн тал хувийг даадаг юм байж. Энэ нь боловсролыг чухалчилж байна гэдэг утгаараа хүмүүст бэлэн мөнгө тараахаас илүү таалагдах нь ойлгомжтой. Гэхдээ их дээд сургуулиудын сургалтын чанар бахь байдгаараа үлдэх юм бол энэ мөнгө огт үр ашиггүй хөрөнгө оруулалт болоод дуусна. Боловсролыг тахин шүтэж болно, гэхдээ тэр нь хүний хөгжилд дорвитой хувь нэмэр оруулдаг байх ёстой, эс тэгвээс хэнд ч хэрэггүй зүйл болж хувирдаг. Дээр нь хангалттай ажлын байр бий болгохгүй бол “Хүний хөгжлийн сан”-гийн мөнгөөр боловсрол эзэмшсэн дипломтонгууд төд удалгүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, төр засгийн гарыг хардаг хүмүүсийн тоог нэмж таарна.

Аргагүйн эрхэнд “ажилгүй сэхээтэн” бэлдэж, баялаг бүтээх чадваргүй бакалавруудад олон тэрбум төгрөг цутгахын оронд бодит ажлын байр бий болгох зүйлд хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн өсөлтөө сайжруулмаар байна. Хажуугаар нь их дээд сургуулиудынхаа сургалтын чанарт анхаарал тавьж, ажил олгогчдын шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлдэж сурах хэрэгтэй байна. Хязгаарлагдмал төсвөө ухаалгаар зарцуулахгүй бол урт хугацааны хөгжлийн талаар яриад ч хэрэггүй гэдгийг ойлгох цаг болсон доо. Даанч Монголд урт хугацааны үр өгөөжийг хардаг буюу “нэгийг гаргаад арвыг олох”-ыг боддог хүн ховордсон бололтой…

976


URL:

Сэтгэгдэл бичих