Урт үсийг үзүүрээс нь угруу нь самнадаг
Урт үсийг үзүүрээс нь угруу нь самнадаг
Сэтгэл санаагаа өөдрөг болгохын тулд заримдаа толгойгоо угаахад л хангалттай гэж Франц эмэгтэйчүүд үздэг гэнэ. Үнэхээр ч цэвэрхэн гялалзсан өтгөн үс хүний сэтгэлийг өөдрөг сайхан болгодог шүү дээ. Үсээ байнга арчлах явдал нь бидний амин чухал ажил юм. Урт үсээ нэг хоёр сараар арчлахгүй явж хэрхэвч болохгүй. Тэгээд дараа нь амьдралынхаа туршид арчилж явах нь гээд мартчихвал бүр ч тусгүй. Гоё сайхан урт үс бол зөвхөн байгалийн хишиг, бат бэх эрүүл мэнд, бүрэн төгс хооллолт, аядуу аж төрөх илэрхийлэл болоод зогсохгүй үсээ зөв арчилсны үр дүн нь цэвэр цэмцгэр байдлын үндсэн нөхцөл болдог. Толгойн хуйх, үсээ зөв оновчтой арчлах тухай ойлголтонд усны хийгээд угаагч хэрэгслийн чанар, угаалтын давтамж, толгойгоо угаах дэг дүрмийн зөв баримтлал, үсний хатаалт, толгойгоо угаах завсар хоорондын арчилгаа хамаардаг.
Урт үсээ яаж ургуулах вэ?
Урт үсийг арчлах бүх арга ажилгааны дотроос үсээ угаах явдал хамгийн чухал хэсэг юм. Яагаад гэвэл энэ нь эрүүл ахуйн ч, гоёж гоодох зорилгод ч бүрэн нийцдэг. Гэмтэж эвдрээгүй эрүүл үсний хувьд гэвэл цаг тухайд нь зөв угаахад хангалттай байдаг.
Толгойгоо байнга угааж байх талаар эрдэмтэд удтал маргалдсны эцэст бохирдлын хэр хэмжээг харгалзан, зөв угааж байх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэ талаар тодорхой тоо хэлэх аргагүй. Яагаад гэвэл үсээ угаах асуудал хувь хүнээс өөрөөс нь, үс хуйхны хэв байдал, үсний урт богино, ажлыг шинж чанар, жилийн улирал гээд нэн олон хүчин зүйлээс шалтгаалдаг.
Ингэхдээ толгой угаах хэрэгсэл хэдий чинээ зөөлөн байх тусам толгойгоо төдий чинээ олон угааж байх хэрэгтэй. Түүнчлэн өвөл толгойгоо аль болох олон угаах хэрэгтэй. Учир нь толгойд амьсгалах боломжийг малгай олгодоггүй, үүнээс улбаалаад арьсны тослог илүү их ялгардаг байна.
Үсээ янзлах хэрэгслийг тухайлбал гель, мусс, лак зэргийг өдөр бүхэн хэрэглэдэг хүмүүсийн хувьд урт үсийг өдөр бүхэн угаах хэрэгтэй. Учир нь эдгээр хэрэгсэл үсийг хүндрүүлдэг тул үсний чанарт муугаар нөлөөлдөг.Толгойгоо өдөр бүр угаахдаа тусгайлсан зориулалтын зөөлрүүлсэн шампунь ашиглавал зохино.
Урт үсээ угаахын өмнө бохирыг нь болон хуйхны үхмэл эд эсүүдийг зайлуулхын тулд сайтар самнаж маажих хэрэгтэй. Угаахын өмнө самнасан үс угаасны дараа ч сайтар самнагддаг гэж үздэг. Тэгэхдээ богино үсийг угаас нь үзүүр рүү нь самнадаг бол урт үсийг үзүүрээс нь аажим аажимаар уг руу нь хөөж самнах хэрэгтэй. Харин нойтог үсийг самнахгүй байх нь дээр, хэрвээ самнах шаардлага гарвал металл биш хуванцар болон модон самаар самнах хэрэгтэй.
Үс угаах ус зөөлөг байх хэрэгтэй. Угаах усны зохистой хэм 35-45С байхад болно. Үс угаах үеийн хамгийн түгээмэл алдаа бол хэтэрхий халуун ус ашиглах явдал юм. Халуун ус нь нэгдүгээрт өөхний булчирхайн ажилгааг идвэхжүүлдэг тул үс хэмээс хэтэрхий тослогтой болж мэднэ. Хоёрдугаарт халуун усны нөлөөгөөр шампуний найрлагад орсон саван чанагдаж үсэн дээр саарал тунадас тогтож тэр арилахгүй тохиолдол гардаг.
Үс хэдий чинээ тослог байх тусам төдий чинээ хүйтэн байх ёстой. Зайлсны дараа үсээ хүйтэн усаар шүршвэл сайн.
Усны чанар бас багагүй чухал хүчин зүйл болдог. Яагаад гэвэл үс бол усыг арьснаас хамаагүй хүчтэй шингээж авдаг тул түүнтэй цуг бүх хортой бодисыг ч бас шингээж авдаг. Дээр үед хүмүүс толгойгоо цасны шар усаар юмуу борооны усаар угаадаг байсан ба угаасны дараа маш гоё намирсан зөөлөн болдог. Гэвч энэ нь ялангуяа хотын орчин үеийн эмэгтэйчүүдэд боломжгүй зүйлийн нэг болжээ. Хатуу усаар угаах нь зөвхөн урт үсийг цэвэршүүлж чадахгүйгээс гадна муутгадаг. Хатуу усанд байдаг кальцийн давс нь үсэнд цайвар саарал өнгийн уусдаггүй наалдамхай тунадас үүсгэдэг. Ийнхүү хатуулагтай усаар угаасан үс хатхаараа хуурайдуу, амархан хугарамтгай болдог. Ердийн ус түгээгүүрийн хоолойн ус олон янзын давс агуулсан нэлээд хатуу байдаг. Хатуу усыг зөөлрүүлхийн тулд удтал, тухайлбал нэг цагаас доошгүй хугацаагаар буцалгах шаардлагатай байдаг. Тэгэхдээ давс нь тунадас болж үүсдэг тул угаахдаа нэг литр зөөлрүүлсэн усан дээрээ 0,5 халбага хүнсний сода юм уу 1 халбага хужир нэмж хийх хэрэгтэй.
www.miss.mn
URL: