Ц.ЭЛБЭГДОРЖ: Ойрхи Дорнод Монголоос юу суралцаж болох вэ?
2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын “Foreign policy” сэтгүүлийн веб хуудсанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн бичсэн “Ойрхи Дорнод Монголоос юу суралцаж болох вэ?” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. Тэрбээр нийтлэлдээ одоогоос 20 жилийн өмнө Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл явцыг өнөөдөр Араб дахинд болж буй бослого тэмцэлтэй харьцуулан дүгнэжээ.
“Тунис болон Египетэд өрнөж буй жагсаал цуглааныг дэлхий даяараа анхааралтай ажиглан харж буй энэ мөчид тэртээх 20 жилийн өмнө Сүхбаатарын талбайд намайг эзэмдэж байсан бодол дахин төрсөн юм. Тэр үед коммунист дэглэмийн эсрэг ардчиллын төлөөх тэмцлийг зохион байгуулагчдын нэг байсны хувьд хэлэхэд, эрх баригчид биднийг мохоон дарж, буулган авах вий гэсэн айдас арилах тэр мөчийг хүртэл тачигнасан жихүүн хүйтэнд хэдэн өдрийн турш зогсож байсан билээ. Эрх чөлөө ялна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагүй ч эцсийн эцэст бид ялалтад хүрсэн.
Өөрсдийгөө “байдлыг бодитойгоор дүгнэгч” хэмээн үнэлдэг гадаад бодлогын шинжээчдийн хувьд ч гэсэн Ойрхи Дорнодод өрнөсөн үйл явдал гэнэтийн зүйл байсан гэнэ. Гэвч үнэн хэрэг дээрээ энэ бүхэн “гэнэтийн” байгаагүй юм. Эцсийн эцэст, хүн бүр эрх чөлөөг хүсэмжлэн, амар тайван амьдрах эрх нь засаг төрийн бодлогод хэрхэн тусгалаа олж байна гэдгийг мэдэхийг хүсч байдаг. Хэрвээ хүмүүсийг энэ эрхээс нь салгаваас, тэд өөрийн эрхгүй түүнийгээ байгалийнхаа зөнгөөр эрэлхийлж, түүнийхээ төлөө тэмцэж, тэр ч бүү хэл амиа өгөхөөс ч буцдаггүй.
Удирдагч хүн бүр энэ бүхнийг ойлгон хүлээн авч, улс төрийн өргөн эрх чөлөөг иргэддээ олгох замаар тэдэнд байгаа асар их боломж бололцоог нь нээж өгөх хэрэгтэй. Энэ бүхнээс л чанартай боловсрол олох, ашиг орлоготой байж, амьдралын түвшин сайн байх эсэх нь хамаардаг. Уг мөн чанараараа бол ардчилал нь тайван замаар явагддаг юм. Ардчилсан үйл явц нь хүч хэрэглэх бус харин яриа хэлцээний замаар асуудлыг шийдэхийг үндсэн зарчмаа болгодог.
Зарим хүн Ойрхи Дорнодод гарч буй өөрчлөлтөөс болгоомжилж байгаа нь илт, гэвч энэ эргэлзээ тээнэгэлзэл одоо үгүй болсон. Мэлрэг цэцгийн хувьсгалын үзэл санааг талархан хүлээн авч, дэлхийн улс орнууд өөрчлөлтийн энэ үйл явцын хүрээнд ардчиллын үнэт зүйлсийг “соёолуулан”, бэхжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Улс төрийн олон урьгалч үзлийг бий болгож чадваас алан хядлага, хүчирхийллийг өөрчлөлтийн хөдөлгөгч хүч хэмээн үздэг Аль-Кайда зэрэг хэт зүүний үзэлтнүүд аргагүйн эрхэнд ялагдах болно.
1990 онд Монголын Улс төрийн товчоог огцруулсны дараа ардчиллын удирдагчид ” Одоо яах вэ?” гэсэн сорилттой тулгарсан юм. Аливааг эсэргүүцнэ гэдэг амархаан. Тэмцэгч байснаа хамгаалагч болно гэдэг үнэнийг хэлэхэд бидний хувьд тун ярвигтай зүйл болон хувирсан юм. Бид хувь хүний эрх чөлөө, ардчиллын үйл явцыг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг баталж, хараат бус шүүхийн тогтолцоог бий болгож чадлаа. Улс төр, эдийн засгийн шинэчлэлүүд ч ар араасаа хийгдэж байна. Тэр үеэс хойш Монгол Улсад засгийн эрхийг шилжүүлэх үйл явц тайван замаар болсоор ирлээ. Байгалийн баялаг болон ард түмний маань бүтээлч хөдөлмөрийн дүнд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх арван жилд гурав дахин нэмэгдэхээр төлөв харагдаж байна.
Египет, Тунис болон ардчилсан хувьсгалын замыг туулж байгаа бусад орнуудад туслах хэрэгтэй. Өмнөх үеийн дарангуйлагчдыг дэмждэг авлигад идэгдэж, хулгайн аргад гаршсан хүнд сурталтнууд болоод харгис хэрцгий аюулгүй албаныхныг үндсээр нь өөрчлөх нь зүйтэй. Ард олны тэмцэж олсон улс төрийн ололтыг хамгаалан баталгаажуулахын тулд хууль тогтоомж батлах хэрэгтэй. Ардчилсан засаглалд тайван замаар шилжсэн Монгол болон бусад орнууд энэ бүхэнд нь тусалж байх нь зүйтэй. Хэдийгээр зан заншил, соёл уламжлалын хувьд бид өөр хоорондоо ялгаатай боловч амжилт ололт болоод алдаа дутагдлаасаа суралцсан зүйлээ хуваалцан зөвлөх нь тэдгээр орнуудыг хөл дээрээ босох, улс орныхоо шинэ ирээдүйг цогцлоон байгуулж эхлэхэд нь үнэлж баршгүй тус нэмэр болохсон. Ойрхи Дорнодын залуу ардчилагчдад байнга урам хайрлаж байх хэрэгтэй. Итгэл найдвар, хүлээлт гэдэг бол цаг ямагт хүссэн үр дүнг авчирч байдаггүй билээ. Тэгээд ч ардчиллын зам маш урт, хүнд хэцүү бас эх адаггүй, эмх замбараагүй байх нь бий.
Ойрхи Дорнодод гарсан их өөрчлөлт нь ард олны оюун санаанд бий болсон бөгөөд тэд айдсаа ялан дийлсэн нь сургамж болон үлдэнэ. Бурангуй коммунист нийгэмд амьдарч, бас түүний эсрэг тэмцэж байсны хувьд нэг л зүйлийг би ухаарч авсан юм. Эрх чөлөөг хүсэмжилсэн ард олны нэгдмэл санаа зоригийг сөрөн зогсож чадах ямар ч дарангуйлагч, цэргийн болон захиргаадалтын дэглэм байхгүй.
Орчуулсан Б.Адъяахүү
Эх сурвалж даяармонгол.ком
URL: