С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр хэн “шоудав”

zorig-middleИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан АНУ-д амьдардаг хоёр монгол залууг тус улсын хууль хяналтынхан энэ сарын 11-ний өдөр баривчлан саатуулсан тухай мэдээлэл сар шинийн өдрүүдэд цацагдсан.

Улмаар АНУ-ын тусгай хүчнийхэн нэр бүхий хоёр монгол хүнийг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр баривчилсан хэмээсэн.

Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Монгол Улсын Засгийн газраас хүсэлт тавьсан гэдэг нь худал зүйл” гэв.

Түүнчлэн саатуулагдаад байгаа Х, Ч нар арав гаруй жил болж байгаа бөгөөд тэднийг Олон улсын цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжилж байсан гэсэн мэдээлэл ч гарсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалж “Манай улсын хоёр иргэн АНУ-д саатуулагдаад байгаа гэдэг нь худал мэдээлэл. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг ТЕГ болон Эрүүгийн цагдаагийн газраас томилогдсон ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа. Ажлын хэсгийнхнээс тодруулахад энэ мэдээллийг худал болохыг баталсан. Тиймээс энэ бол ор үндэсгүй цуурхал” гэв.

Мөн С.Зориг агсны дүү БОНХ-ийн сайд С.Оюунтай холбогдоход ч тэрбээр уг мэдээллийг няцаав.

С.Зоригийг гэрт нь хөнөөсөн аймшигт хэрэг гарсны дараа ажлын хэсгийнхэн, улстөрчид уг хэргийг илрүүлнэ хэмээн ам гарч байсан. Тухайлбал ЦЕГ-ын дарга асан хурандаа Д.Мөрөн “Шалгах ажлын хүрээ өргөн байсан бол одоо хумигдаж байгааг үзвэл С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна” хэмээн мэдэгдэж байв. Иргэд ч хууль хяналтын байгууллагынхан С.Зориг агсныг хөнөөхөд оролцсон гэмтнүүдийг олж илрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан. Харин цаг хугацаа улирах тусам гэмт этгээдүүдийг олж илрүүлэх найдвар баларсаар байгаа юм. Одоо бол уг хэрэг улам бүр мартагдан замхарч орхигдон үлдэж байх шиг байна.

Өнгөрсөн хугацаанд уг хэрэгт холбогдуулан маш олон хүнийг баривчлан шалгаж байсан. Ард хэмээх н.Батсүх. н.Энхболд, гэр бүлийнхнээ хөнөөсөн жигшүүрт хэрэг үйлдсэн н.Баярбаатар, Казиногийн хуулийг батлуулахын тулд авлига авсан хэргээр ял сонсогчид гээд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн, гүтгэгдэж саатуулсан  хүмүүсийн нэрс цуварч байгаа. Наад зах нь С.Зориг агсны эхнэр Д.Булган “Алуурчид нэгнээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан” гэсэн мэдүүлгийн дагуу Батаа, Оюунаа нэртэй болгоныг шалгаж, байв. Гэтэл сүүлдээ алуурчид эрэгтэй эмэгтэй бус хоёр эрэгтэй хүн болж Д.Булганыг худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгасан. Түүнийг алуурчныг худал дүрслэн, ам зургийг нь өөрөөр гаргаж, хэргийг будлиантуулж байсан гэх мэдээлэл ч тухайн үеийн хэвлэлүүд гарсан байдаг. Цаашилбал уг хэргийг улс төрийн аллага байж болзошгүй гэдгийг нотлох олон баримт хөвөрсөөр бай­гаа. Энэ мэтчилэн уг хэрэгт холбогдуулан олон хүнийг шалгаж байсан ч хэрэг илрээгүй хэвээр. Харин энэ хэргийг далимдуулан шуугиан дэгдээж мөнгө “хийх” сонирхолтой хүн олширчээ. АНУ-д манай улсын хоёр иргэнийг уг хэрэгт холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл ч ээлжит шоу байв.

Уг мэдээллийг анх нийтэлсэн “www.chuhal.mn” сайтын удирдлагуудыг хууль хяналтын байгууллагаас байцааж эхэлсэн аж. Гэсэн ч энэ талаар тус сайтын удирдлагаас тодруулахад “Уг мэдээллийн эх сурвалж Америкт байгаа. Одоогийн байдлаар мэдээллийг дахин нягталж байна. Цагдаагийн байгууллагаас биднийг шалгаагүй” гэв.

Өнгөрсөн хугацаанд олон хүн С.Зоригийг хөнөөсөн хэргийг сөхөж “шоу” хийн шуугиан дэгдээж байсан. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр АНУ-д манай улсын хоёр иргэнийг баривчилсан гэдэг энэ мэдээлэл ч хэн нэгний зорилготой үйлдэл байхыг үгүйсгэхгүй бололтой. Харин хэн, ямар зорилгоор ийм мэдээлэл цацсаныг хууль хяналтын байгууллагынхан удахгүй тогтоох биз ээ.

Н.Санжаасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих