“Тэнгис”-ийн хэмээх шинэ хэрэг
Манай нийслэлд хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөдөг газар гарын арван хуруунд тоологдохоор цөөн бий. Ардчилал эхэлсэнээс хойш хүүхдүүдийн гэсэн юм бүхний зориулалтыг нь өөрчлөн баар, дэлгүүр болгож байлаа. Энэ түүхийг бидний сайн мэдэх “Ялалт” кино театр ч давтсан юм. Нийгэм солигдох үеийн давалгаанд өртсөн нийслэлийн өмчийн кино театрыг нэг хэсэг зориулалтын бусаар түрээсийн байгууллагуудад ашиглуулж байсан. Харин 2003 оноос “Улаанбаатар Синема” хэмээх шинэ компани байгуулж, солонгосуудтай хамтран “Ялалт”-ыг шинэчилж “Тэнгис” болгон өөрчилсөн нь одоо сөхөгдөж эхлээд буй нэгэн шинэ хэргийн түүхийн эхлэл болжээ.
Бидний аав, ээж, ах, эгч нарын залуу насны дурсамжаа үлдээсэн дээрх театр анх баригдсан цагаасаа хойш 100 хувь нийслэлийн өмчид байжээ. Харин 2003 онд кино театрыг сэргээн засварлахдаа 66 хувийг нь солонгосуудад зүгээр л өгчихжээ гэж өдгөө нийслэлийн удирдлагад байгаа хүмүүс шогширч сууна. Залуус кино үзэх ч театргүй байсан үед “Ялалт”-ыг аварсан солонгосуудад баярлаж байсан хүн олон байв. Одоо бол тус театр жилдээ 800 мянган хүнд үйлчилдэг, кино үзвэрийн хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглогдсон үзвэрийн гурван танхимтай болсон юм.
Нийслэлийн эзэмшлийг 34 хувьд хүртэл бууруулсан хувьчлалын түүхийн талаар хотын Өмчийн харилцааны газрын дэд дарга Т.Батдорж “Одоогийн Тэнгис кино театрын хувьчлал гэж хэдэн жилийн өмнө их сонин зүйл болсон байдаг. Хотын 100 хувийн өмчийн дийлэнхийг гадныханд зүгээр л “Май” гээд өгчихжээ. Тэгээд хотын эзэмшлийг 34 хувь болгож, солонгосуудад 66 хувийг нь эзэмшүүлж. Гэтэл нөгөө Солонгосын компани нийслэлийн өмчид хөрөнгө оруулчихаад Монголын хөрөнгө оруулалттай нэгэн компанид эргүүлээд 66 хувиа зүгээр л бэлгэлчихэж. Үүний цаана нэг юм байна. Энэ хувьчлалыг шалгах Ажлын хэсгийг удахгүй байгуулна. Бид эхний ээлжинд хотын эзэмшлийн хувийг 51 хувьд хүргэ гэж шаардана” хэмээн ярилцлага өгчээ.
Түүний ярьснаас үзэхэд нээрээн л өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн театраа бусдад зүгээр өгсөн бол энэ их хачирхалтай хэрэг байж таарна. Ямар тохиролцоо, ямар наймаа байсан болоод 66 хувийн эзэмшлийг авч чадсан солонгосууд театраа бусдад зүгээр өгөв гэдэг нь олон хүний анхаарлыг татах нь мэдээж юм. Өмч хувьчлал гэдэг нэрийн дор цөөн хүн нийтийн өмчийг завшдаг хэргийн нэгэн түүх “Тэнгис”-т давтагдсан бололтой. “Ялалт” буюу “Тэнгис”-ийг өдгөө “Улаанбаатар Синема” компани эзэмшиж байгаа. Харин өөр эх сурвалжийн мэдээллээр бол солонгосууд театрыг зүгээр бэлэглээгүй, зарсан. Театрын 66 хувийг эзэмшдэг компанийг нь Г.Батхүү, Сү.Батболд нар групп компаниараа дамжуулан худалдаж авсан хэмээж буй юм. Энэ бүхнээс одоо нэг зүйл тодорхой болжээ. Энэ бол “Тэнгис”-ийн хувьчлалтай холбоотой нэгэн шинэ хэргийн түүх эхлэх болсон явдал юм. Мэдээж хэргийн эзэн холбогдогч нь тухайн үеийн хотын удирдлагууд, өндөр албан тушаал хашиж байсан одоогийн МАН-ын томчууд байх бололтой. “Тэнгис” хэмээх нэгэн байшингийн түүх нэг хэсэгтээ олны анхааралд байх нь тодорхой болжээ.
URL: