“Алтай констракшн” дээрэм хийжээ
Монгол Улсын иргэн бүр 700 м.кв газар эзэмших эрхтэй гэсэн хуулийн заалт өнөөдөр ч хучин төгөлдөр мөрдөгдөж буй билээ. Гэвч “Алтай констракшн” ХХК хуулийг гууль болгоод зогсохгүй, шүүхийн тогтоолыг ч уландаа гишгэн бусдын өмчлөлд удаа дараа хууль бусаар халджээ.
2006 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр иргэн Ё.Даваасүрэн XI хороо, Оргил хотхоны нэгдүгээр гудамжны хоёр тоот дахь газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан иргэн бүрт төрөөс олгосон 700 м.кв-ыг хуулийн дагуу өмчилжээ. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Г-2206… дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарджээ. Мөн тэрбээр энэ газраа кадастрын нэгдмэл санд бүртгүүлсэн байна. Харин 2009 оны үед “Алтай констракшн” компани иргэн ё.Даваасүрэнгийн газрын дэргэд орон сууцны зориулалттай барилга барьж эхэлсэн аж.
Гэвч тус компани барилга барихдаа газрын байршлын кадастр болоод барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг гаргаагүй байв уу, ямартай ч бусдын өмчид хууль бусаар халдан дээрх иргэний өмчлөлийн газрын хашааг дур мэдэн хоёр ч удаа буулгаж, гарц гаргасан байна. Үүгээр ч зогсохгүй тус компани иргэн Ё.Даваасүрэнг шүүхэд өгчээ. Харин шүүх уг гомдлыг хэлэлцээд дээрх иргэнийг буруугүй гэдгийг баталж, хоёр ч удаа тогтоол гаргасан байна. Гэсэн ч уг компани шүүхийн тогтоолыг үл ойшоон, бусдын өмчлөлийн зүйлд хууль бусаар удаа дараа халджээ.
Тэгэхээр энэ бүхнээс уг компани анх орон сууц барихдаа барилгын ерөнхий төлөвлөлтийн зургаа бүрэн гаргаагүй гэдгийг харж болохоор байна. Мөн барилгын ажлаа эхлүүлэхдээ холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн “босго”-ыг хэрхэн давсан нь ч сонирхолтой юм. Үүнтэй холбогдуулан нэг зүйлийг тодруулахад, “Алтай констракшн” компанийн захирал Н.Бат-Эрдэнэ энэ “суудалд” тухлахаасаа өмнө Нийслэлийн газрын албаны нөлөө бүхий эрхмийн жолоочоор ажиллаж байсныг хэн хүнгүй мэдэх байх.
Түүнчлэн Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн асуудалд нэр холбогдож явсан талаар учир мэдэх нэгэн нь цайны хачир хийж суусан. Тэгэхээр дээрх ярианаас улбаалан үзэхэд, бусдын өмчийг ямар ч эрээ цээргүй дураараа эвдэн сүйтгэж байгаа нь нөлөө бүхий хүмүүсийн тойрон хүрээлэл сайтай төдийгүй “том артай”-н илрэл ч байж болох шүү дээ. Учир нь хоёр талын хооронд маргаан дэгдэхэд компанийн барилгын инженерүүд иргэн ё.Даваасүрэнгийн газрын гэрчилгээ болон холбогдох шүүхийн тогтоолуудыг хараад толгой дохин хүлээн зөвшөөрөх боловч “Манай боссууд танай хашааг нураа гэсэн. Бидэнд ямар ч арга алга” хэмээн учирлан зогсч байсан гэнэ.
Ямартай ч Монгол Улсын хууль Дүрэм, шүүх засаглалаас дээгүүр эрх мэдэлтэй ийм нэгэн компани энэ нийгэмд бугшиж байгааг холбогдох байгууллагууд хараандаа авахад илүүдэхгүй болов уу. Тэгээд ч монголчууд бид эрт үеэс саахалт айлын санаа нэг гэж ярьж, дагадаг байснаас хөршийнхөө хашаа хороог нурааж, газар талбайг нь дээрэм тонуулаар авдаг байсан гэж үү.
О.Мөрөн
niigmiintoli:
URL: