Чөлөөт бөхгүй олимпийн наадам болно

024cdd86f4e763b6originalМонгол Улсын олимпийн наадмаас авсан нийт 24 медалийн 9-ийг ЧӨЛӨӨТ БӨХ-ийн төрлөөр авсан байдаг./Лондонгийн олимпийн өмнө 19-с 8 нь, Бээжингийн олимпийн өмнө 15-с 8 нь /50 хувиас илүү нь!!!/ байлаа/. Манайхан Олимп болохоор л чөлөөт бөхийн тамирчдаа амжилт гаргана гэж найддаг. Даже, ТӨР нь хүртэл шүү. ТОП-4 төрөл гэж гаргаад, эдгээртээ бусад спортоос илүү мөнгө төсөвлөж, Олимпийн тэнгэрт Монгол Улсынхаа далбааг мандуулна гэж бараг л гэймблдэнэ. Гэтэл, Олон улсын олимпийн хорооноос өнөөдөр чөлөөт/сонгомол бөхийг 2020 оны Олимпийн наадмын төрлөөс “одоогийн байдлаар” хаслаа. Манайхан ч их бухимдана даа. Би хэдий чөлөө бөхөд дуртай ч үүнийг маш эрүүл зөв, шийдвэр гэж бодож байна.

“Олимпийн наадам” бол 4 жилд нэг удаа зохиогддог асар том “шоу-бизнес”. Хамгийн саяхны жишээг дурдахад л “Лондон-2012″ олимпийг зохион байгуулахад 8.9 тэрбум паунд зарцуулагдсан бөгөөд үүний үр дүнд 2017 он гэхэд тус улсын эдийн засагт 16.5 тэрбум паунд орж ирнэ гэсэн судалгаа байна. За, тэгэхээр 4 жил хүлээлгэж байгаад, сар гаруйхны дотор бужигнуулдаг болохоор агшин бүр нь үнэтэй. Тэгэхээр үзэгчдийн сонирхлыг татаж чаддаггүй спортын төрөл хасагдах л жамтай. Чөлөөт/сонгомол бөхийн спортыг хасах шийдвэр гаргахдаа ТВ-ийн рэйтинг, билетний борлуулалт, сэргээшийн асуудал, дэлхийн даяарх сонирхогчдын тоо зэрэг 30 гаруй ангилалтай судалгааг үндэслэсэн болохыг http://www.bbc.co.uk/sport/0/olympics/21427455 энд дурджээ. 3-хан сая гаруй хүн амтай Монгол Улс олимпийн наадамд амжилт гаргахын тулд тамирчиддаа насан туршид нь мөнгө амлаад, улсынхаа төсөвт олимпийн бэлтгэлд зориулан мөнгө суулгаад байхад түүнийг нь тоох ч үгүй ТОП-4 төрлийнх нь нэгийг нулимаад хаядаг Олон улсын олимпийн хороо үгүй ээ мөн хүйтэй сэтгэлтэй еэ! Нөгөө Олимпийн наадмыг магтан хүн төрөлхтний их баяр наадам, хүмүүнлэг, энхтайвны билэг тэмдэг гээд маргаад байсан нөхөд минь ээ, юу болчихов оо!

Чөлөөт бөхийн спорт яагаад хасагдах дээрээ тулав? Хамгийн түрүүнд энэ спортод ЦӨӨН ХЭДХЭН УЛС ноёлдог: Ази, Европоос ЗХУын бүрэлдэхүүнд байгсад, Иран, Япон, 2 Солонгос Америк тивээс АНУ, Куба, бараг л ингээд гүйцээ. Ингэхээр сонирхогчдын цар хүрээ автоматаар хумигдана. Үзэгчид, сонирхогчдынхоо тоог нэмэхийн тулд бөхийн барилдаанаа өрсөлдөөн, сонирхолтой болгох гэж байна гээд дүрмээ бараг жил бүр өөрчилдөг болсон. Огт мэддэггүй хүн үзэх юм бол ойлгох ч үгүй. Сумо шиг дэвжээнээс түлхээд гаргахаар амархан 1 оноо өгөөд байхаар чинь хэн юу гэж л орооцолдсон уран барилдаан гаргах вэ дээ. Нэг үе үзээд л олон оноо авсан нь ялдаг байхад л хамгийн амар, ойлгомжтой байж. Одоо хэн түрүүлж 2 үе ялсан нь ялагч болох ба 3-н үеийн барилдаан гарахад нийлбэрээр олон оноо авсан нөхөр ялагдаж л байдаг юм. Ийм сонирхолгүй болоод байгаа юмыг чинь хэнбугай тоох билээ дээ. ЗХУ гэсэн асар том массын үлдэгдлээр л амьд явж байгаа спорт байх. Магадгүй энэ инерциэрээ ОУОХ-ын дараагийн хуралдаанаар Олимпийн төрөлд орохоор өрсөлдөж байгаа бусад спортуудаа дараад буцаад ороод ирж ч магадгүй.

Гэтэл, Олимпийг Монгол Улсад хамгийн урт удаан хугацаагаар мэдэж байгаа Д.Загдсүрэн дарга ТА ийм эрсдэл байгааг харсан уу? Үүнийг мэдсэн бол нөгөөх мөнгө цацах зарлигаа Ц.Элбэгдорж ерөнхийлөгч гаргах байсан болов уу? Бас л сонин!

Бид эндээс юуг ойлгох хэрэгтэй вэ? Муу хүний заяа завагт гэгчээр манай спортын удирдлагын олон жил хараагүй, ухаараагүй байсан юмыг өнөөдөр ОУОХ хийгээд өгчихлөө. Хамгийн сайн нь ирээдүйд спортод хамаг цаг зав, амьдралаа зориулах тавилантай хүүхэд дүү нарт маш том сургамж боллоо. Мэргэжлийн төвшинд спортоор хичээллэе гэж байгаа бол ТА БҮХЭН энэ спортын төрлөөр Олимп, дэлхийн аварга болох нь гол биш юм шүү, харин энэ спортоосоо хоолоо олж идэх боломжтой юу гэдгийг нь харж, ухаарч сонголтоо хийгээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих