Ардын намаас эв нэгдлийг илэрхийлэгч нь хэн вэ
Энэ нууцлаг нэр монголын улс төрд анхаарал татаж байна. Ардын намын Удирдах зөвлөл, УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд хамтран хуралдаж ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх талаараа ярилцжээ. Гэхдээ тэрийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гээд тодорхой нэр санал болгосонгүй. Харин хэн байж болох вэ гэдгийг л зөвшилцөж, санал солилцсон байх юм. С.Баяр, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарын нэр байж болох хувилбар дотор зүй ёсоор оржээ. Энэ нь албан ёсных биш гэдгийг тодотгомоор байна. Учир нь Ардын намынхан ард түмний саналаар хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэдгийг шийднэ гэж зарласан. Ингэхийн тулд хүн бүрээс саналыг авах гэхээс илүүтэй намын зүгээс 4-5 хүний нэрийг санал болгож иргэдээс асуух бололтой юм.
Нэр дэвших хүнд тавьж буй Ардын намын гол шаардлага нь намын эрх ашиг бус улс орны эв нэгдлийг илэрхийлж чадахуйц байх юм. Ийнхүүтэд тус намыг төлөөлөх олонд танигдсан чадварлаг улстөрчийн эрэлд гарлаа. Энэ сарын 20-ны үед Ардын намаас тодорхой улстөрчдийн нэрийг гарган ард түмний санал асуулга гэх айхтар нэртэй саналыг биднээс авч, үүнийхээ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмийг ил болгоно.
Ардын намд өнөөдөр бусдыг байлдан дагуулах хүчтэй улстөрч (хууччуулаас) алга гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Иймээс ч “Ерөнхийлөгчийн сонгуульд энэ хүнийг дэвшүүлнэ” гээд гаргаад ирж чадахгүй байгаа болохоор ард түмнээс тусламж эрж байх шиг. Намынх нь зарим гишүүд ч “Нэр дэвшчих хүн харагдахгүй л байна. Гэхдээ гишүүдээрээ ярьж байгаад гаргах байх” гэсэн хүлээлт дунд л байна. Ардын намын лидер улстөрч бол С.Баяр. Гэвч тэрбээр намын ажилдаа оролцох нь битгий хэл эх орондоо амьдрахгүй байгаа. Гэтэл түүнийг ирж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин намынхандаа туслах байх гэж бодож буй хүмүүс олон байна. С.Баярын хувьд бие муу гэх шалтгаанаар Ерөнхий сайдынхаа албыг Сү.Батболдод шилжүүлсэн. Харин түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд хүрээд ирвэл олон нийт хэрхэн хүлээж авах бол, мэдэхгүй юм.
УИХ-ын дэд дарга М.Энхболд нэр дэвших магадлалтай хүний нэг байж болох ч иргэд хүлээж авах нь юу л бол. Яагаад гэвэл нийслэлийн газрын “наймаачин”, Улаанбаатар хотын Засаг дарга байхдаа энэ бүгдийг хийсэн гэх яриа бүрийн ард М.Энхболд байдаг. Энэ талаар хэвлэл мэдээллээр бичигдэж, олон жил яригдсан болохоор түүнийг Монголын ард түмнийг удирдах хүн мөн үүгэдэг нь эргэлзээтэй.
УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Н.Энхболдын тухайд нам дотроо нэрийг нь онцгойлон дурьдаж ярьсан гэх. Гэхдээ түүнийг нэр дэвшүүлэх хүний тоонд оруулж болох эсэхийг л Ардын намын гишүүд зөвшилцөх юм шүү. Тэрбээр зарим хүнийг бодвол “идэж, уусан” хэрэгт хэр бараг орооцолддоггүй, намдаа нэр хүндтэй нэгэн. Гэвч сөрөг хүчин болох УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүдээ удирдаж байгаагаас нь харвал хүчтэй улстөрч гэж хэлэхэд хэцүү. Намаа бүлэгтэй болгох гэж нэлээд зовсны эцэст сая л нэг юм бүлэгтэй болсон. Бүлэгтэй болмогцоо Ардчилсан намынханд талархаж байх жишээтэй. Улс төр бүрийн ард талархал байх нь хэр зохимжтой юм бэ. Харин ч эсрэгээрээ өөрсдийнхөөнэр хүндийг унагаж байгаа юм шигээр харагдаж байсан. Энэ хүн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байж чадах уу. Үүнийг цаг хугацаа харуулах биз ээ.
Ардын намын одоогийн дарга бол Ө.Энхтүвшин. Түүнийг намаа удирдаж чадахгүйгээр барахгүй улстөрч хүний хувьд болчимгүй алхам хийж байгаа гэх яриа эрчимжиж буй. Иймээс намын залуучуудаасаа чамгүй шүүмжлэл хүртээд буй. Намаа удирдаж чадахгүй байгаа хүн улс орныг удирдахгүй гэж хэлэх нэгэн бий. Гагцхүүнамаасаа дэмжлэг авах эсэхээс шалтгаалах болов уу.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй нэрс дотор Б.Бат-Эрдэнэ гишүүн, У.Хүрэлсүх нарын нэр дуулдаж байгаа нь сонирхолтой. У.Хүрэлсүхийн тухайд Төрийн ордонд зодоон хийж, намаа өмгөөлж, тэмцэхэд бэлэн гэдгээ цаг үргэлж зарлаж явсан хүн. Гэсэн ч эхнэрийнх нь бие муу байсан учир УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Гишүүнийхээ эрхийг түдгэлзүүлэх тэр үед түүнийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхэллээ хэмээж байв. Харин энэ яриа үнэн болох нь сар хүрэхгүй хугацааны дараа мэдэгдэнэ. Гэхдээ ард түмний санал асуулгаар У.Хүрэлсүх гэдэг нэр тийм дээгүүр жагсах нь юу л бол. Эс бол УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “бөх Ерөнхийлөгч” болох уу. Бас л сонирхолтой хариулт гарах биз ээ. Түүний нэр дурьдагдах болсон нь Оюутолгойн гэрээний асуудлыг тавьж, түр хороо байгуулж байсантай нь холбоотой байж болох. Ардын намын олон мянган гишүүд хэнийгээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойх бол. Ардын намд улс орныг зангидаж чадах хүн бий юу. Энэ бүх асуулт ард түмний дэмжлэгтэйгээр тодорхой болно. Гэхдээ хэнбугай ч гарч ирсэн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нүүр тулах учир үүнийгээ ч тус намынхан тооцоолох биз ээ.
Ц.ЭНХЦЭЦЭГ
URL: