Хог хаягдлыг шинэ журмаар тээвэрлэнэ
Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журамын төслийг Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Энэхүү журмаар Нийслэлийн айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах, Хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэх зэрэг үйл ажиллагааг зохицуулах юм байна. Дүүрэг бүр харъяа хэд хэдэн хороодыг нэгтгэж бүсүүдэд хуваах ба нэг бүсэд нэг тээвэрлэгч байхаар сонгон шалгаруулалтыг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сонгон шалгаруулах юм байна.
Тухайн шалгарсан этгээдтэй дүүргийн Засаг дарга гэрээ байгуулж, сар бүр хог цуглуулж, тээвэрлэсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилтийг олгохоор журамлажээ. Гэхдээ санхүүжилтийг олгохдоо тухайн бүс хороо хог хаягдалгүй байх гэсэн үндсэн шалгуурыг тавих юм байна. Хамгийн чухал нь их хог тээвэрлэхдээ бус тухайн орчин цэвэр цэмцгэр хоггүй байх нь чухал гэдгийг Б.Бадрал дарга онцоллоо.
Журмын дагуу хог тээврийн гэрээг хэд, хэдэн шалгуур үзүүлэлтээр дүгнэхээр тусгажээ. Тухайлбал байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хог тээвэр, цэвэрлэгээний талаарх сэтгэл ханамж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн санал, гомдол, Хорооны Засаг даргын тодорхойлолт, хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх хуваарь, маршрутыг мөрдөж ажилласан байдал, ил задгай үүсмэл хогийн цэгүүдийг устгасан байдал, машин техникийн эвдрэл, гэмтэл зэрэг шалгууруудаар гэрээний биелэлтийг дүгнэх юм байна. Шалгуур үзүүлэлтийн дагуу “Хог цуглуулж, тээвэрлэх гэрээ”-г дүүргийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хамтран дүгнэж, гэрээг сунгах, урамшуулах, цуцлах эсэх асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр журамласан байна. Мөн Сонгон шалгаруулалтад илт худал мэдээлэл ирүүлсэн, сонгон шалгаруулалтыг санаатайгаар будлиантуулсан этгээдийг дахин сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх нөхцлийг бүрдүүлж, журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох юм байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хог ихтэй газрууд хоггүй цэвэр болсон байх нь энэхүү шинэ журмын үр дүн шүү, дүүргүүд өөрсдөө тухайн хэсгээ хариуцаж авах нь зөв зохицуулалт байна. Тиймээс журмын дагуу хариуцлагаа тооцож ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй гэв. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, үйлчилгээний хураамжийг төвлөрүүлхэд мөрдөх журмыг батлан тогтоол гаргалаа. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 30 дугаар тогтоолыг 2013 оны 3-р сарын 31-ний өдрөөр хүчингүй болгохоор тогтоолоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: