Зурхайн ухааныг цэгцлэх цаг болжээ

3241649272_261a6f59e9Зурхайчид хоёр хэсэгт хуваагдаж, Монголын ард түмнийг ёстой төөрөгдүүлж байна даа, төөрөгдүүлж байна. Хүн болгон зурхайч биш юм хойно, хэнийх нь үгэнд итгэхээ мэдэхгүй, буруу зөрүү өдөр мөр зүгээ гаргаж, ёстой холион бантан хутгасаар хэдэн жилийг ардаа үдлээ. Энэ жил мөн л зурхай зөрж, шинийн нэгний өдөр сар гарлаа.. Зарим нэгэн нь шинийн хоёрны сар харчихлаа. Шар зурхай үнэн байжээ гэх. Зарим нь шинийн нэгний өдөр хааяа сар гардаг юм гэх. Аль нь үнэн болохыг хэлж мэдэх биш.. Сар гардаг байлгүй дээ гээд л сэтгэлээ түр ч атугай ариусгаад л өнгөрөх боллоо.

Аль нь жинхэнэ шинийн хоёрны сар болохыг ч мэдэх юм ёстой алга. Угтаа бол шинийн нэгэнд сар гардаггүй гэлцдэг. Гэтэл шинийн нэгэнд шинийн хоёрны сар гарчих юм. Энэ байдлыг цэгцэлж, нэг тийш болгохгүй бол монголчууд сар шинэ тохиохоор л хоёр хуваагдаж золгох болох нь.. Мэдээж ихэнх нь төрийн өндөрлөгүүд хэдийд золгохыг хүлээж, тэднийг л дагаж буй. Гэвч төрийн өндөрлөгүүд мөн л буруу өдрийг сонгон золголт хийгээд байвал яах вэ?

Зурхайн ухаанд буруу цагт, буруу зүгт зам мөрөө гаргавал ажил үйлс доройтох нигууртай гэдгийг анхааруулсан байдаг юм билээ. Гэтэл Монголчууд энэ олон зурхайчийн хэнд нь итгэхээ мэдэхгүй тээнэгэлзэж, буруу зөрүү өдөр зүг мөрөө гаргаж, ахас ихсээ хүндэтгэсээр байна.

Одоо цагт дэндүү олон зурхайн ухаан байгаа нь зарим талаар сүсэгтэн олны толгойг эргүүлж, тэдний сүсэг биширлээр доог тохуу хийсэн хэрэг болж байна. Цагаан сарын тэмдэглэн өнгөрүүлэх тов л гэхэд олон хоногоор зөрж гарах болж, зарим жил нь овоо таарах юм. Үнэндээ энэ бүхнийг алийг нь дагахаа мэдэхээ байж эхэлж байна. Одоо Монголын ард түмэн яах ёстой вэ? Төөрч будилж, хоёр өдөр золгосоор байх уу.. Эсвэл буруу зөвийг нь мэдэхгүй өдрөө золгоод сар харж,  “буруу өдрөө золгож дээ” хэмээн сэтгэлдээ буртаг хурааж суух уу..

Хэзээ хавар, зун болж байгааг мэдэхгүй, хэзээ шинэлж золгохоо мэдэхгүй байна гэдэг бол гутамшиг. Зурхай гэдэг өөрөө агуу их тооны ухаан юм.

Гэвч Шар зурхай, Төгсбуянтын зурхай гэгч хоёр зүйл Монголчуудын тархи толгойг эргүүлж, төөрөгдүүлж байна. Аль нь зөв болох, аль нь буруу болохыг хэлэлцэн тогтож, ард түмнийг төөрөгдүүлсэн, сүсэг биширлээр нь тоглосон энэ байдлыг таслан зогсоох цаг нь ирсэн биш гэж үү.. Ёстой л төр засгийн хүрээнд авч үзэж, шуудайд хийсэн олон салаа эврийг нэг тийш чиглүүлэх цаг ирсэн юм биш үү..

Одоо л энэ байдлыг цэгцлэхгүй бол хөл толгой нь олдохгүй, хэн дуртай нь өөрийнхөөрөө тайлбарладаг замбараагүй байдал цаашид үргэлжилж, эцэстээ Монгол түмний билэгдлийн баяр “Цагаан сар” утга учраа алдах нь.

Н.Чинзориг

Эх сурвалж: new.mn


URL:

Сэтгэгдэл бичих