Д.Одбаярын захидал бичих болсон шалтгаан юу байв?
Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилогдон ажилдаа орсноор улс төр намжих болов уу гэтэл эсрэгээрээ МАН-ын доторх бужигнаан нэмэгдэв. Засаг даргад тавигдах шаардлагыг хангахгүйгээ мэдсээр байж энэ олон хүнийг хөлдөө чирэн зүтгэж өөрийгөө болон намын хамт олноо эвгүй байдалд оруулсан хэмээн намын дарга М.Бадамсүрэнг буруутгах хүмүүс олонтаа таарах юм. Үүнтэй зэрэгцээд намайг та нар л “дэвш, дэвшүүл” гэсээр би яваад ийм байдалд орлоо хэмээн М.Бадамсүрэн дарга ч өөрийгөө өмөөрсөн хариу барьж, хүмүүсийн мөс чанарыг цэгнэж суугаа бололтой. Түүнийг “Өөрөө дэндүү улайрсан л даа. Ямар ч байсан хүслийг нь биелүүлж өгсөн. Одоо өөрөө л мэдэх хэрэг” хэмээн нарийн учрыг мэдэх нэгэн ч байна. Нөгөө талаар хөхөө өвлийн хүйтэнд улс, амьтан зутраан, жагсаал цуглаан болж, “ард түмний сонголт” хэмээн МАН-ынхаа нэр нүүрийг барах нь зохисгүй гэх хэсэг ч байна. Цаашилбал, ард түмэн сонголтоо хийчихээд байхад, түүний үр дүнг хангалтгүй зохион байгуулсан буруутан, гэмтэн үзэх хандлага нэгэнт бий болжээ.
Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн асан Д.Одбаярын ярилцлага “Шинэ суваг” телевизээр хэдэнтээ гарч, төрийн хар хүний туршлага зангаргаа харуулж, ямар ч байсан олны анхаарлыг өөртөө татаж амжив. Намын хамт олондоо энэ үеэр бичсэн түүний захидлын талаар асууж сурагласан хүмүүс бидэнд хандсан юм. Манай сонин энэ талаар түүнтэй холбогдон лавлахад тэрээр, хэвлэлд нийтлэхийг зөвшөөрч, “Уг нь намын бүлэгт хандсан захидал юм. Намын бүлгийг хуралдуулна уу, би оролцъё хэмээн бүлгийн даргаас хүссэн ч тэд цаг хугацаа нь тулсан, өөр чухал ажилтай байсан бололтой юм билээ. Тэгээд тэр үеэр нь тараасан юм. Гэхдээ яахав нэгэнт тарсан учир Та бүхэн нийтэлнэ биз ээ. Дорнодынхноос дээгүүр эрх ашигтай нам гэж байж болохгүй учир олноос нуух юм алга даа.” гэв. Арай л оройтсон тухайд тэрээр, “Харин ч цаг үеээ олсоон. Эхлээд нам дотроо ярих боломж гараагүй тул захидал бичиж байр сууриа нийтэд ил болгосон юм. Цаашид ч үнэнийг ярьж, зөвийг зөвлөлдөх юм их байна даа” гэсэн юм. Түүнийг саяхан Засгийн газарт хяналт тавих танхимд хууль, эрх зүйн асуудлыг хариуцан ажиллуулахаар МАН-ын Удирдах зөвлөл нь санал болгосон боловч тэрээр удахгүй Дорнод аймагтаа шилжиж ирэх бодолтой юм билээ. Ингээд аймгийн Засаг даргад М.Бадамсүрэнгийн нэрийг хоёр дахь удаагаа дэвшүүлсэн хуралдаанаас нэг хоногийн өмнө буюу 2013 оны 1 дүгээр сарын 6-ны орой намын бүлгийн дарга П.Мөнхтөр буюу олны ярьж сурснаар Уулаа-д явуулсан түүний захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь
МАН-ын бүлгийн дарга П.Мөнхтөр Танаа
Сонгуулийн хуулийн дагуу өнгөрсөн оны 11 дүгээр сарын 21-ний өдөр явагдсан Орон нутгийн сонгуулийн дүн гарч Дорнод аймагт МАН олонхи болж ялалт байгуулсан хэдий ч өнөөг болтол ялсан намаас Засаг даргаа томилуулж чадахгүй байгаа нь энэ намын гишүүний хувьд миний анхаарлыг татаж байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас МАН-ын дарга М.Бадамсүрэнгийн нэрийг аймгийн Засаг даргад дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгосон боловч Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байна гэдэг үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд томилохоос татгалзсан нь нэгэнт тодорхой боллоо. Ийм нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин хуралдаж мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т заасны дагуу нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байна. Гэтэл манай намын бүлгийн гишүүдийн олонхийн зүгээс намын дарга М.Бадамсүрэнг дахин нэр дэвшүүлж, санал болгох тухай шийдвэр гаргасан байна. Хуулийн дагуу нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх, нэг нэр дэвшигчийг дахин санал болгох хоёр тусдаа ойлголт гэдгийг дурдъя. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1995 оны хуулийн 6 дугаар зүйлд заасан намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэний ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох тухай заалтыг ташаа ойлгон дээрх шийдвэрийг гаргахаар багц ойлголтод хүрсэн байна. Дээрх хууль бол 1994 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж гарсан журмын тухай хууль буюу 2002 оны 6 дугаар сард хүчингүй болсон хууль юм. Иймд 1994 оны хууль хүчингүй болсон тул эх хуулиа дагаад энэ журмын тухай хууль хүчингүй болсон байна. Тэгээд ч журмын тухай хууль аливаа харилцааг тодорхой хугацааны туршид л зохицуулдаг гэдгийг хуульч хүний хувьд Таныг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Дээрх хууль бол 2002 оны 6 дугаар сарын 28-наас өмнө 1990 он хүртэл тухайн үеийн МАХН, 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд УИХ-д суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэдэд хамаарахаас биш М.Бадамсүрэнд хамаарахгүй юм. Одоо энэ хууль үйлчлэхгүй байгаа гэдгийг дахин дурдъя. Дээрх үндэслэлээр нэг дэвшигч М.Бадамсүрэнг томилох шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд гаргахгүй байх эрхтэй бөгөөд хэрэв Та бүхэн хуулийн дагуу 5 хоногийн дотор батлах үүрэгтэй гэж үзвэл нөгөө талаас хууль зөрчиж энэ үүргээ биелүүлэх боломжгүй гэсэн хариу ирнэ гэж үзэж байна. Ингэснээр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилогдох, эсхүл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т заасны дагуу сонгууль явагдсан өдрөөс хойш 50 хоногийн дотор аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлээгүй гэдэг үндэслэлээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тарсанд тооцож орон нутгийн сонгууль дахин явагдах нөхцөл үүсч болзошгүйг анхааралдаа авахыг хүсч байна. Энэ хооронд манай намыг дэмжсэн иргэд, ялангуяа төрийн албан хаагчдын эрх ашиг хохирох бөгөөд хариуцлагыг Та бүхэн хүлээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлье. Энэ тухай намын дарга М.Бадамсүрэнд болон тэргүүлэгчдэд танилцуулахыг хүсье. Намын бүлгийн зарим гишүүд Ерөнхий сайд үндэслэлээ дурдаагүй байна, ярьж байгааг нь харахаар ирвэл баталчихнаа гэсэн утгатай сонсогдож байна шүү, гүрийсэн нь зөв, Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл зүтгэнээ гэх мэт сэтгэлийн хөөрөлд хэт автаж, амбицдаа хөтлөгдсөн зүйл ярьж байгаа нь үүссэн нөхцөл байдалд хэт гоомой хандсан явдал бөгөөд цаашдаа төрийн ажилд ийм маягаар хандвал манай намын гишүүдэд болон нийгэмд учрах хохирол улам нэмэгдэх нь ойлгомжтой юм Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн даргын хувьд бүлгийн хурлыг зарлан хуралдуулж миний биеийг оролцуулан, санал бодлоо илэрхийлэх боломжоор хангаж өгөхийг Танаас хүсье. Ийм боломж байхгүй бол намын бүлгийн гишүүдэд маргааш болох аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас өмнө энэхүү захидлыг тараахыг хүсч байна.
Таныг хүндэтгэсэн
МАН-ын Бага Хурлын гишүүн Д.Одбаяр
2012 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Хэрлэн сум, Чойбалсан хот
Эх сурвалж: “Хөх ДӨЛ” сонин 2013 он. 02/034/
URL: