Ж.Цогт: Орон нутгийн зам хаагдаж болзошгүй
Сар шинийн өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторийн эрхлэгч Ж.Цогтоос тодрууллаа.
-Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
-Ойрын үед нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарсан. Ерөө, Хэрлэн, Халх голын сав газраар -37 -42 хэмийн хүйтэн хонож байна. Харин энэ байдалтай харьцуулбал сар шинийн өдрүүдэд хүйтний эрч буурна.
-Баярын үеэр олон хүн орон нутаг руу явах байх. Цас орох уу?
-Нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаа. Гэтэл бараг цасгүй өвөлжсөн Говь-Алтай, Баянхонгор аймгийн урд хэсгээр пүрэв гарагаас эхлэн цас орж эхэлсэн. Тиймээс 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй болчихлоо. Энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд баруун өмнөд хэсгээр, 11-нд говийн нутаг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орно. Шинийн 2-нд зарим нутгаар цас орох тул цаг агаар муудаж болзошгүй. Цасгүй өвөлжсөн нутгаар цас орж, цаашид ч үргэлжлэх шинжтэй. Тиймээс баруун зүгийн нутгийн зам даваа хаагдаж болзошгүй. Мөн шөнө хүйтэн хонож байгаа тул орон нутгийн замд гарч буй иргэд сэрэмжтэй яваарай.
-Нийслэл орчмын цаг агаар ямар байх вэ?
-Одоогийн байдлаар нийслэлд өдөрт 18-20 хэмийн хүйтэн байна. Харин баярын өдрүүдэд 12-14 хэм болж хүйтний эрч суларна.
Б.Заяа
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: