МАХН-ЫНХАН ГАЛ ГОЛОМТДОО ИРЖ ЗОЛГОЛОО

Тусгаар тогтнолын ордонд өчигдөр МАХНын Бага чуулганы гишүүд хүрэлцэн ирж МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарт хүндэтгэл үзүүлэн, гал голомтдоо ирж золголоо. Монголчууд бидний эв эеэ хичээн бэлгэддэг цагаан сарын шинийн 3-ны бэлэгт сайн өдөр ийнхүү зочилж, хүндэтгэн золгож буй нь энэ цаг дор эвлэлдэн нэгдэх нэгэн сэтгэлийг илэрхийлсэн бэлгэ дэмбэрэлтэй учрал болов. Улстөрийн ууган хүчин МАН бол МАХН-ын эхлэл, басхүү үргэлжлэл билээ. Нэгэн цагт эв нэгдлээ хадгалан улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө нэг үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэж ирсэн үе үеийн түүхэн гавьяагаа энэ үеэр дурслаа.
Мөн МАХН-ын Бага чуулганы гишүүд гал голомтдоо ирж, золгож буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд цаашид эвлэлдэн нэгдэхэд томоохон алхам боллоо хэмээн бэлгэшээж байв. “Зүүн төвийн үзэл баримтлалтай хоёр нам цаашид хамтран ажиллахгүй байх шалтгаан байхгүй. Тиймээс улс орныхоо эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг хамгаалж хамтран ажиллахад бэлэн байгаа”-гаа МАХНын Бага чуулганы гишүүд хэлж санал бодлоо солилцсон. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар цагаан сарыг ах дүү, хамаатан садан учран золгодог учир утгатай баяр болохыг тэмдэглээд “Үүний адил өмнө нь нэг намд хүчин зүтгэж ирсэн намын ахан дүүс учирч байгаад баярлаж байна” гэв. Тэрбээр эвлэсэн цагтаа хүчтэй байх цаг үе ирж байгааг онцолсон. Мөн өнгөрсөн сонгуулиудад нам хоёр хуваагдсанаар ямар сөрөг үр дагавар авчирсныг дурдаад “Бид тусдаа байвал хуваагдах, харин эв эеэ хичээж нэгдмэл байвал үржүүлэхийн бэлгэдэл байх болно” гэдгийг хэллээ. Энэ үеэр МАХН-ын Бага чуулганы гишүүд байр сууриа илэрхийлж намынхаа цаашдын хандлагын талаар үзэл, бодлоо илэрхийлж халуун яриа өрнүүллээ. Тэд өнөөгийн төр, засагт итгэл алдарч буйгаа хэлсэн. МАХНын Бага чуулганы гишүүн, үндэсний “Хас” хөдөлгөөний тэргүүн Ш.Нанжид “Хэрэв улс орны эрх ашгийн төлөө хоёр нам хамтарч ажиллавал улстөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний хөдөлгөөнүүд дэмжихэд бэлэн” гэлээ. Ямартай ч харилцан ярьж, зөвшилцөж байгаа нь чухал юм. Тиймээс өнгөрснийг ардаа үлдээж, ирээдүйг харж ажиллах нь нэг түүх, үнэт зүйлтэй хоёр намын тулах цэг нь болж байна. Энэ үеэр хүн бүрийн царайнд баяр бахдал гэрэлтэж, цаанаа л нэг ахан дүүс учран золгож буй мэт сэтгэгдэл төрүүлснийг нуух юун. Бүгд монгол ёсоороо золгож, хөөргө зөрүүлэн хууч хөөрч аргагүй л монгол заншил, уламжлал, жудгаар давхар гоёлоо.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих