Хүүхэд бүрийг монгол хүн болгохын төлөө багшилдаг

z954Энэ удаагийн “Миний хэлэх үг” буландаа нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар дунд сургуулийн Мэдээлэлзүйн багш Ч.ЧИНЧУЛУУНЫГ урилаа. Тэрээр тэргүүлэх зэрэгтэй, мэдээллийн технологийн үндэсний сургагч багш юм.
- Эдүгээ хүүхэд нэг бүрт чанартай боловсролыг хүргэх талаар идэвхитэй ярих боллоо. Хүртээмжтэй, цаг үеийн шаардлагад уялдсан боловсролыг хэрхэн хүргэх талаар төр, засгийн төвшинд онцгой анхаарч эхлэв. Энэ нь чанарын шинэчлэл байна хэмээн Шинэчлэлийн засгийн газраас тунхагласан. “Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хүүхэд нэг бүрийг багш нар хөгжүүлж чадаж байна уу?
- Өнөөдөр хүүхэд бүр сургуульдаа итгэлтэйеэ явж, багш нь хүндлэл, бахархлаар бялхаж чадаж байна уу. Эцэг эх нь хүүхдээ сэтгэл амар сургуульд нь явуулдаг уу. Энэ бүхнийг хангасан сургалтын орчин чухал үүрэгтэй л дээ. Эрүүл, аюулгүй, хүртээмжтэй орчин бий болгохоос л хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйлс эхэлдэг. 20 хүүхдэд хичээл заах, 50 хүүхдэд заахын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Дөчхөн минутын дотор 50 хүүхэд нэг бүрт хандаж чадахгүй. Тийм боломж ч үгүй.

-Манай сургуулиуд хамгийн багаар бодоход арван хүүхэдтэй байх аа?

-Энэ нь зөвхөн гүнзгийрүүлсэн сургалттай ангид байдаг тоо. Ердийн сургалттай анги 35-аас дээш талийж өгнө. Дөчхөн минутын хугацаа чинь зааж чадддаг багшид бага, чаддаггүй багшид их хугацаа гэх үү дээ.

-Тэгэхээр багшид хүүхэд нэг бүртэй тулж ажиллах уу, тухайн хүүхдийг нийт дунд нь авч явах уу гэсэн хоёр сонголт л байгаа юм байна?

-Яг тийм. Хоёр дахь сонголтод юун хүүхэд бүрийг хөгжүүлэх манатай дүр зураг урган гарч ирнэ. Харамсалтай. 32 хүүхэдтэй ангид хичээл заалаа гэхэд л 40 минутын дотор 16 ширээн дээр амжиж очиж “тулж ажиллана” гэсэн үг. Гэтэл 50 хүүхэд яах болж байна.

-Яггүй, ер нь боломжгүй хэрэг л дээ?

- Хүүхдийг хөгжүүлэхэд багаар, эсвэл ганцаарчилж ажиллах хоёр л арга бий. Гэтэл зарим хичээлийг багийн системээр явуулах ямар ч боломжгүй. Сүүлийн үед багш нар багаар ажиллуулахыг дээд зэргээр урдаа бариад байгаа юм.

- Амар, хялбар талаа бодоод байна уу гэвэл багш нар гомдох байх л даа. Өөр ч ямар арга байхгүй болоод тэр байх. Нөгөө ганцаарчилж ажиллах арга эрхбиш оршин тогтнож байгаа биз дээ?

- Шавь төвтэй сургалт явж байгаа. Энэ нь нэр төдий цаасан дээр төлөвлсөн бичиг л байдаг юм. Багш нарын ур чадварын уралдаан гэж болдог. Дүүргүүдийн хамгийн сор болсон туршлагатай багш нар хичээл заадаг. Эндээс харъя л даа. Үнэндээ эдгээр багш нар багийн системийг л сонгодог. Ганцаарчилсан, ширээний сургалт гэдэг “дашийн шог” болно оо доо.

- Эндээс ямар хортой үр дагавар гарч байна?

- Хүүхэд нэг бүрийг бус багаар нь үнэлдэг. Тэгэхээр хүүхэд болгоныг хөгжүүлнэ гэдэг зорилт ор тас үгүй болдог юм. Нөгөө багт нь нэг сайн хүүхэд байвал багаа чирэх ухааны юм. Харин энэ хүүхэд энэ хичээлд ингэж оролцвол гэсэн үнэлгээ салхинд хийсдэг л дээ.

- Сүүлийн үед манайд гадны сургалтын технологийг нэвтрүүлээд байгаа. Өөрчлөгдлөө, үр дүнд хүрсэн, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байна гэцгээх. Бодит байдал ямар байна даа?

- Тухайлбал японы “Жайка”-гийн шугамаар бэлтгэл болон хичээлийн судалгааг нэвтрүүлсэн. Энэ хоёр судалгаа хамт явах ёстой л доо. Гэтэл манайхан бэлтгэл судалгааг хаячихсан байх жишээтэй.

- Хичээлийн судалгаа гэдгийг уншигчдад ойлгомжтойгоор өгүүлэх үү?

- Бидний яриад байгаа хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, сургахыг хэлээд байна. Нэг багш хичээл зааж байхад ар талд нь таван багш ажиллаж байдаг. Тэд 30 хүүхэд нэг бүрийг таван өөр өнцгөөс ажигладаг. Харин нэг багш ганцхан зүгээс өнгийнө өө дөө. Японд ингэдэг юм байна л даа. Энэ хүүхэд миний хичээлд идэвхтэй оролцохгүй байна. Та орж ажиглаад өгөөч. Яагаад байна вэ гэж би асуусан. Түүний хэлсэн үг үнэн байна уу гэдгийг өөрийн зүгээс ажиглана уу гэж багш нарыг оруулдаг юм байна лээ.

- Тэр багш нар ажиглаж сууснаар ямар үр дүн гарах вэ?

- Тухайн хичээлийг зааж буй багшийг бус заалгаж буй хүүхдийг дүгнэх гэж хичээлд нь суудаг гэсэн үг.

- Манайд яаж байна?

- Тухайн багш хүүхдэд хэр хичээл заав, ямархуу чадалтай багш вэ гэдгийг дүгнэх зорилготой юм шиг суудаг. Ер нь иймэрхүү байдалтай байна. Нээлттэй хичээл зэрэгт ингэж оролцож болохгүй л дээ. Багшийг ажиглаад байна гэдэг нөгөө хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх талыг шууд орхигдуулдаг юм. Хүүхдүүдээ уриалж босгож чадаж байна уу гэдгийг ажиглахаас бус буланд сууж буй Дулмаа, Батыг ажигладаггүй. Хүүхдүүдийн 30 хувь нь идэвхтэй байвал гоё хичээл болов гэх жишээний л байна даа. Гэтэл 30 байтугай 50 хувийг нь шуугиулж чаддаг багш бий. Хүүхэд нэг бүртэй ажилласан багш бага оноо аваад, дуу хоолойг нь гаргасан нэгэн өндөр үнэлэгдээд байгаа юм.

- Популист дуу хоолойтон л сайн багш болоод байгаа юм байна?

- Шоуны багш л гоё багш болоод байна. Миний хувьд хүүхдүүдийн 15-тай нь 40 минутын дотор ажиллаж чадвал сайн багш гэж хэлнэ. Боломж нь энэ юм. Яахав, оюутнууд шиг 90 минутад багтаж хичээл заадаг бол өөр хэрэг. Математикаар хичээллэхэд эхлээд томъёогоо ойлгуулчихно. Дараа нь чинийх болж байна, энд буруу байна гэх зэргээр тулж ажиллаж болно. 40 минутад дөнгөн данган томъёогоо ойлгуулаад л гүйцээ. Бодлого бодох, буруу зөвөө ялгаж салгах арга байхгүй. Хичээлийн хонх дуугараад л баяртай. Маргааш нь хүүхдийн ой тоонд юу ч нялзаагүй ирдэг. Сургалтын орчин ийм л байна.

- Таны хувьд энэ хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлдэг үү?

- Ийм орчинтой нөхцөлд хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэж гэнэхнээр, ямар ч үр дүнгүй зүтгэж байхаар хүүхдээ тухайн хичээлд дуртай болго. Манай хүүхдүүд энэ хичээлийг хурдан өнгөрөөчихье, тэнд тийм кино гарч байгаа гэх зэргийг л бодоод оромдож сууна. Нөгөөтэйгүүр тухайн хүүхдийн амьдралын нөхцөл, гачигдал гэж том асуудал бий. Багш хүн үүнийг сайтар ойлгох хэрэгтэй.

- Шинэчлэлийн засгийн газраас боловсролын салбарт баахан хөтөлбөр нэвтрүүлэхээр ханцуй шамлаад байгаа юм билээ. Энэ нь хэр санагдаж байна?

- “Авьяас”, “Ном”, “Багш” гэсэн гурван хөтөлбөр гаргасан. “Багш” хөтөлбөр дээр тогтож яръя. Манай амьд халуун туршлагатай багш нарын олонх нь тэтгэвэрт гарлаа. 1996 оноос өмнө багшийн мэргэжил эзэмшсэн нөхдүүд өнөөдөр дунд үеийн бус ахмад үеийнхэнд тооцогдох болов. Өнөөдөр багшаар ирж буй боловсон хүчнийг харахад хамгийн ахмад нь гэхэд гучин хэдхэн настай байгаа.

- Үүнд сайн тал байгаа юм биш үү. Залуу хүний нүдээр харах, өөрчлөх шинэчлэх гээд л?

- Байгаа л даа. Гэхдээ багш нарын залгамж холбоо гэдэг юм үнэндээ алга болчихлоо. Нийгмийн нөхцөл байдал ийм байдалд хүргэв. Мундаг туршлагатай, заах арга сайтай, хүүхэд бүртэй сэтгэлээсээ тулж ажилладаг багш нар нийгмийн шуурганд өртөж жагсаалаас гарлаа. 1991-1999 оны төгсөгчдийг авч үзье. Багшаас өөр ямар ч ажил хийхгүй, энэ мэргэжилдээ хайртай гэсэн нэг хэсэгхэн хүн байхад надад үүнээс өөр ажил олдохгүй нь гэсэн нөхдүүд маш их орж ирсэн. Тэдний авсан оноог харахад хамгийн бага байдаг гээч. Үнэндээ аймшигтай. Үүнийг ил гаргаж, засаж сайжруулахыг л яаравчлахгүй бол горьгүй. Би найман жил дадлага удирдлаа. Жирийн программын функцийн систем мэдэхгүй нөхөр дунд сургуулийн хаалгаар багшийн нэр зүүн орж ирдэг. Компьютерээ унтарчихвал юунаас болсныг нь мэдэхгүй байх юм.

- Энэ ч арай дэндэнэ ээ. Юун хүүхэд бүрийг хөгжүүлэх вэ. Өөрөө “нойль” заасан амьтан байдаг?

- Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ арай өөр болж байгаа. Мэдээллийн технологийн хувьд ярихад өнөөдөр маш хурдацтай хөгжиж байгаа. Яарахгүй бол багш хоцорно.

- Ингэхэд та хүүхдийг хэрхэн дүгнэдэг вэ? Эндээс л хүүхэд бүрийг хөгжүүлэх нэг үндэс мөчир салаалах болов уу?

- Би дүнгээр нь үнэлдэггүй. Чадвараар нь үнэлнэ. Бүдүүн тоймоор яривал энэ хүүхэд өчигдөр миний заасан, асуусныг өнөөдөр мэдэж байна уу, яаж тусгаж авав гэдгээр нь үнэлэхийг гол зарчмаа болгодог.

- Хүүхдийг хөгжүүлэхэд эн тэргүүнд юун дээр нь анхаардаг вэ?

- Өөрийгөө бие даан авч явах чадварт сургахыг л хичээсээр ирлээ. Багш хүн чиглүүлэгч байх ёстой. Заагч байх нь учир дутагдалтай. Хүүхэд бүрийг ингэж л хөгжүүлнэ. Үүний тулд номтой сайн харьцаж сургамаар байна. Зөв бичүүлж сургахаас эхлээд олон юм бий. Миний хувьд ярихад хүүхдүүдийг компьютертэй харьцаж сургахад их анхаарна л даа.

- Хувийн жишээ татахад манай хоёр хүү  компьютер дээр тоглохоос өөрийг хийж байгаа нь ор тас байдаг л даа?

- Тоглох нь гол биш. Гэхдээ би тоглуулдаг. Тоглохын тулд компьютертэй харьцаж сурна аа даа. Би Х-ХI ангийн хүүхдүүдэд хичээл заадаг. Тэдэндээ үүнийг ингээд дараа нь тэгнэ гэж нарийвчлан заагаад байдаггүй. Үүнийг хийнэ үү гэсэн үүрэг л өгдөг. Наад компьютер дотор чинь маш сонирхолтой тоглоом байгаа. Олж чадах уу гэхэд толгой дохицгоодог. Үүний тулд энэ хичээлийг төгс эзэмшинэ шүү гэхэд тэд минь хийж чадсан л байдаг юм. Ингэж л чиглүүлэх авьяас багшид байх ёстой. Багшаар хүчээр заалгаж болно. Гэхдээ өөрөө олсон мэдлэг насан туршдаа мартдаггүй. Жинхэнэ үнэ цэнтэй баялаг гэж түүнийг л хэлэх байх. Багшийн лекцээс илүү номтой нөхөрлөж, өөрөө уншиж байж олсон мэдлэг илүү байдаг юм.

- “Ном” хөтөлбөр гээд л байдаг.  Номтой ажиллаж, харьцаж байгаа хүүхэд цөөн байна шүү дээ?

- Манай сурах бичиг хөтөлбөрөөсөө гажчихсан явж байна. Янз бүрийн юм холилдчихсон, хогийн тантан шиг л юм байна. Алдаа ихтэй, бодлого нь зөв биш байх ердийн үзэгдэл болон хувирчээ. Олон жилийн энэ урхагийг арилгахгүй бол ирээдүйг авч явах хүүхдүүдээ хорлоод байна.

- Нөгөө сурах бичгийн шахаа, танил талаа угжсан бизнесийн сүүдэр биз дээ?

- Энэ чинь үнэндээ боловсролын байгууллагын доромжилж байгаа юм. Монгол Улсаа гутааж, өшиглөж байна гэж үзэхээс өөр яахав вэ. Өнөөдөр багш нар энэ сурах бичгийг ашиглаж хүүхдүүдийг хорлоод яах вэ гээд өмнөх үеийн номоо сөхөөд сууж байна. Математик, физикээр жишээлэхэд 1988 оны номыг харж байгаа шүү. Алдаатай сурах бичиг сугавчилчихаад хүүхэд бүрийг хорлон “хөгжүүлж” байгаа. Хатуу үг биш ээ.

- Нийгмийн ухааны сурах бичгүүдэд энэ ч найгаа алдсан юм билээ?

- Зохиогч нар өөр өөрийн үзэл бодлоор ном бүтээх, бизнесийн зорилгыг урьтал болгох зэрэг уршгууд үүнд нөлөөлсөн. Сурах бичгийн сонгон шалгаруулалт гэж муухай юм байна. Би экспертээр ажиллаж  байлаа. “Арай ч дээ” гэж хэлдэг. Хүлээж авах нь үгүй шүү. Зүтгүүлээд л байдаг юм. Ахиж би оролцоо ч үгүй.

- Хүүхдийг хөгжүүлэхэд багш сайн байх ёстой. Багш сайн байхад юу нөлөөлж байна?

- Багш сайн байхын тулд бодлого сайн баймаар байна. Бодлого сайн хөгжүүлэхийн тулд сургалт сайн байх ёстой л доо. Үүний тулд багшийг тасралтгүй хөгжүүлдэг сургалт л хэрэгтэй. Нэг сургалтаар таван жил явж болно. Дараагийн таван жилд тухайн шинжлэх ухаан өөрчлөгдөнө өө дөө. Давтан сургалт үүнийг нөхнө.

 - Давтан сургалт хэрэгжиж байна уу?

- Үгүй болчихсон байгаа. Энэ он гараад л хэрэгжиж эхлэх шив. Улирлын амралтаар, эсвэл бизнес хөөсөн багш нарын кредиттэй сургалт л гэж байсан юм. Хүүхдийг хөгжүүлэх нь дээр өгүүлсэн бүхнээс шууд шалтгаална. Хүүхдийг улирал бүрт амраадгийн учир утгыг анзаармаар байна. Хүрз барьсан, үзэг барьсан хоёрын аль илүү ядрах вэ. Оюуны хөдөлмөр их ядраадаг. Биеийн хөдөлмөр бол цаг хугацааны хамааралтай бол оюуных байнгын ачаалалтай байдаг. Тийм учраас л давталттайгаар сургадаг ёстой юм. Хураангуйлаад хэлэхэд боловсролын салбар уналтад орчихсон. Үүнийг Л.Гантөмөр сайд хэлж байна лээ. Шинэчлэл хийнэ ээ гэснийг багш нар талархалтай хүлээж суугаа шүү. Багшаа би давтлага авъя гээд хүүхэд ирэхэд бид толгой сэгсрэхгүй шүү дээ. Гэсэн давтлага өгөх орчин алга. Өрөө тасалгаа ч олдохгүй. Орчин нь ийм байна. Бас багш хүн ардаа санаа зовохгүй ажилламаар байна.

-  Эдийн засгийн нөхцөл, цалин урамшууллыг хэлж байна уу?  

-  Улс орныхоо ирээдүйг өөдрөгөөр зуръя гэвэл үүнийг анхаарахаас өөр замгүй. Байгалийн баялаг байхгүй Солонгосууд боловсролыг тэргүүнд тавьснаараа л өөрсдийгөө тэжээж, дэлхийд толгой цохиж явна. Би тэнд ажиллаж байсан л даа. Тэгэхэд багшийн үг хууль байдаг. Манайд хуульч нараас гарсан үг нь ч хууль биш байна. Манай хэдэн багш нар амьдралаа яаж авч явах вэ гэдэгт толгойгоо гашилгаж байж хүүхэд бүрийг хөгжүүлж чадах уу. Ойлгомжтой.

- Шавь нарынхаа энэ нь хоцроод байна. Үүнийг анхааръя. Түүнийг нь дэмжье гэдэг үү?

- Хүүхдүүдийг аль нэг маягаар ялгах дургүй. Үнэхээрийн сурах эрмэлзэлтэй хүүхэд өөрөө хүрээд ирдэг. Хамтраад цааш алхдаг. Чигийг нь зөв тогтоож өгөх чухал шүү.

 - Хүүхэд бүрийг хөгжүүлэх олон систем бий. Шавь төвтэй сургалт гэдэг ч юм уу. Кембрижийн системийг манайхан ингэж ярьдаг л даа?

- Олон улсын систем л дээ. Арга нь нэлээн өөр. Хүүхэд бүрийг хөгжүүлье гэвэл хичээлийн судалгаа хэрэгтэй. Үүнийг хийсэн багш зөвхөн хичээл дээрээ анхаарах уу, эсвэл тухайн хичээл минь хүүхэд бүрт хүрэв үү гэдэгт анхаардаг, төлөвлөдөг. Хоёр талтай.

 - Таны хувьд гэвэл тулган шаардсан болчих байх л даа?

- Эрлийн үзүүрт олз ирнэ байх. Тасралтгүй хайх гэж эрмэлзэж явна. Энэ бол багш хүний нэр төр шүү. Энэ хичээлийг ойлгов уу гэвэл ойлгосон гэж олонхи нь дуугарч болно. Дуугараагүй дээр нь цөмөө болгож анхаарлаа хандуулмаар байна. Ойлгоогүй ч ойлгосоон гэдэг хүүхдийг анхаарах хэрэгтэй. Хүүхэд бүрт бэлэн загварыг хий гээд өгч болно. Тэгвэл хүүхэд бүр өөр хийдэг. Сэтгэхүй нь өөр өөр шүү дээ. Залхуу нь хуулбарлаад, зарим нь шинээр сэтгэдэг. Хамгийн гол нь өөрөөр нь хийлгэ.

- Хурдан, удаан сэтгэх нь хамаагүй биз?   

- Тийм. Даалгаврыг эхний хичээл дээр хийж чадахгүй ч дараа нь амжуулж чадна гэж шавьдаа итгүүл, шамдуул. Хүүхэд бүрийг ингэж л хөгжүүлнэ. Үүнийг анзаарч чадсаныг багш гэж хэлэх байх.

- Хүүхдийн сонирхлыг өдөөх чухал биз?

- Энэ нь багш хүний дотор байнгад эргэлдэж байх учиртай. Хүүхдүүд багшаас дүн авах гэж, мөн юм сурах гэж хоёр өөрөөр зүтгэдэг. Энэ ялгаан дээр ажиллаж сурах нь багшийн чадварыг хэмжих байх. Яахав, эхлээд дүн авах гэж зүтгүүлээд, дараа нь юм сурах гэж гүйдэг болговол зүгээр. Сонирхлыг нь өдөөгөөд л бай. Бодит байдал ийм байна. Миний хувьд “чи чаддаг шүү дээ” гэж байнга урамшуулдаг. Чаддаг ч юм. Математикийн жишээн дээр үзье. Алгоритм зохиох боллоо. Зарим нь мэддэггүй ээ. Амьдралтай нь холбоод өгвөл амархан ойлгоно. Сургуульдаа хэрхэн ирэх вэ, будаатай хуурга яаж хийх вэ гээд өчнөөн алгоритм зохиолгож болно. Ингэж хүүхэд нэг бүртэй ажиллавал, амьдралтай нь уялдуулбал наалдацтай байдаг. Хүүхдийн сонирхлыг өдөөхөд санаачилгаас гадна цаг үеэ мэдрэхгүй бол горьгүй. Шинэ жил болж байхад улсын баяр наадамтай холбож хичээлээ өрнүүлбэл уялдахгүй. Адаглаад л энэ шүү дээ.

- Өөр орчин, гэртээ нөмөрсөн нервиэ тайлж хаялгүйгээр хичээлээ зааж эхэлдэг тал бий шүү дээ?

- Би хэзээ ч нэг ангид гаргасан уураа нөгөө ангид хичээл заахдаа гаргаж үзээгүй. Үүнээс холуур явахгүй бол яаж багш гэж нэрлүүлж явах вэ. Ийм байхын тулд багш биеэ бэлддэг, тэвчээртэй, эелдэг зөөлөн болдог. Зарим багш нар тухайн ангийг, хүүхдийг нэр цохон бусдад шүүмжилдэг. Энэ чинь багш хүнд байх ёс зүй мөн үү. Хүүхдийг урамшуулах гэдэг тун хэрэгтэй шатахуун шүү. Нэг хүүхэд 89.96 оноо авчээ. 90 хүрэхэд 0.04 оноо дутаж. Би 90 гээд л тавьчихна. Тэр дутсан 0.04 оноо чинь хүүхдийг их гонсойлгойдог. Багш нарт би ийм яльгүй оноог юунд харамлав гэхэд нийлбэр нь ийм л байна гээд хэнэггүй царайлж суудаг. Тэр дутаад байгаа 0.04 өгөх эрх багшид байх ёстой. Магадгүй, энэ нь хүүхдийн хувь заяанд нөлөөлөх ч юм бил үү.

- Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг байх аа?

- Дээр өгүүлснээр тэр урам чинь өчүүхэн зүйл дээр тогтож байдаг юм. Үүнийг хайрлаж тэтгэх чанар багш хүнд төлөвшвөл зүгээр. Хүүхдийн хөгжил яльгүй юмнаас л эхэлдэг, ундарга авдаг. Бид хоёр энэ мэтээр ярьж болно. Шууд хэлэхэд Л.Гантөмөр сайд аа гэж гар өргөөд хүсэх ч багадна. Ерөнхийлөгч өө, ерөнхий сайд аа энэ өрөө танхим хүрэлцэхгүй байна. Сургууль цэцэрлэгээ тэлээч ээ. “Гурван ээлжтэйгээр нэг ангид хичээллээд эрдэм боловсролтой монгол хүн төрөхгүй, хүүхэд бүрийг хөгжүүлье гэвэл үүнийг шууд хийгээч ээ” гэх байна. Тэгж чадвал Шинэчлэлийн засгийн газрын боловсролын шинэчлэл үр дүнгээ өгч эхэлнэ. Олон хороолол бариад л байдаг. Нөгөө сургууль, цэцэрлэг нь алга. Энэ нь байхгүй юм бол орон сууц бариад хэрэггүй шүү гэх байна. Монголын ирээдүй ингэж л харагдана. Сургууль нь гэртэйгээ ойрхон бол муу нэртэй “үдийн цай”, “үдийн хоол”-ны хэрэг байна уу. Нөгөө алдартай “алтан гахай” жилд төрсөн хүүхдүүд ирэх намар асгартал ороод ирнэ. Сургууль, цэцэрлэг хүн амынхаа өсөлттэй уялдаж байна уу.

-Ойлгож байна аа, хүүхдэд мэдлэг өгөх, оюун ухааныг нь хөгжүүлэхээс гадна хүн болгож хүмүүжүүлэх үндсэн үүрэг бий шүү. Энэ талаар цухас өгүүлээч?

-Хүн болгоно, амьдралд бэлтгэнэ гэдэг эмзэг асуудал шүү. Эцэг эхтэй нь энэ тал дээр хамтарвал илүү үр дүнтэй. Чи ангийнхаа, дүүргийнхээ, цаашилбал улс орныхоо, тэгээд дэлхийн иргэн болохын төлөө сурч, хүмүүжиж байгаа. Үүний тулд “хүн нэрээ, тогос өдөө” гэдгийг олж хар гэх зэргээр би хэлдэг, зөвлөдөг. Би Монгол хүн гэдгээрээ бахархах үзэл хүүхэд бүрийн мах цусанд шингээстэй байгаасай. Үүнд боловсролын бодлого, багш нарын хичээл зүтгэлийг чиглүүлэх учиртай. Багш нар 39 хүүхдэд мэдлэг өгөх үү, нэг хүүхдийг зөв хүмүүжүүлж хүн болгох уу гэдэг дээр биеэ хэрхэн хуваах вэ гэж толгойгоо маажиж битгий суугаасай.

Сайн үйлсийн эзэн эх орныхоо эзэн болдог шүү гэдгийг их л ухаалгаар ойлгуулмаар байна. Итгэл даах, өөрийн зорилготой байх, олон суурь зан чанар бий. Хамгийн гол нь хүүхэд бүрт монгол үндэстэн гэж хэн бэ гэдгийг ойлгуулъя. Чиний дүүрэг ямар дүүрэг вэ. Юугаараа эрхэм бэ гэдгээс эхэлнэ. Миний гэр бүл үүгээрээ илүү гэх нь аминчхан болчихно. Хүүхэд бүрийг Монгол хүн болгохын төлөө багшилж байна. Ийм аугаа нийслэл хот, улс эх орноо хөгжүүлэхийн төлөө юм сурч байгаа гэдгийг нь ойлгуулж чадсан бол багшийн нэр зүүсний хэрэг гарна.

Б.Цогнэмэх
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих