PC тоглоом хорт хавдраас илүү аюултай
Өдрөөс өдөрт даяарчлагдаж буй өнөө үед хүйтэн дайны улбаа болон мэдээллийн дайн өрнөж эхлээд байна. Энэ дайн нь бууны гох биш маус /хулгана/-ны даралтаар үйлдэгдэж байгаа юм.
2011 онд гэхэд л манай улсад 50 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлсэн баримт байдаг. Энэ өвчнөөр ихэвчлэн 10-18 насныхан өвчилдөг аж. Эмчлүүлж байгаа хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь сэтгэцийн эмч нарын санааг зовоосон асуудлын нэг болоод байгаа.
Мөн эмчлүүлж байгаа хүүхэд цөөн боловч цаана нь мэдэгдэхгүй, эмнэлэгт хандаагүй өвчтөн олон байгаа гэдэг нь ойлгомжтой. Түүнчлэн компьютер тоглоомд донтох гол шалтгаан нь өсвөр наснынхны сониуч зан, мөн удаан хугацааны стресс нөлөөлж байдаг.
Монголд сүүлийн таван жилд өсвөр насныхан “Коунтор Страйкер” Дота, гэх тоглоомыг ихээр тоглож буй нь гэмт хэрэгт ихээхэн холбогдох болсны шалтгаан байдаг. Энэ үйлдлийг дэлхийд “Кибер дайн хэмээн нэрийдэх болсон”.
PC тоглоом бидний ирээдүйг хөнөөж байна
Одоогоос таван жилийн өмнө манайд компьютер тоглоомыг сонирхон, тоглож эхэлсэн бөгөөд донтогсод харьцангуй бага байсан билээ. Харин одоо интернэт тоглоомын газрууд хаа сайгүй болж, бидний ирээдүй болсон хүүхдүүд донтож, дэлхийн хэмжээнд онц аюултай гэгдэх болсон сэтгэцийн өвчнөөр өвчлөх болсон нь харамсалтай.
Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвөөс PC тоглоомд донтогсод жил ирэх тусам нэмэгдсээр байгааг сануулсаар байна. Сүүлийн тавдугаар сард гаргасан статистик тоо баримтаас үзэхэд хурц хэлбэрээр донтсон 18 хүүхэд эмчлүүлсэн бөгөөд өмнөх онд 50 гаруй хүүхэд хэвтэж эмчлүүлж байжээ.
Хүүхдүүдийн компьютерт донтож буй шинж тэмдэг нь худлаа ярих, хулгай хийх, уруу татагдах, ааш зан нь эвдрэх, айх мэдрэмжгүй болох, мансуурах байдлаар илэрдэг гэнэ. Хамгийн эмгэнэлтэй нь РС-нд донтохоос гадна сүүлийн үед хараа, сонсгол муутай, мэдрэлийн хэт ядаргааны улмаас нүүр, ам нь татдаг, ухаан алддаг, хий юм хардаг болдог байна.
Мэргэжлийн эмчийн хэлснээр насанд хүрсэн хүн өдөрт 40 минутаас илүү хугацаагаар компьютерийн урд суухад л мэдрэлийн эсүүд цочролд орж, судас нарийсдаг байна. Мөн энэ өвчнөөр ихэвчлэн бага насны болон өсвөр насныхан өвчилдөг нь тэдэнд PC тоглоомоос өөр чөлөөт цагаа өнгөрөөх газар дутмаг байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
Монголд PC тоглоом тахал мэт газар авч байгаа
PC тоглоомд донтож тоглосноос эрүүл мэндээрээ хохирч буй хүүхдүүд олширлоо. Сүүлийн үед PC тоглоомд донтогчийн тоо өссөөр байгаа гэж мэдээллээ. Энэхүү тоглоомд автсан хүүхэд түргэн ууртай болж толгой нь өвдөн, ядаргаанд ордог тул анхаарлаа хандуулахад гэмгүй аж.
Одоогоос хэдхэн жилийн өмнө компьютер тоглоомд донтохыг сэтгэцийн өвчин гэж үздэггүй байсан. Гэтэл одоо дэлхийн хэмжээнд онц аюултай өвчний тоонд ордог болсон аж. PC тоглож буй хүүхдүүдийн яриагаар бусад төрлийн тоглоом, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газар цөөн, хэтэрхий үнэтэй учраас өөр сонголт байдаггүй хэмээн тоглогчид хэлсэн байна.
2010 онд Шархадны эмнэлэгт 19 настай А гэгч PC тоглоомд донтож гэрийнхнийхээ шахалтаар 14 хоногийн турш хорионд байгаад, сүүлдээ Шархадны эмнэлгээс эдгэрэх биш харин ч эсрэгээрээ хүнд архаг өвчтэй болон гарсан байна. Эмчийн хэлснээр ширээний ард суусан бол, гарт тааралдсанаа маус болгон ашиглаж PC тоглож байгаа мэт дүрслэл үзүүлж, унтахгүй 23 хонодог байжээ. Үүнээс болж тархинд нь харвалт өгч байсан түүх бий. Энэ бол зүгээр нэг хүний жишээ болохоос үүнээс аюултай донтогчид одоо хүртэл байгааг үгүйсгэхгүй.
Улаанбаатар хотод 2009-2011 онд РС-нд донтогчид гэх судалгаагаар 589 хүн бүртгэгдсэн байна.
Австрали улс PC тоглоомыг хориглодог
Австрали улсад 2011-2012 онд PC тоглоомын уршгаар 54 хүн хорвоог орхиж, 12 хүн дээрмийн хэргээр баригдаж, хоёр хүн суудлын өвчтэй болж бүх насаараа тэргэнцэр дээр суух болсон байна. Үүнээс улбаалан Австрали улс PC тоглоомын уршгийг арилгах төсөл зохион байгуулж, 15-25 насны хоёр сая гаруй иргэнд сургалт явуулсан байна.
2012 оны нэгдүгээр сарын 02-ны судалгаагаар PC тоглоомд донтсон 20 мянга гаруй хүн байгааг судалгаагаар илрүүлсэн байна. Энэхүү үр дүнгийн ачаар хотын алслагдмал дүүрэг болон хотын төвүүдийн булан тохойд ихээр байрласан интернэт кафе нэрийн дор үйл ажиллагаагаа явуулдаг PC тоглоомын 6500 гаруй газрыг хаасан байна.
Дэлхийн хамгийн том PC тоглоом үйлдвэрлэгч “Game World” компанид шаардлага хүргүүлж Кибер дайралттай тоглоомыг тараахгүй байхыг анхааруулж, сүлжээний бүх эрх мэдлийг Засгийн газар өөрөө хариуцан ажиллаж байхаар болжээ. Энэхүү аргаар хамгийн их хөнөөл тарьж буй “Кибер дайн”-ыг нэгмөсөн зогсоож чаджээ.
Хятадад PC тоглоомыг хатуу хориглодог
2012 он гараад Хятадын Засгийн газар дэлхийн хамгийн олон хүн өргөн хэрэглэдэг “Google” хайлтын системийг иргэдийн дунд хэрэглэхийг хориглож томоохон шүүмжлэлд өртөж байсан. Үүнийг эсэргүүцсэн жагсаал олон удаа гарч байсан ч, хариу үйлдэл огтхон ч үзүүлээгүй юм. Харин жагсаал намжсаны дараа ийнхүү мэдээлэл гаргасан байна.
“Google” хайлтын систем хүмүүст буруу үлгэр дууриалал өгдөг, насанд хүрээгүй хүүхэд ямар нэгэн дүрс бичлэг тусгагдсан мэдээллийг хэн нэгний хараа хяналтгүйгээр элдэв янзын бичлэг болон буруу үйлдэлтэй тоглоом татах боломжтой байдаг учир энэхүү хайлтын системийг хааж байгааг мэдэгдсэн байна.
Хятадад PC тоглоом зохиодог мэргэжлийн оюутнууд ихээхэн хяналттай байдаг байна. Хятад улс 2007 оноос эхлэн PC тоглоомыг хориглож эхэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Niislel times
URL: