Монголын төрийн далбаа анх удаа Антарктидад намирлаа

Доктор Л.Дүгэржав Антарктид тивд зочлоод иржээ. Тэрбээр өнгөрөгч бямба гаригт буюу cap шинийн өмнөхөн эх орондоо ирсэн юм.

Түүнийг өглөөний 10.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ирэгчдийн танхимаас гарч ирүүт тосохоор хүрэлцэн ирсэн ар гэрийнхэн, найз нөхдөөс нь түрүүнд хэвлэл мэдээллийн байгууллагынхан угтаж авсан юм.

Дөнгөж онгоцноос буучихаад ар гэрийнхэнтэй нь уулзах боломж олголгүй сэтгүүлчид тойрон авч байлаа. Гэсэн ч тэрээр эх орноо төлөөлөн дэлхийн өмнөд туйлд очиж, улсынхаа далбааг намируулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяатай хүн гэдгийг дурдах хэрэгтэй.

Мөн эх орондоо эсэн мэнд хүрч ирсэн болохоор түүнтэй уулзахыг хүссэн хүн олон байлаа. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Өмнөд туйлд очих болсон зорилго тань юу вэ?

-Антарктид тив буюу өмнөд туйл нь манай хотоос 25 мянган км, Люнкстоны арал л гэхэд 22 мянган км зайтай оршдог. Манай улс тус тивд судалгааны ажил хийх, албан ёсны баазтай болох боломж бүрдсэн. Өмнөд туйлд Монголын геологи, судалгааны баазыг байгуулах гэж гурван газрыг сонгосон байсан. Эцэст нь Люнкстоны арал дээр очин нэг газрыг сонгож, түүнийгээ геологийн зураглалын газар болгосон.

Судалгааны гол зорилго нь Антарктидад хүн амьдарч болох уу. Хүн амьдарлаа гэхэд тэндхийн уур амьсгалд дасан зохицох болон тэсвэрлэж чадах уу гэдгийг судлах шаардлагатай болсон. Ер нь ирээдүйд шинжлэх ухааны бүхий л судалгаанд үндэслэн Өмнөд туйлд яс үндэс, хэл, арьсны өнгө хамаарахгүйгээр хүн төрөлхтөн амьдарч болох тийм л зорилгын дагуу ажиллаж байна даа.

Нэг том ололт бол Анатрктидын баруун эргээр хүмүүс ажиллаж, амьдрах бололцоо нээгдсэн явдал юм. Миний бие Америк, Португали, Испани зэрэг 10 гаруй улсын 40 орчим хүнтэй геологийн судалгааны багт ажиллаж эргийн буюу цэвдэгийн темпратурын горимын өөрчлөлтийг судалсан. Эдгээр хүмүүс гурван ээлжээр геологийн судалгаа хийсэн. Харин би хоёрдугаар ээлжийн судалгааны багт  ажилласан юм. Манай улс ирэх сарын 15-ны өдөр гэхэд дэлхийн “Антарктидийн конвенци”-д элсэн орно. Ингэснээр манай улс бие даасан геологийн судалгааны баг гаргаад Антрактидэд ажиллах боломжтой болно гэсэн үг.

-Дэлхийн хамгийн хүйтэн хэсэгт ажиллахад хүндрэлтэй зүйл цөөнгүй тохиолдсон байх?

-Юуны өмнө Өмнөд туйлд хүрсэн явдал бол манай улсын хувьд том амжилт гэдгийг хэлэх хэрэгтэй. Антрактидад зочлоход асар их хөрөнгө зарцуулах шаардлагатай. Мөн Өмнөд туйл руу хоёр сарын хугацаатай явсан ч ердөө гурав, дөрвөн хоногт нь л ажиллах боломж бүрдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэнд ажиллаж байх хугацаанд цөөнгүй бэрхшээл тохиолдсон шүү. Өөрийн унаагүй, зориулалтын камергүй гээд л. Люнкстоны арал дээр очоод удаагүй байтал камер маань хөлдөөд ажиллахаа больсон. Мэдээж шинэ орчин, тэр тусмаа дэлхийн хамгийн хүйтэн хэсэгт очсон болохоор бие организмын байдал, техник хэрэгслийн гэмтэл зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байсан. Гэхдээ мэргэжлийн эмч нарын хяналтан дор явсан болохоор эрүүл мэндийн хувьд эрсдэл багатай өнгөрсөн. Тухайн эмч нар хүний бие, организмд ямар өөрчлөлт гарсан, арьс, нүдэнд чинь ямар нөлөө үзүүлж байна гээд байнга л шалгадаг юм билээ.

-Антарктидад зочилсон тухай сэтгэгдлээсээ манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Анх нэгдүгээр сарын 8-ны өдөр өмнөд туйл дээр очсон. Тэр өдөр -37 хэмийн хүйтэн байсан. Харин 0 цэг дээр очоод нэг зүйлийг ойлгож авсан. Мөс хөдөлдөг учраас газар зүйн 0 цэг байлаа ч гэсэн дээр нь тэмдэглэсэн мөс хөдөлж, шилжилтэнд ордог. Өөрөөр хэлбэл, жил бүр уг мөсний хөдөлгөөн дээр 0 цэгийг тэмдэглэх шаардлагатай болдог гэсэн үг. Мөн энэ жил олон онцлог үйл явдлууд тохиож байна. Нэгд, монгол хүн анх удаа Өмнөд туйлын 0 цэгт хүрч, Монгол Улсын төрийн далбаа анх удаа Антарктидад намирлаа.

Шинэ он, шинэ сарын эхэнд энэ бахдам сайхан мэдээлэлтэй эх орондоо ирсэнд баяртай байгаа. Энэ явдал бол манай улс, амжилт бүтээл, олз омгоор дүүрэн байхын эхлэл гэж бодож байна.

Хоёрт, Антарктид тивд хоёр удаа очих шаардлага гарсан. Өмнөд туйлд оччихоод буцаж Чили улсад очсон. Тэндээсээ Болгарын Люнкстоны арал дээрх бааз дээр үндсэн судалгааны ажлаа дуусгаад, тайлангаа цэгцлээд ирлээ.

Гуравт, Монголчууд 30, 40 жилийн хугацаанд цөөнгүй удаа Антрактидад зочиллоо. Өөрөөр хэлбэл, танин мэдэхүйн үе шатнаасаа гараад дараагийн үе буюу судалгааны шатанд очсон гэхэд болно. Үүнээс гадна би өөрөө Увс аймгийн Тэс сумын иргэн. Манай нутаг хаашаа ч харсан цастай, их салхи шуурдаг, ер нь хүйтэн газар. Үүнтэй адил өмнөд туйл нь дунджаар хоёр мянга найман зуун км зузаан мөсөн дээр тогтдог, их салхитай, цасаар шуурсан газар байдаг юм билээ. Яг л төрсөн нутагтаа оччихсон юм шиг сэтгэгдэл төрж байсан.

-Таны эзгүйд Болгарын элчин сайдаар таныг томилчихлоо. Тэр тухай сэтгэгдлээсээ сонирхуулбал?
-Нэгдүгээр сарын 8-нд миний төрсөн өдөр болсон. 55 насныхаа ойгоор Антарктидад зочилж таарлаа. Нэгдүгээр сарын 10-нд Антарктидад төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх тэр мөчид ар, гэрээс маань надтай холбоо барьсан. Гэрийнхэн маань намайг Болгарын элчин сайдаар томилсон тухай мэдэгдсэн. Гэхдээ энэ тухай гадарлаж байсан болохоор нэг их гайхаагүй шүү.

Б.Батбаатар


URL:

Сэтгэгдэл бичих