Яшар Догугийн тэмцээнээс Э.Ням-Очир мөнгө, П.Өнөрбат хүрэл медаль хүртлээ
Туркийн алдар бөх Я.Догугийн нэрэмжит 41 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцсон шигшээ багийн тамирчдаас ОУ-ын хэмжээний мастер Э.Ням-Очир мөнгөн, П.Өнөрбат хүрэл медаль хүртжээ.
Туркийн алдарт бөх Яшур Догугийн нэрэмжит олон улсын 41 дэх удаагийн тэмцээн Турк улсын нийслэл Анкара хотноо зохиогдож өндөрлөлөө. Тус тэмцээнд Азербайжан, Гүрж, Киргиз, Монгол, ОХУ, Турк, Узбек зэрэг 12 орны 150 гаруй бөхчүүд өрсөлдөж манай улсаас 6 бөх дэвжээнд гарснаас 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Энхсайханы Ням-Очир /”Хилчин” спорт хороо/ мөнгө, 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймгийн ”Мега-Старс” клуб/ хүрэл медаль хүртлээ. Э.Ням-очирын хувьд 2009 онд тус тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
Манай бөхчүүд хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Болгар улсын Пловдив хотод болох Болгарын алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 51 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцохоод эх орондоо ирэх юм.
Ж.Цэцэг
URL: