Азийн ихэнх оронд Цагаан сар буюу хаврын баяр тэмдэглэдэг

d5bb84688776f6cabigДорнын хуанлигаар Азийн орнуудад энэ жилийн шинэ жил буюу хар могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2013 оны хоёрдугаар сарын 10, 11-нд эхэлж, ирэх оны нэгдүгээр сарын 31-нд дуусна. Хаврын энэ баяр бол Хятад, Вьетнам, Таиланд, Индонез, Малайз, Сингапур зэрэг орнуудын хамгийн гол баярын нэг юм.
Монголчууд үүнийг Цагаан cap гэж нэрлэдэг бол буриадууд «Сагаалган» гэдэг. Уг баярын гол онцлог нь сарны тооллын дагуу өвлийн улирал дуусч, хавар эхэлж буйг илэрхийлдэг. Азичуудын шинэ жил буюу хаврын баяр эртнээс үүдэлтэй бөгөөд өдгөө домог, итгэл үнэмшлийг хүндэтгэн бэлгэдэж, орон орныхоо ёс заншлыг шингээснээрээ онцлогтой.
Домгийн амьтнаас үүссэн баяр
Хятадын эртний домогт өгүүлснээр жил бүрийн шинэ жилээр хятадууд Ниан хэмээх домгийн амьтантай тэмцэх шаардлагатай болдог байжээ. Энэ амьтан шинийн 1-ний эхний өдөр ирж, мал ахуй, үр тариа, хоол хүнс, тэр ч бүү хэл нутгийн иргэд, ялангуяа хүүхдүүдийг нь залгидаг байв. Хүмүүс түүнээс өөрсдийгөө хамгаалахын тулд шинэ жил бүрийг угтаж, үүднийхээ дэргэд хоол хүнс тавьдаг байжээ. Ялангуяа хэн их хоол тавина, түүнийг өнөөх араатан өршөөж, энэрэнгүй хандана гэж үздэг байв.
Ниан өөрт нь зориулж тавьсан хоолноос идээд цаддаг болсноор хүмүүс рүү дайрахаа больж, амар жимэр амьдрах болсон гэнэ.
Нэгэн удаа тэрхүү араатан улаан өнгийн хувцас өмссөн жаахан хүүхдээс маш их айж буйг хүмүүс анзаарчээ. Тэр цагаас хойш Цагаан cap болмогц хүмүүс цонх, хаалганыхаа дэргэд улаан дэнлүү, лаа өлгөдөг болсон гэдэг. Үүнээс гадна Нианыг үргээхийн тулд пуужин тавьдаг болжээ. Хожим нь Нианыг Эртний Даосын лам Хунзюнь Лаожи барьж авч өөрийнхөө унаа болгосон аж.
Хятадууд баярын шөнө үсээ угаахыг цээрлэдэг
Хятадуудын хувьд энэ бол гэр бүлийн баяр юм. Тэд баяраас өмнө хаалга, цонхон дээрээ муу бүхнийг үл нэвтрүүлнэ хэмээн улаан өнгийн цаас наадаг. Түүнчлэн ойр дотныхон, найз нөхөд, ажлын хамт олондоо бэлэг худалдан авч, бүх өрөө дарахыг хичээдэг.
Хятадууд шинэ оноо аз жаргалын улаан өнгийн хувцастай угтахыг хичээдэг. Харин баярын өмнөх орой гэр бүлээрээ зоог барьж, тахил өргөдөг. Ингээд халуун ам бүлээрээ сайн сайхан зүйл хэлэлцэж, муу муухайгаа ардаа орхидог аж. Үүнээс гадна энэ шөнө үсээ угаах, уйлахыг цээрлэнэ.
Айл бүр гэр орноо сайтар цэвэрлэж, аз жаргалынхаа үүдийг нээдэг. Харанхуй болохын алдад бүх хүн гудамжинд гарч, жимс, ногооны хэлбэртэй дэнлүүгээ асаацгаана. Ингэснээр ирэх оныхоо замыг гэрэлтүүлж байна гэж үздэг аж. Түүнчлэн аз жаргалаа үргээхгүйн тулд бүх хүн үүр цайтал сэрүүн байна. Өргөн олны зугаалгын үеэр ёслолын буудлага хаа сайгүй нүргэлнэ. Харин шинэ оноо өглөөний нарны туяатай угтдаг. Энэ үеэр үр хүүхдүүд нь эцэг, эхийнхээ амар мэндийг мэдэж, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байхыг ерөөнө. Үүний хариуд ерөөл сонсож, улаан өнгийн цаасан дугтуйтай мөнгө бэлгэнд авдаг аж.
Вьетнамчууд мөрөг загас усанд тавьдаг
Вьетнам ч бас Хятадтай нэг өдөр энэ баярыг тэмдэглэдэг. Энэ нь тус улс Хятадын нэг хэсэг байсантай холбоотой биз ээ. Вьетнамчууд «Тэт» хэмээн нэрлэдэг энэ баяраараа хашаандаа түүдэг асааж, түүндээ будааны талх жигнэдэг. Ингээд гэр бүлээрээ өглөө болтол дуулж хуурдаж, бүжиглэдэг бай¬на. Харин нар мандах үед ойрхон байрлах усны газар очно. Тэндээ эртний уламжлалын дагуу зах, лангуун дээрээс худалдан авсан мөрөг загасаа тавьдаг байна. Мөрөг загас бол дээд бурхны ариун загас юм.
Малайзчууд 15 хоног баярладаг
Малайзад ч бас хаврын тэргүүн сарыг тэмдэглэдэг. Гэхдээ энэ улс Европын тооллын шинэ жил, Энэтхэг тооллын шинэ жилийг давхар тэмдэглэдэг аж. Тиймээс Малайзыг шинэ жилийн баяруудын нэгдэл гэж нэрлэж болно. Хаврын тэргүүн сарын эхний хоёр өдөр амардаг бөгөөд 15 хоногийн турш баярлаж цэнгэдэг. Гудамжаар янз бүрийн хувцас өмссөн хүмүүс жагсаж, бүжиглэж, дуулж, ёслолын буудлага хийж баярладаг байна.
Тайландчууд жилд гурван удаа шинэ жил гаргадаг
Таиландад хятад угсааны олон хүн аж төрдөг. Тиймээс хаврын баярыг европ шинэ жилээс дутахааргүй тэмдэглэнэ. Түүнчлэн энэ жил тайландчууд гурван удаа шинэ жилээ тэмдэглэх аж. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 31-нд шинэ оноо угтсан, нэгдүгээр сарын 23-нд дорнын тооллын шинэ жилээ тэмдэглэсэн бол дөрөвдүгээр сарын 13-нд «Сонгкран» буюу «Таи» үндэстний шинэ жилээ угтана.
Буриадууд хурал ном хурж цэнгэдэг
Cap шинийн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 11- нийг манай хойд хөрш ОХУ- ын Буриад улс амралтын өдөр болгон зарлажээ. Буриадууд Цагаан сарыг «Сагаалган» гэж нэрлэдэг бөгөөд өндөр ач холбогдол өгч тэмдэглэдэг юм. Энэ өдөр ард олноороо зугаалж, тоглолт, спорт, урлагийн янз бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Баяраас гурав хоногийн өмнө дацангуудад хурал ном хурдаг бөгөөд галын засал хийдэг аж. Хурал дагагсад шинэхэн цай, сүү, бурхан тахилд өргөх хүнсний зүйлс авч ирдэг.
Камбожийн иргэд ажлын өдрөөрөө баярладаг
Камбожид энэ өдөр төрийн баяр болдоггүй. Гэсэн хэдий ч хүн амын ихэнх нь хятад гаралтай учир Хаврын баярыг тэмдэглэдэг аж.

URL:

Сэтгэгдэл бичих