Ялтан Н.Энхбаярыг өмөөрөх үг байна
Сүүлийн үед цагаан захтнуудын мөнгө угаах гэмт хэргүүд шилээ даран ил болж эхэлсэн ч илрүүлэлт нь тийм ч сайнгүй байна. Тухайлбал улс төр, бизнесийн салбарын дунд ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа төрийн өмчит “МИАТ” компанитай холбоотой хэргийг нэрлэж болох юм. Гэвч эцсийн бүлэгт хэргийн илрүүлэлт нь ядмагхан байгаа нь манай улсын хууль, эрх зүйн орчин гүйцэд боловсроогүйг харуулж буй юм.
Тэр дундаа Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын өрөнхий газар, Авлигатай тэмцэх газрууд нэгэнт ил болчихсон ийм хэргийг хоёр жилийн турш яагаад хав дарав гэдэг нь өөрөө асуултын тэмдэг дагуулж байна. Зүй нь хувь, хувьсгалын хэдэн нөхөр хуйвалдан жилд бараг хоёр тэрбум шахуу тегрөгийг гадаад дахь хуурамч банк руу шилжүүлж, амаараа гартал баяжжээ.
Одоогоор зөвхөн нийтэд ил мэдэгдэж байгаа нь долоон сая ам.доллар буюу 10 тэрбум төгрөг. Гэвч “хөшигний цаана” бүтээгдэхүүн оруулаад тооцвол бараг 700 сая ам.долларт хүрэх тооцоо гарна. Гэтэл эх орныхоо газар шороог барьцаанд тавин байж босгосон Засгийн газрын “Чингис” бонд өдгөө 1,5 тэрбум ам.долларт эргэлдэж байна. Өөрөөр хэлбэл, луйварчдын угаасан мөнгө энэхүү бондын тэн хагас нь буюу 50 хувьтай тэнцэж байна гэсэн үг.
Өдгөө бондын хөрөнгийг чухам ямар төсөлд зарцуулах нь төлөвлөлтийн шатанд байгаа ч бүтээн байгуулалтад зарцуулах нь нэгэнт тодорхой болсон. Ямартай ч эхний ээлжинд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбоно. Үүний зэрэгцээ экспортын гол ачааг нуруундаа үүрэх төмөр замын бүтээн байгуулалтыг өрнүүлж, нийт 1800 км зам барихаас эхлээд Тавантолгойгоос улсын хил хүртэлх төмөр замыг эхлүүлнэ.
Ингээд бодохоор үндэсний хулгайч нарт алдсан энэхүү мөнгөөрөө наад зах нь гэхэд л, 21 аймгаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох бүрэн боломж байж. Ядаж л гүйцэтгэх засаглалынхны төлөвлөсөн хотын төвийн хэсэгт түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгож, шинээр 119 гудамж гаргах зардлыг өлхөн зохицуулчихаж дөнгөх шүү дээ.Гэвч урт “гарт”-нууд угаасан мөнгөөрөө дэлхийн томоохон газруудад хаус барьж, эдлэн газартай болсон гэх.
Тэр ч бүү хэл эрх муур шиг жаргах эхнэрүүд нь нийслэлийн утаанаас дайжиж, тэндээ өвөлждөг юм байх. Хэдийгээр энэхүу асуудлын голыг олж, гогцоог нь тайлаагүй байгаа ч урьд өмнөх энэ төрлийн хэргийн шийдэгдсэн байдлаас харсан ч тэр, эл бүлэглэлийнхэн үсрээд арван жилийн ял л авна гэсэн тооцоотой. Гэхдээ мөнгөтэй хүн шоронд ч гэртээ мэт тухлах цаг тул луйварчид хэдэн жилийнхээ алжаалыг тайлаад гарах биз.
Улсын болоод иргэдийн хураасан хэдийг сэгсрэгчид шоронгийнхоо орчим монгол гэр барьж, хэдэн хоригдлоор тогоо, шанагаа бариулсан шигээ ял эдэлж суух болсон нь нууц биш. Харсан хүнд хорихын малчин л гэж харагдана. Гэрийнх нь гадуур мал сүрэг бэлчиж, хоолны шимтэйг нь хүртэн архидаж, амарч хэвтдэгийг юу гэхэв. Нэг үгээр хэлбэл, луйвар хийх гэж хэдэн жил толгойгоо гашилган нервээ барчихаад, эцэст нь хүслээ гүйцэлдүүлж, хэдэн төгрөгөө хав дарж аваад, ингээд л ял эдэлж буй нэрийдлээр ядаргаагаа тайлдаг болсон.
Тэр ч бүү хэл шоронгийн даамлууд томоохон хөрөнгө мөнгөнд холбогдсон хүнд гаруудыг манайд хоригдоосой хэмээн “залбирч” суудаг гэж байгаа. Бас нэгэн олныг хиртхийлгэсэн энэ төрлийн хэрэг бол Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, татварын байцаагч О.Бямбасүрэн нарын дөрвөн хүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан, улсын хөрөнгийг шамшигдуулсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэх хэрэг юм.
Мөрдөн байцаалтын явцад Ч.Гансүх болон түүний хамсаатнууд хөрөнгөө ямагт өөр хүний нэр дээр нуудаг байсан гэх. Тухайлбал, ээж, аав, ах, дүү хамаатан садныхаа дансанд хуваан хуримтлуулж байсныг илрүүлсэн аж. Одоогоор тэдний учруулсан хохирол 17 орчим тэрбум төгрөгт хүрч болзошгүй байгааг эх сурвалж хэлж байгаа юм. Сэжигтнүүдийн ах дүү, хамаатан садангийнхаа дансанд байгаа мөнгийг ямар учиртай болохыг болон хаанаас авснаа мэдүүлэхгүй байгаа гэнэ лээ.
Ямартай ч тэд иргэдийн ариун цагаан хөдөлмөрийг шулж, бүтээн байгуулалтын ажилд төлөвлөгдсөн Тавантолгой, Шивээ Овоо, Багануур зэрэг гурван уурхайг түшиглэн цахилгаан станц барих ажлыг ч эхлүүлэх хэмжээний хөрөнгийг халаасалчихаж. Мэдээж тэд ийм богинохон хугацаанд 17 тэрбум төгрөгийг “идэж” дууссан гэвэл үлгэр. Тэгэхээр эх орноо барьцаалах шахам бонд босгож байхаар луйварчдаас хөрөнгөө хурааж авъя.
Ер нь тэгээд улс орныг юутай хуйтай нь цөлөмсөн үе үеийн луухгаруудын түүхийг сөхсөн ч 10 жилийн ял авч, 50 хувийг нь эдэлсэн болоод наранд гардаг нь бодит үнэн. Тэгэхээр МИАТ-ийнхэн ч энэ л жишгээр урагшлахыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь нэгэнт Төрийн өмчийн хороо нь хүртэл холбогдсон энэ хэрэгт бизнес, улс төрийн томоохон бүлэглэл байгаа нь тодорхой.
Өнөөдрийн УИХ, Засгийн газрын гишүүд болох төрийн эрх баригчид байгаа нь ч үнэн. Тиймдээ л хэргийн учигийг хөвөхөд туйлын зовлонтой байгаа юм. Харин татварын гэгдэх нөхдүүд “бяцхан” албан тушаалтнууд. Тиймдээ ч эдгээр нөхдийн хувь заяа хэрхэх нь ёстой л цаг хугацааны асуудал. Юутай ч энд нэг зүйлийг онцлоход, мөнгө угаах гэмт хэргийн хор хөнөөл нь ямар ч алан хядах үйл ажиллагаанаас илүү байдгийг Олон улсын энэ төрлийн хэрэгтэй тэмцэх бүлгийн судалгаанаас харагддаг.
Гэтэл Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс оронд хэдэн төгрөгийн хохирол учруулчихаад хэн ч биш болж, ингэж суугаа юм бэ. Тэрбээр ямар МИАТ, Татвар, Гаалийнхан шиг улс орныг хэдэн тэрбумаар нь “саасан” биш. Тэгээд ч түүний буруутгагдаад буй хэргүүд улс оронд ямар ч падлийгүй гэдгийг хуулийн хүрээнийхэн тодотгон хэлдэг. Үнэндээ ч түүний хавтас хэргийг сөхөхөд ч ийм л байдаг.
Тэгэхээр төр засгийн бүхий л өндөр сэнтийд тухалж, хэний ч хүүгээс тэнхлүүн явсан түүнийг ингэж харлуулах нь хэнд ашигтай гэж. Мэдээж энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн анир. Нэг үгээр хэлбэл, улс төрийн зорилготой гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах ёстой гэж. Гэвч тэрбээр өнөөдөр Монгол орны боолын боол, босгоны шороо болчихоод эмнэлэгт ч хэвтэж эмчлүүлэх эрхгүй болчихсон нь юутай гашуун, юутай гунигтай түүх вэ…
Ядаж энэхүү үйл явдлыг дэлхий нийт ажиж байгаа утгаар нь дуртай газар нь эмчлүүлж, хийх ёстой эм тариагаар нь үйлчлүүлэх эрх олгоё. Ядаж л түүний улс оронд бүтээсэн үйл гавьяаг нь үнэлэх ёстой биш үү. Тэрбээр нэгэн цагт Засгийн газрыг тогтвортой тэргүүлж байсан нь улс орны эдийн засгийн байдал, ард түмний амьжиргаа, төрөл бүрийн салбарын тулгамдсан асуудлуудыг өөрийн биеэр мэдрэх томоохон “школ” болсон.
Хэнбугай юу гэж донгоссон ч өнгөрсөн 20 жилийн түүхэнд Н.Энхбаяр Монголын хамгийн амжилттай, үр дүнтэй Ерөнхий сайд байсан. Тэрбээр их өрийг тэглэж, Мянганы замыг эхлүүлсэн төдийгүй 2000-2004 оны хооронд бензин, талх, мах, автобус унааны үнэ өсөж байсангүй. Түүнийг гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байхад монголчууд махаа 10 мянган төгрөгөөр авч байсан нэг өдөр, нэг минут байгаагүй гэдгийг харин эргээд сануулчихья!!!
Ерөнхийлөгч болоод ч тэрбээр чухал царайлаад зүгээр суугаагүй. Мянганы сорилын сангийн тусламж, хөнгөлөлттэй зээл, төсөл, бусад хандив тусламжийн урсгал харин ч тасраагүй юм шүү. Н.Энхбаяр 2007 онд Оюутолгой, Тавантолгой, бусад стратегийн ордууд нь 100 хувь Монголын ард түмний өмч юм шүү, Монгол төрийн ашиг хүртэх хувь 51 хувиас доош байж болохгүй гэдгийг ил тодоор зарласан юм.
Тэрбээр ажил албаа өгсөн ч, Монголын төлөө элэг нь эмтэрч, зүгээр сууж чадаагүй. Түүнийг НҮБ-д тав тухтай, биеэ оторлон ажиллаач гэсэн санал тавьсан юм билээ. Гэвч Н.Энхбаяр ядуурч цөхөрсен Монголоосоо явахыг хүсээгүй. Ном бичиж, гэртээ чимээ аниргүй суусангүй. Хэн нэгний тоомжиргүйхэн хогийн саванд шидсэн МАХН хэмээх түүхэн нэрийг сэргээснээр монголчууд бидний 20 дугаар зууны түүхийг хар цагаантай нь, үнэнээр нь аварсан гэхэд болно.
Тиймдээ ч шоронгийн хязгаарлалтаас бүхэл бүтэн засаг төрд данстай улс төрийн хүчнийг удирдаж, өөрийн хүрээллийг тогтоож чадсан. Өнөөдөр ч төрийн эрхийг зүй ёсоор атгаж буй улс төрийн намыг айлгаж чадаж байна. Эцэст нь хэлэхэд, энэ хүнд эдлэх ёстой эрх дархаар нь Сайд нарын II эмнэлэгт нь эмчлүүлж, амь насыг нь аврая. Хэрвээ энэ эрхэм хорвоог орхивол холбогдсон хэрэг явдалд нь хэн хариуцлага үүрэх вэ.
Түүний шоронгоос бичсэн cap шинийн мэндчилгээний зураг, царай зүс нь нэг л биш ээ. Хөөрхий түүнийг махан биетэй хүн талаас нь анхаарал тавьж болохгүй гэж үү, эрх баригчид аа… Ядаж л эдлэх ёстой ялынх нь хугацааг хойшлуулж, биеийг нь эмчлүүлэн “Амьдцаа бие биенээ хайрлавал” ямар вэ. Дахин сануулахад, тэрбээр ямар улсын хөрөнгийг хэдэн тэрбумаар нь “саасан” биш дээ.
О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: