“Авзага”-ын Мэндээгийн барилгын “сэг”-үүд

avzaga sПүрэвийн хүү нутагтаа элэгтэй, буян, нүнжигтэй бэлтэнгүүдийн нэг юм гэх яриа хоёр мянгаад оны эхээр булганыхны дунд тархсан. Уугуул нутаг усныхандаа барилга байшин барьж өгч гэнэ. “Чухал, чухал  үйл явдлыг ивээн тэтгэжээ, овоо доо” хэмээн талархах. Заримдаа  тав, арван мянган төгрөгийг баавгайтай чихэр адил  уулзаж учирсан хэн нэгэнд өгч явна лээ хэмээх үг ч дуулна. УИХ-д нэр дэвшээд сурталчилгаа хийж явна гэх. Худлаагүй ээ, үнэн. “Манай нутгийн хүн” хэмээн Баян-Агт, Гурванбулагийнхан “булаацалдах” сураг ч гарсан. Аймагтаа улсын төсвийн хөрөнгө оруулалтар барих зарим барилгын гүйцэтгэгчийн эрхийг авч, мөн өөрийнхөө хөрөнгөөөр ч барихаар шавыг нь тавьж ажлаа эхэлсэн барилга байгууламжууд бий. Гэвч… Одоо харин Мэндээгийн барилгын дутуу “сэг”-нүүд гэх үг дуулдах боллоо. Энэ хүн бол “Авзага трейд” компанийх захирал, гавьяат барилгачин П.Мэндбаяр билээ.

 

                                    ЦАГААН СУВАРГЫН СЭРГЭЭН БОСГОЛТЫН “СЭГ”

Монголдоо төдийгүй азийн ховор түүх соёлын өвийн нэг гэгддэг Цагаан суваргаар булганыхан бахархдаг. Түүнийг сэр­гээн шинэчилнэ хэмээн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт олон жилийн өмнө орсныг нутгийн сүсэгтэн олон дуулаад ихэд баярлацгаа­сан. Хандив дэмжлэг үзүү­лэх хөдөлгөөн ч өрнөсөн. Мэндээ гавьяат бариулах болсон дуулдав. Нэг харахад хуучин үлдэгдлийг нь буулгачихсан байлаа. Тэгээд шинээр суурилан өрж эхэлсэн.

Өнөө жил дуусах болов уу? Хойтон ч баараггүй гүйцээгээд нээлтээ хийх байх хэмээн иргэд сураг тавьж байв. Гурав, дөрвөн жил. Тав, зургаан жил өнгөрлөө. Ажил нэг л ахиж дөхдөггүй. Сүсэгтэн түмэн хүлээсээр, горьдсоор . . . Шинэчлэн сэргээсэн Цагаан суваргадаа сөгдөн мөргөөд гороолох юм сан гэсэн нэлээд настан буурлууд гавьяатынхаа хүлээлгэлтийг тэсэлгүй бурхны оронд одсон. Тэдний хоргодсон сэтгэл диваажингаас одоо ч харуулдсаар байгаа байх. Уг нь жар, далан саяын санхүүжилтээр босгох бо­ломжтой сураг дуулдсан. Улс, аймгаас хэр хэмжээ­ний төсөв гаргасан гэсэн. Олон түмний дэмжлэг ч бий. 2009 оны зун болсон нэгэн уулзалт цуглааны үер гэхэд 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруу­лалт, туслалцаа үзүүлэхээ зарим хувь хүн, байгуул­лага мэдэгдэж байв..

Гэтэл  …  Эрч хүч авсан нь бага. Санхүүжилт дут­сан юм байх гэлцэнэ. Ард олны хандивын мөнгийг хэн гувчуулчихав гэх хардалт ч ам дамжих болсон. Нутгийн зон олны хүсэн хүлээсэн Цагаан суваргын шинэчлэлийн ажил хагас дутуу “сэг” болсоор ийнхүү олон сар жилийг үдлээ. Мэндээ гавьяат аа, та энэ байтугай том барилга байгуу­лам­жийг барьдаг биш бил үү? Нутгийнхан тань таныг сурагласаар байна. “Уна­сан бөхөд шалтаг мун­дахгүй” гэдэгчлэн элдэв тайлбар хэлж булхайгаа бусад руу түлхэлгүйгээр “Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж” бай­гаад ч болов дуусгах сан даа.

 

ОДТОЙ БУУДЛЫН “СЭГ”

Булган хотын төв хэ­сэгт ханхар том хашаатай таван давхар бололтой дутуу барилга олон жил “унтлаа”. Түүнийг Мэн­дээгийн барилгын “сэг” гэнэ. Олон нийтийн хөдөл­мөрөөр бий болгосон “мянган модны цэцэр­лэг”-ээ хамгаалан барилга бариулахгүй гэсэн зарим иргэдийн эсэргүүцэл гарч уриа лоозон хадан хэрдээ л их.шуугиан болсон. Аймаг, сумын удирдлага тэдний төлөөллийг хүлээн авч орон нутгийн хөгжилд тустай, гадна дотны зочид төлөөлөгч хүлээн авах, томоохон уулзалт ярилц­лага хийх боломж бий болгоно хэмээн тайлбар­лан учирласны дүнд хэл ам намжсан. Тэ­гээд ажил эхэлсэн. Анх хурдтай, эрчтэй явж байлаа.

Тухайн үедээ олон уншигчтай байсан нэгэн сонинд нийт­лүүлсэн томоохон сурвалжлагад гавьяат барилгачин П.Мэндбаяр, олон зочин хүлээн авч үйчилдэг хэд хэдэн одтой зочид буудал төрөлх аймагтаа барьж байгаа хэмээн ярьсан  байсныг хэн хүнгүй л олж уншаад баярлаж байлаа. Нэг онцлог нь өөрийнхөө хөрөнгө, санхүүжилтээр сайхан үйлс хийх нь хэмээн иргэд талархаж байсан. Аймгийн 70 жи­лийн ойг 2008 онд хийхэд зочид төлөөлөгчдөө сүрлэг өндөр тохилог сайхан, тавлага тухтай зочид буудалд,тосон авч соёл урлагийн саруул сайхан танхимд нь хүлээн авалт, уулзалт ярилцлага зэрэг арга хэмжээ зохион байгуулна хэмээн айм­гийн удирдлагуудын хүсч мөрөөдөж байсан талаар өнгөрч чухам л “Их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэгчийн үлгэр болсон. Хувийн хөрөнгийн санхүүжилттэй болохоор хэлж ярихаас өөр аргагүйдсээр өдөр хоног өнгөрөөж ирлээ.

Эхнийхээ эрчээр шам­дуухан барьчихсан бол Булган хот нэгэн том сайхан барилгаар өнгө зүсээ засч, гадаад дотоо­дын хүндтэй зочин гийч­нээ хүлээн авахад айм­гийн удирдлагууд сэтгэл амар болж, Мэндээ гавь­яатынхан ч зарцуул­сан хөрөнгийнхөө “шарх”-ыг ажил үйлчил­гээ­ний үнэ тарифаар нөхчихөөд ашиг орлогоо арвижуулаад явж байх байв. Чоно нохой, хэрээ шувуунд хэм­лүүл­сэн ма­лын араг яс, сэг зэм шиг энэ барилгаа хэзээ дуус­гах бол хэмээн иргэд хүсэн хүлээсээр байна.

ХҮНДТЭЙ ӨНДӨРЛӨГИЙН ДУТУУ “СЭГ”

Булган хотынхны хүндэтгэл болсон бунхант толгой дээр нэгэн сэргэр зүйл харагдах болсоор  хэдэн жил өнгөрөв. Мөн л иргэд Мэндээгийн барилгын “сэг” гэлцдэг. Уг нь нэр хүндтэй, Булганчуудын бахархал болохуйц бүтээн байгуу­лалтын эхлэл тавьсан. Гавьяат барилгачин маань уугуул нутгийнхаа анхдагч алдартнуудын хүндэтгэлд зориулан тэрхүү бүтээн байгуулалтыг  өөрийн хө­рөнгөөр барьж байгуулах болсонд айм­гийн удирд­лагууд ч, ард иргэд ч ихэд баярласан.

Тийнхүү алдартнуу­дын дурсгалын хөшөөт өндөрлөгтэй болсноор тө­рөлх нутгийнхандаа тө­дийгүй монгол түмэндээ дээдлэгдсэн хүмүүсээрээ бахархан. Алдаршуулж гадаад, дотоодын зочдод сонирхуулж байх боломж булганчуудад бүрдэх юм. Шаваа тавьж нээлтээ хийхдээ ямар агуулгатай, хэчнээн өртөг зардалтай хэдий хэмжээний бүтээн байгуулалтыг сэдэж са­наачилснаа дэлгэрэнгүй хэлсэн. Гол багана нь гэ­хэд дөрвөн давхар бай­шинтай дүйцэхээр өн­дөртэй, хүндэтгэлийн ха­нанд нь эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэл, энх цагийн бүтээн байгуулалт, мал аж ахуй, газар тариалан, дэд бүтэц, нийгмийн салба­рынхныг түүчээлэн улсын болон хөдөлмөрийн баа­тар, сансрын нисгэгч, олимпийн аварга, ардын ба гавьяат цол хүртсэн, урлаг спортын од болсон анхдагч алдартнуудын нэрийг жагсаан бичсэн байна гэдгийг тайлбар­ласан. Тэр бүхнийг дуул­сан иргэд ч талархал дэв­шүүлэн баяр хүргэж байлаа.

Харин эхэлсэн нь эрчимжилгүй, хэлсэн нь хэрэгжилгүй өнөө хүрэв. “Молигодсон” гэхэд ч хаашаа юм. Булганыхан гавьяат Мэндээгийнхээ буянаар нийслэлийн Зай­сан толгой дахь шиг хө­шөө, өндөрлөгтэй болох өдрийг тэсч ядан хү­лээсээр.

 

ОЛОН ЖИЛ ХҮЛЭЭЛГЭСЭН ОРДНЫ ГАЧЛАН

Аймгийн төвд улсын төсөв болон өөрийн хөрөн­гөөр гавьяат барилгачин П.Мэндбаярын барьж эхэлсэн барилга бүхэн нь энэ мэтээр олон он жил дамжин “дунших” явдал гэм биш зан буюу зуршил болсон гэхэд хэн ч маргахгүй. Тэдгээрээс ашиглалтад орсон нь аймгийн спортын ордон юм. Суурийг нь анх 2007 онд тавьсан энэ барилга дөнгөж 2011 оны сүүлчээр дуусахчаан болов. Нээлтэд нь нийт сумынхаа удирд­лага, тамирчдын төлөөл­лийг оролцуулан бөхийн барилдаан, уралдаан тэмцээн, үзүүлбэртэйгээр өргөн хэмжээнд баяртай хүлээн авцгаасан.

Энэ ордон нь олон арван хүний суудалтай, уралдаан тэмцээний том талбайтай, сургууль дасга­лын өрөө тасалгаа­нууд­тай, орчин цагийн хийц загвараар барьсан байна. Эхлээд 690 сая гаруй төг­рөгийн төсөвт багтах бай­сан гэдэг. Цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн уршгаар жил тутам материалын үнэ өсөх бүр санхүүжилт нь дутаж ахин дахин нэмж гаргасаар 1.5 тэрбум ор­чим төгрөгт хүрсэн бо­лолтой. Гавьяат маань тө­сөвт өртгийг ингэж өсгөн нэмэлт санхүүжилт авч амташсан биш байлтай.

Арай хэмээн дуусган тууз хайчилж үүдээ нээсэн цагаас эхлээд л муу нэр дуулж он удаан жилээр хүлээлгэсэн энэ ордны гачланг зарим хүний амнаас сонсох боллоо. Нээлтэд оролцогчид баяр­лаж очоод даарч жиндсээр сэтгэл дундуурхан тарц­гаасан. Өвөл нь хүйтэн, зун нь дусаал гоождог. Бороо орохоор адуу мал үргэмээр дуу чимээтэй. Дотор нь өсгөгчөөр дамжуулж байгаа яриа гадаа яваа хүнд тодхон дуулддаг гээд өөлөх муу­лах үг байнга сонсогдоно. Сайн галлаж дулаан өгдөг ч түүнийг нь дээврээрээ ихээхэн алддагаас халаалтад сар бүр арваад сая төгрөг “залгиулдаг” хэрнээ хуучин байшиндаа зарим, ажилтан нь байрлаж ихэнх дугуйлан секцээ тэнд явуулж байна. Иргэд хүйтний улиралд спортын ордонд уралдаан тэмцээн үзэх, урлаг соёлын арга хэмжээнд оролцох болохоор яаж очно доо хэмээн зүрх­шээ­нэ. Булга­ныхан нутгийн уугуул, гавьяат барил­гач­ныхаа барьсан энэхүү ши­нэ барилгыг “Гаднаа гя­ланцаг, дотроо паланцаг”  гэх болсны учир энэ.

Зууны  мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих