Хөдөөгийнхөн хотод шинэлэх “Эрхгүй”

oiТээр жил гэхээр болж дээ. Социализмын үеийн дарга нар үзэл суртал гэдэг зэвсэг бариад чангарч байсан цаг. 1960-1970-аад он. Тухайн үед намын бодлогын эсрэг зогсдог хүн бараг байдаггүй л байлаа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй хэмээн ярьдаг ч нам, төр шийдсэн бол буруу нь зөв л байж таардаг ийм зарчим үйлчилдэг дэгтэй. Яг энэ үе буюу 1960-аад онд бид ч хүүхэд байсан болоод нэг их анзаараагүй дээ.

 

Харин томчуул л cap шинэ хийнэ, золгоно гэж хачин юм болно. Cap шинэ гэдэг хэдийгээр Монгол төрийн ёс боловч цагаална гэдэг зөвхөн хөдөөгийнхөн буюу малчдын баяр, тэд л идээ тавгаа засч, ууц шүүсээ тавиад золгож болох. Харин аймаг, хотын, төвийнхөн бол юу ч болоогүй мэт ажлаа хийж байх ёстой гэж. Аймгийн төвд томхон идээ зассан айл байж болохгүй, ууц тавьбал бараг л гэмт хэрэг болох шахна.

 

Цагаан сараар хөдөө очиж шинэлсэн албан хаагч ажил тасалсанд тооцогдох төдийгүй нам, эвлэлийн хурлаар орж сандал, суудалдаа байх эсэхдээ хүрнэ. Ийм цаг үе байсан даа. Энэ тухай дурсах болсны минь учир юу вэ гэвэл саяхан шинэчлэлийн Засгийн газраас аймаг, сумаараа, нутаг усаараа нийслэлд шинэлж золгодгийг зогсоо гэсэн үүрэг өгснийг эргэцүүлбээс зохистой юм шиг санагдсаных.

 

Уг нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа гэдэг талаасаа бол зөв юм л даа. Үнэндээ ч ууц шүүс, тавгийн идээ, айраг цагаа гээд тэр бүгдийг аймгийн, сумынхан гаргадаг нь нууц биш. Улаанбаатарт байдаг нутгийн зөвлөлүүд ч өвөр халаасаа тэмтэрдэг л байх. Бас нутгийнхны уулзалт, золголтоос юм унагаж зарлагаа нөхдөг арга чарга ч бий гэнэ лээ.

 

Тухайлбал, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл золгуут дунд сонирхолтой үйл өрнүүлж хөгжөөдөг, тэгснийхээ хүчинд гайгүй хэдэн төгрөг унагачихдаг гэдэг. Нэг жишээ нь гэхэд ширээ дунд шарсан торойг ууц шүүстэйгээ зэрэгцүүлэн аялуулж үнэ хаялцуулан худалддаг. Нутгийн харьяат бизнесмэнүүдийн цөсийг хөөргөж тухайн жилд орон нутагтаа юу хийхийг нь амлуулж авдаг гээд унац байдагюм билээ.

 

Дундговь зэрэг аймгийн нутгийн зөвлөл нь бүх зардлыг дааж аймгийн төсвөөс мөнгө гаргуулаагүй золгуут хийсэн баримт бас бий. Тийм болохоор нутаг усны золголтыг зарлага үрлэг багатай хийдэг байж болох мэт. Нэг нутаг усныхан жилдээ ганц удаа уулзаж учирч золгоод урдах хойдохоо дурсан ярина гэдэг сайхан байлгүй яахав. Заримд нь амьдрах ухаан хайрладаг, настангуудын хувьд нутгаа гэсэн сэтгэл нь дэвтэж залуужих шиг болдог гэсэн яриа ч бий.

 

Бас нэг аймгийн Засаг дарга ярьж байсан. Нутгийн золголтод хоёр дарга л давхиж ирсэн бензиний зардал гарсан бусдыг нь нутгийн зөвлөл, бизнесмэнүүд даасан юм чинь гэж. Тэгэхлээр золголт нэрээр идэж уулаа. Энэ чинь төсвийн мөнгө урсаж байна гэж битүү хардах нь ямар юм бэ дээ. Төсвийн ч бай мөнгө, төгрөгийг чинь хянаж тооцож байдаг байгууллагууд бий.

 

Тэдний шалгалтаар золголтод төдийг зарцуулж гээд гарсан байвал хариуцлага тооцохоос яахав. Зохион байгуулалтдаа л байна шүү дээ. Түүнээс биш нэг өдөр нутгийнхан цуглаж 2-3 цаг хуучилж суухыг буруутгах хэрэг байна уу. Харин авдар, авдраар архи сөгнөөд байвал туйлын буруу. Үүнийг тас хорьж ч болох. Энд зарчим л үйлчлэх ёстой. Ер нь төсвийн мөнгөөр баяр тэмдэглэж болохгүй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг чанга гэгч нь хэлжээ.

 

Тэгвэл шинэ жил, март, улсын баяр наадамд мөнгө зарцуулдаггүй хийдэгсэн бил үү. Улсын баяр наадамд гэхэд 800 гаруй саяыг улсын төсвөөс гаргадаг болсон. Үүнийг больж таарах нээ дээ. Монголчуудын уламжлалт cap шинэ гэдэг нь түүнтэй адил төрт ёсны нэг баяр мөн шүү дээ. Харин ч cap шинийн онцлог бол төсөв мөнгөнд хамаарал багатай монголчуудын сэтгэл зүрхний баяр гэж болно.

 

Ийм болохоор хөдөөгийнхөн хотод ирж нутаг усаараа золголт хийж болохгүй гэдэг үүрэг жаахан хатуу сонсогдоод байх шиг. Яг социализмын үеийн захиргаадалтын нэг хэлбэр, байгаа оноогүй дэндүү цочмог шийдвэр байж мэднэ. Шинэчлэл чинь уламжлалтайгаа хосолж хөгждөгсөн дөө.
Д.Бичээчхүү

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих