Могой жилийн улс төр
Ирэх могой жилд улстөрийн амьдрал харьцангуй тогтвортой байна хэмээн “шарсан мах анддаггүй шар зурхайчид” өгүүлжээ. Өнгөрөгч луу жилд улстөр мэдээж амар тайван байгаагүй. Ёстой л “орондоо ч орох завгүй олзлолдон дайтаж” гэдэг шиг улстөрийн нам, хүчнүүд сонгуулиас сонгуулийн хооронд чөлөө завгүй “нүдэлдсээр” луу жилийг түүхийн хуудаснаа хүлээлгэж өгөв. 2012 онд УИХ, орон нутгийн сонгууль шинэ системээр явагдаж, УИХ-д анх удаа гуравдагч хүчин бүрдэж, улмаар Засгийн газарт хүч хавсрах болсон. Мөн анх удаа УИХ-д эмэгтэйчүүдийн олон төлөөлөл бий болсон бөгөөд гудамжны тэмцэгч цөөнгүй нөхөр ч дугуй танхимд суудал зассан гээд дурдавч баршгүй олон шинэ зүйл бий. Луу жилд болсон сонгуулийн маргааны дуун тасраагүй байхад могой жилд болох Ерөнхийлөгчийн сонгуультай золгож байна. Олонхийн бүлгийг бүрдүүлэх болсон Ардчилсан намынхан сүрийг үзүүлж, шүүх эрх мэдлээр далайлгасаар барж байгаа луу жилийн сүүл ч ширүүхэн шарвалаа. Учир нь монголчууд бид сүүлийн үед “түүнд төдөн жилийн ял тулгаж гэнэ”, “тэгж баривчиллаа” гэх мэт мэдээллийг л сонсдог болсон. Шарсан мах анддаггүй шар зурхайчдын хэлснээр ирж буй жилд улстөрийн амьдрал амар амгалан байна гэдэг хаашаа ч юм. Олонхийн бүлгийг нэгэн цагт толгойлж явсан Ц.Элбэгдорж улстөрийн ширүүхэн өрсөлдөөн дундуур Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байна. Цаатны урцнаас эхлээд шоронгийн хонгил хүртэл улстөр хийж яваа энэ эрхэм “шар зурхайчид”- ын хэлдгээр могой жилийн улстөрийг тайван байлгана гэдэг үнэхээр худлаа. Луу жилийн улстөрийн дуулианы сүүлийг могой жилийн толгойтой холбохоор ханцуй шамласан тэрбээр ирэх жилийн улстөрийн өнгийг бараан талдаа зурах нь ойлгомжтой. Нөгөө талаас олонхийн хүч, Ерөнхийлөгчөөр дулдуйдсан шүүх эрх мэдэл гээд дарангуйллын шинжтэй үйл ажиллагаа явуулах болсон Ардчилсан намд улстөрийн хүчнүүд дургүй байгаа. Нийт ард иргэд ч эв нэгдлийг илэрхийлэгчид дургүйцлээ илэрхийлэх болсон.
…Сонгуульд ялсан Ардчилсан нам дүрмийн дагуу Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болгож, танхимаа бүрдүүлэх үйл явц фракц хоорондын дайнаар ид дүрэлзэж байсныг манай уншигчид мэдэж байгаа. Харин энэ ширүүн галыг намдаахын тулд ирэх дөрвөн жилд хоёр том фракц Засгийн газраа хоёр хоёр жилээр ээлжилж барих тухай яриа гарсан. Үүнийг Ардчилсан намынхан ч өөрсдөө баталдаг. Тийм ч учраас МТЗ-ын дарга М.Энхсайханыг Засгийн газрын тэргүүн ч биш, Зам тээврийн сайд ч биш огт хамаагүй Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга халчихсан нь яагаад ч сонирхол татна…
Тиймээс могой жилд луу жилийн улстөрийн дуулиан, шуугиан тэр чигээрээ үргэлжлэх магадлал өндөр байна. Шүүх эрх мэдлийн лантуун дор эрхээ хасуулсан гэмгүй “буруутнууд”, тэднийг дэмжигчид гээд чимээгүй суух хүн могой жилд нэгээхэн ч үгүй. Нөгөө талд УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа Ардын намын зүгээс ч энэхүү хууль бус эзэрхийллийн шинжтэй үйлдэлд цэг хатгах оролдлого хийнэ. Ард түмнийхээ дэмжлэгийг авсан байхад үр дүнд хүрч л таарна. Хагас сая иргэдийн итгэл,сэтгэлийг төрд төлөөлж орж ирсэн Ардын намыг олон сар бүлэггүй явуулсан нь олонхийн буруу. Үүнийг буруу, зөвийг ч иргэд могой жилд шүүх л болно. Өвөрхангай амйгийн аравдугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж, даруй 1500-4500 хүний санал илүү авсан Д.Чинзориг, Н.Төмөрхүү нарын тангаргийг өдгөө болтол өргүүлсэнгүй. Өргүүлсэнгүйгээр үл барам шүүх эрх мэдлийг АПУ-гийн мөнгөөр сөхрүүлж байж ялагдал хүлээсэн Г.Батхүү тангараг өргөв. Өөрөөр хэлбэл, өвөрхангайчууд хууль бус төрийн төлөөлөлтэй аж төрж сууна. Үүний маргаан могой жилийн босгон дээгүүр давж орохоос өөр аргагүй. Их улстөрөөр хөллүүлсэн байж магадгүй МИАТ-ийн дарга нарын мөнгө угаасан хэрэг ч могой жилийн улстөртэй салшгүй холбоотойгоор үргэлжилнэ. Айсуй сонгууль угтаж нэг өрсөлдөгчөө шоронд хийсэн Ц.Элбэгдорж чухам ямар замаар улстөр хийхээс шалтгаалах зүйл олон байгааг дээр дурдсан. Тэгэхээр хэдийгээр наранд биш, нарсанд байгаа ч Н.Энхбаярын гар Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаанд ихээхэн нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Экс Ерөнхийлөгчийг тойрон хүрээлэгчдийн зүгээс ч хариу цохилт өгнө. Чухам ямар хэмжээгээр өгөх эсэхийг хэлж мэдэх юм алга. Лавтай зүгээр суухгүй. Нөгөө талд өчүүхэн хүчтэй ч Засгийн газарт хүч хавсарч байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл шархдуулахгүй ч гэсэн үгийн сумыг гамгүй цацна. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль угтан “шударга ёс”-чууд Засгийн газраас гарах тухай акц зохион байгуулж болно. Засгийн газраас гар гэсэн Н.Энхбаярын дохио зангаа нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг буланд шахах нь мэдээжийн хэрэг. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан намын дангаараа засаглах гэсэн эртний хүсэл улам оволзож, УИХ дахь суудлаа 39-д хүргэхээр аян дайнд мордоно. Юуны өмнө УИХ дахь сул гишүүдэд ханд хаяна. Угаасаа луу жилийн сүүлэн дээр тохироо хийчихсэн байгаа. Тухайлбал, бие даагч Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болоржаргалыг “Монголросцветмет” нэгдлийн даргаар томилуулах саналыг ОХУ-д илгээгээд байгаа. Хэзээ мөдгүй хариу ирэхийг нь л хүлээж байгаа тухай ойрын эх сурвалж хэлсэн. Мөн бие даагч Ц.Даваасүрэнгийн төрсөн дүүг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилох тохиролцоо нэгэнт хийгдсэн. Түүнийг бие даагчдаас онцгойлон анхаарч, Төсвийн байнгын хорооны дарга болгосон нь ч огт санаандгүй хэрэг биш. Түүнчлэн бие даагч С.Ганбаатар гишүүний дүү С.Гантуяа “Оюутолгой” компаниас гарснаа удаа дараа хэвлэлээр зарлаж байгааг эрх баригчид яаж анзаарахгүй байх билээ. Тэгэхээр энэ гурван бие даагч гишүүнийг АН-ынх гээд бодчиход нэг их зөрөхгүй л болов уу. АН-ын УИХ дахь суудлаа 39-д хүргэх гэсэн улайрлаар ийнхүү могой жилийн улстөр үргэлжлэх учраас шар зурхайчийн хэлсэн нь худлаа болж таарна. Ардчилсан намын дангаар засаглах гэсэн улайрал ингээд ч 39- ийн тоонд хүрч чадахгүй. Нэгэнтээ 36 хэмээх тоог халаасалсан Ардчилсан намынхан энэхүү улайрлаа хэзээ ч зогсоохгүй. Өнөөх Засгийн газраас гарна хэмээн айлгаад тусыг эс олсон “Шударга ёс”-ын Г.Уянга 37 дахь суудал уруу өртөөлөхөөс гарцаагүй байдалд байгаа. Учир нь түүний нөхөр нийтлэлч Х.Баатархуягийг “МОНЦАМЭ” агентлагийн дарга болгож, 39-ийнхөө төлөвлөгөөнд нэгэнт багтаачихсан. Энэ үед хамгийн сонирхолтой улстөрийн нэг үймээн бол мэдээжийн хэрэг Ардчилсан намын 39 дэх суудлын төлөөх дайн. Өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн нэг мандат эзэнгүй, удаа дараа шүүхийн босгон дээр бүдрэх болсон нь ч 38 дахь суудал Ардчилсан намаас эзнээ хүлээж байх магадлал өндөр. Тэд могой жилд 39 дахь суудлынхаа төлөө юу ч хийж мэдэхээр харагдана. . Бас нэг том улстөр Ардчилсан нам дотор өрнөнө. Х.Баттулга Ардчилсан намын дарга болох сонирхлоо удаа дараа цухуйлгаж байсан он цагийн өмнөх хүсэл гэнэт асах нь дамжиггүй. Н.Алтанхуягийг Шадар сайд байхаас нь сөргөлддөг ганц хүн нь байв. Энэ нь мэдээж алсдаа нам ялбал, Засгийн газрыг тэргүүлнэ гэсэн далд хүслийнх нь илрэл байсан. Сонгуульд ялсан Ардчилсан нам дүрмийн дагуу Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болгож, танхимаа бүрдүүлэх үйл явц фракц хоорондын дайнаар ид дүрэлзэж байсныг манай уншигчид мэдэж байгаа. Харин энэ ширүүн галыг намдаахын тулд ирэх дөрвөн жилд хоёр том фракц Засгийн газраа хоёр хоёр жилээр ээлжилж барих тухай яриа гарсан. Үүнийг Ардчилсан намынхан ч өөрсдөө баталдаг. Тийм ч учраас МТЗ-ын дарга М.Энхсайханыг Засгийн газрын тэргүүн ч биш, Зам тээврийн сайд ч биш огт хамаагүй Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга халчихсан нь яагаад ч сонирхол татна. Тэгэхээр луу жилд өрнөсөн Х.Баттулгын энэхүү улстөр могой жилд жинхэнэ утгаа олохыг ч үгүйсгэх аргагүй. Мэдээж энэ бүх үйл явц бүгд Ерөнхийлөгчийн сонгуулийн улстөрөөр өртөөлнө.
С.Баяр
URL: