Х.Цагаанбаатар Парисын “Их дуулга”-д жин өгсөж аваргаллаа
Европын цуврал тэмцээнд зодоглохоор өнгөрөгч лхагва гаригт хилийн дээс алхсан Монголын жүдочдын анхны “зогсоол” олз арвинтай байж, өнөөдөр Францын нийслэл хотноо эхэлсэн “Их дуулга”-ын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртлээ. Бага дэлхийн аварга гэгддэг Парисын “Их дуулга”-д энэ жил дэлхийн 54 орны 388 жүдоч уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөж байна. Өргөн бүрэлдэхүүнтэй буурал тивийг зорьсон Монголын жүдочдоос Парисын “Их дуулга”-д эрэгтэй 11, эмэгтэй зургаан тамирчин зодоглож байгаа юм. Манай тамирчдын хувьд энэ тэмцээн улсын аварга шалгаруулах тэмцээний дараах, мөн 2013 он гарсаар олон улсын чанартай анхны тэмцээн билээ.
Чансаа өндөр, тэр хэрээр өрсөлдөөн хурц байдаг Парисын “Их дуулга”-ын эхний өдөр 73 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар алт, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг хүрэл медаль тус тус хүртлээ. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн аваргууд тодорсон. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас Д.Амартүвшин, Г.Хэрлэн /хоёул 60 кг/, Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр /хоёул 66 кг/, Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, /хоёул 73 кг/, М.Уранцэцэг /48 кг/, Б.Бат-Эрдэнэ, Ч.Аззаяа /хоёул 52 кг/, Д.Сумъяа /57 кг/, Ц.Цэрэннадмид /63 кг/ нар Парисын татамид хүч сорьсон юм.
Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын тухайд 73 кг-ын жинд зодоглож, тус тэмцээнээс анхны алтан медалиа зүүсэн юм. Тэрбээр эхний тойрогт Австрийн Петер Шарингерийг, удаахь барилдаанд Грекийн Георгеос Азоидисыг цэвэр, дараа нь Израилийн Саки Мугийг мөн цэвэр ялж, улмаар Гүржийн жүдоч Зебеда Рехвиашвилиг ялж, хэсгийн аварга болсон. Ингээд хагас шигшээ барилдаанд Японы Оно Шохейг вазари үнэлгээгээр ялж, аваргын алтан медалийн Бразилийн жүдоч Бруно Мендонкаг вазари үнэлгээрээ буулган авснаар Парисын “Их дуулга”-ын 73 кг-ын жинд аваргаар тодорлоо. Тус жинд Нидерландын Декс Элмонт, Японы Оно Шохей нар хүрэл медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглосон ОУХМ Д.Төмөрхүлэгийн хувьд “А” хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын жүдоч Михаил Пуляевийг цэвэр, удаахь тойрогт Францын бөх Клемен Шукиевичийг мөн цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Казахстаны жүдоч Азамат Мукановыг буулган авсан. Ингээд Японы жүдоч Томофүми Такажог нэг вазари, нэг юүко үнэлгээгээр ялснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Шийдвэрлэх барилдаанд харамсалтай нь нутгийн бөх, залуучуудын дэлхийн аварга Дэвид Ларостой барилдаж, 2:36 минутад цэвэр дийлдсэнээр мөнгөн медалийн тавцанд гарав. Харин хүрэл медалийн эздээр БНСУ-ын Чо Жун-хо, Японы Томофүми Такажо нар тодорсон юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн ОУХМ М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Израилийн Шира Ришониг цэвэр, улмаар БНСУ-ын тамирчин Чой Сохиг барилдааны 17 дахь секундэд цэвэр ялснаар хэсгийн аварга болсон. Гэвч хагас шигшээ барилдаанд Японы шилдэг жүдоч Харуна Асамид ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Ингээд хүрэл медалийн төлөө Бразилийн жүдоч, Лондонгийн олимпийн аварга Сара Менезестэй барилдаж, цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн боллоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-д аваргын алтан медалийг Японы Асами хүртэж, Францын Летития Пает мөнгө, Кубын жүдоч Мария Селия Лаборде хүрэл медаль тус тус хүртлээ.
Сануулахад, Парисын “Их дуулга”-ын шагналын сан 150 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн бөх 5000 ам.долларын мөнгөн шагнал хүртэх бол мөнгө ба хүрэл медалийг 3000, 1500 ам.доллар тус тус дагалдах юм. Түүнчлэн түрүү бөх чансааны 500 оноо, мөнгөн медалийн эзэн 300, хүрэл медальтан 200 оноо хүртэх билээ.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш үлдсэн жингийн аваргууд тодорно. Монголын жүдочдоос маргааш О.Ууганбаатар /81 кг/, Д.Бат-Эрдэнэ /90 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Б.Сугаржаргал, Ө.Дүүрэнбаяр /хоёул +100 кг/, Ц.Наранжаргал /70 кг/ нарын тамирчид Парисын “Их дуулга”-ын дэвжээнд хүч сорих юм.
С.ЦЭЛМЭГ
URL: