Цагаан сар ба хар нулимс
-Сар шинийн өмнөхөн Улсын асрамжийн газар буй ахмадууд юунд бухимдав-
Өглөө унтаж байтал утас дуугарлаа “Байна уу? Миний хүү нөгөө сурвалжлагч мөн үү? Эмээ нь Батсүмбэрийн асрамжийн газраас ярьж байна. Манай энд үхэл, хагацал шиг л юм боллоо. Өндөр ээж маань /Д.Цэндсүрэн дарга/ солигдоод оронд нь юу ч мэдэхгүй зангиа зүүсэн залуу ирсэн. Тэр хүүхэд хөндлөнгийн хөгшид биднийг бүү хэл эцэг эхээ ч асарч сувилж үзээгүй шахам цагаан гартай хүн юм. Олон жил ижил дасал болж урд хойд хормойноос нь зүүгдэж жаргал зовлонгоо хуваалцдаг хүнгүй болох ямар хэцүү юм бэ? Засаг төрийн удирдлагуудад хэлж өгөөч” хэмээн хоолой зангируулан ярих энэ хөгшинийг Хоролсүрэн гэдэг. Тэрбээр залуу зандан насандаа засгийн газрын реперентын алба хашиж явсан нэгэн. Харин одоо Батсүмбэр дахь улсын асрамжийн газар асруулж байгаа. Нар буцах шиг насны хойморт суусан 100 гаруй буурал тус асрамжийн газар байдгийг би мэдэх юм. Нэгэн цаг үед гэр орон, үр хүүхэдгүй хөгшчүүлийг Төв аймгийн Бат-Сүмбэр сум дахь Баянголын асрамжийн газар цөлдөг хэмээн иргэд ярьдаг байсан. “Цөллөг” хэмээх үг юуг илэрхийлдгийг хүн бүр мэднэ. Тэнд очсон хөгшчүүл өлсөж, даарч, нар бараадан сууж бор хоногийг өнгөрөөхдөө зарим нь үр хүүхэд, ах дүү минь ирээсэй хэмээн сэтгэлдээ битүүхэн горьдлого тээж алсад зурайх төмөр замыг ширтэн харуулддаг бол нөгөө хэсэг нь шууд утгаараа үхлийг хүлээдэг гэсэн ойлголт бидний дунд байдаг билээ.
Хормой, ханцуй дээрээ нөхөөстэй хээ нь сэмэрч, өнгө нь гандсан ч дурсамж агуулсан хуучин дээлтэй энэ хэдэн буурал үхлээс бусдыг үзсэн гэж хэлж болох. Алхах бүр цасны чимээ чихран дуугарах идэр есийн хүйтэнд өөдтэй дулаан хувцас, малгай ч үгүй атлаа ямар нэгэн ажил хийхийг хүснэ. Гэвч Баянголын асрамжийн газарт өндөр настнуудаар хийлгээд байх ажил үгүй. Зүгээр сууж өнгөрсөн үеэ дурсана гэдэг буудан хороолгох ял сонссоноос дор шийтгэл ч гэж ярих хүн бий. Одоогоос арав гаруй жилийн өмнөх асрамжийн газрын зураглал өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэлд хадгалагдаж үлдсэнийг дээрх дүрслэл илэрхийлэх байх. Тэгвэл тэрхүү өнгөрсөн орон зайд эргэн очих мэт ахмадууд юунд бухимдан өглөөгүүр утасаар холбогдох болов. Төв аймгийн иргэдийн хурлын даргын шийдвэрээр Батсүмбэр дахь Улсын асрамжийн газрын даргыг сольжээ. Солих болсон шалтгаан нь өнөөх л “мөнгө” идсэн гэх эсвэл өөр “нам” гэх биз. Гэвч тэнэг ухаанаар бодсон ч гэр оронгүй, өмсөх хувцасгүй шахам асрамжинд ирдэг буурлуудаас ямар мөнгө завчуулан идэх билээ дээ. Нөгөө утгаараа хүн асарч сувилахад нам хэрэгтэй байдаг юм бол ядахдаа Д.Цэндсүрэн даргын оронд нас тогтсон эх хүн томилчихож болоогүй л юм байх даа. Эсвэл 20 настай АН-д 40 дээш насны ухаан суусан хүн олдоггүй юм болов уу. Ямартай ч улсын асрамжийн газрын хэдэн хөгшчүүл алхаад алхааг нь гүйцэхгүй, аргадаад аргыг нь олохгүй даргатай болсондоо харамсан халаглаж байна. Хэдхэн хоноод цагаан сар боллоо. Асрамжийн газрын хөгшид яаж шинэлэх бол. Монгол дээл ч зөв өмсч чадахааргүй ажлын туршилгаггүй, 60 настай хүнийг ганц удаа тосоод бие засуулж үзээгүй залуутай золгоно. Тэр залуу нь сүрчиг үнэртэхээс биш хөлс үнэртэж үзээгүй эхэмсэг нэгэн биз.
Уг нь 1998 онд Д.Цэндсүрэнг ажил авсанаас хойш тус асрамжийн газар өрхөө татаж, сүүтэй цай уулгах бүсгүйтэй, үүдээ нээж өдөр хоймороо гийчинээ тухлуулах ширдэгтэй болсныг хүн бүр мэднэ. Тэр бүхнийг бүтээх гэж Д.Цэндсүрэн дарга /нүүрээ ширлэж/ албан газраар гуйлга гуйж, сайнтай нь сайтаж, муутай нь муутаж явсны үр дүнд өнөөдөр Төв аймгийн Батсүмбэр дахт Улсын асрамжийн газрыг олон улсын асрамжийн газрын жишигт хүргэж асруулагчдын сэтгэл хийгээд ахуй орчин халуун дулаан, тав тухтай болгож чадсан юм. Асрамжийн газрын даргыг дарга болох сонирхолтой, намын нэрээр ашиг хонжоо хөөдөг аавын хүү ч хийдэг ажил биш санагдана. Тэр ч утгаараа халуун сэтгэл, зөөлөн гар хүсч явдаг буурлуудыг амьд явах цөөхөн хэдэн насанд нь жаахан ч гэсэн сэтгэл амар амгалан байлгавал зүгээрсэн. Ямартай ч Батсүмбэрийн асрамжийн газрын сар шинэ их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиол шиг болж буй бололтой.
URL: