Монгол хүний эрхэмлэх ёсон

527-1360321821pict

Эрхэм зургаан зүйл:

1.    Үнэн бат журмыг үргэлж хичээж байх

2.    Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах

3.    Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах

4.    Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах

5.    Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах

6.    Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

Монгол айлын дөрвөн чухал ёс:

1.    Эцэг эх асралтай

2.    Эх энэрэлтэй

3.    Дүү бишрэлтэй

4.    Хүү тахимдуу

Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:

Гадаах ажлыг эр нь мэднэ

Гарах орохыг эм нь мэднэ

Саадаг нумыг эр нь мэднэ

Сааль савыг эм нь мэднэ

Аян жинг аав нь мэднэ

Ааль аашийг ээж нь мэднэ

Ардаг догшныг аав нь мэднэ

Авах гээхийг ээж нь мэднэ

Эцэг хүний таван эрдэм:

1.    Уужим ухаан

2.    Хатан зориг

3.    Бат журам

4.    Өрх гэрийн түшиг

5.    Үр хүүхдийн сүр сүлд

Эцэг хүний цээрлэх найман зүйл:

1.    Бор дарсанд үл шунах

2.    Болчимгүй үгэнд үл автах

3.    Болох болохгүй хэргийг сэдэх

4.    Богд Чингисийн сургаалд үл тэрслэх

5.    Үр хүүхдээ үл хараах

6.    Үнэн ханийг үл гомдоох

7.    Үйлийн хэцүүгээс үл шантрах

8.    Өмсөхийн өнгөнд үл автах

Эх хүний есөн эрдэм:

1.    Өнгөнд цэвэр

2.    Үйлэнд уран

3.    Үрд энэрэлтэй

4.    Үргэлж цэмцгэр

5.    Ханьдаа түшигтэй

6.    Хадамдаа элэгтэй

7.    Найранд дуутай

8.    Настанд ерөөлтэй

9.    Нартад буянтай

Эхнэр хүний цээрлэх таван гэм:

1.    Эр бусдыг сэтгэх

2.    Атаа жөтөө өвөрлөх

3.    Муу санаа агуулах

4.    Харамч байх

5.    Зохилдохгүй үйл үйлдэх

Эрхэм сайн хөвгүүний ёсон:

Эцгийн сургаалаар явагч, эрдэм сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй, шударга хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.

Асар муу хөвгүүний шинж:

Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаа нуун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас ихэсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн муу хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно.

Эрхэм сайн охины шинж:

Сайхан гоо зүстэй, санаа сэтгBkyэл номхон дөлгөөн, саруул ухаантай, эхийн сургаалаар явагч, эгч дүүтэйгээ эвтэй, эсгэх оёход уран, алиа наадгайд дургүй, ахуй биеэ хичээн хадгалаад, ахас ихэсийг зэргээр хүндлэгч, уур хилэнгүй.

Асар муу охины шинж:

Авир дүр нь чөтгөр мэт, ааш зан нь сармагчин мэт, асар их ууртай охин муу, ачит эцэг эхээ сургахад уурлан, ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч, алиа наадгайд маш баясан, айл хэсэгч охин муу, үйл хийхэд дургүй, үг хов хэлэх дуртай, үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч, үл бүтэх, айх ичихийг үл мэдэн, ажиггүй шалиг үг хэлэлцэн, аливаа садар самуун явдалтай, аальгүй.

Хүүхэд хүмүүжүүлэх ёсон:

Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно

Хэтэрхий өнгө үзэмжид дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно

Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно

Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ

Нойронд автуулахаас болгоомжилж эрт босохыг хичээдэг болго

Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга

Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга

Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга

Хов зөөх, илүү үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ

Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга

Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга

Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга

Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга

Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга


URL:

Сэтгэгдэл бичих