”Рио Тинто” Монголын засгийн газрыг уучлалт гуйх ёстой гэжээ
“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн VI хурал энэ сарын 6-ны өдөр хуралдсан. Энэ талаар өчигдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БОНХ-ийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан нар мэдээлэл хийлээ. Хурлаар хөрөнгө оруулагч “Рио Тинто” компаниас “Оюутолгой” ХХК- ийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн хувилбаруудыг хөндөж тавьсан байна. Харин Монголын талаас хувь нийлүүлэгч талуудын хооронд өнөөг хүртэл шийдлээ хүлээж буй нягтлан шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн томоохон асуудлыг хөрөнгө оруулагчдад тавьжээ. Тухайлбал, Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхлын зөрчил, хөрөнгө оруулалтын гэрээнд хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт, төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэл болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт, “Антре гоулд”-ын эзэмшилд буй тусгай зөвшөөрөл, Монголын хууль, тогтоомжийн хэрэгжилт, менежментийн үйлчилгээний төлбөр зэргийг дурдсан байна. Монголын талаас хөрөнгө оруулагчид хандаж хууль, тогтоомж биелүүлж ажиллахыг шаардсан аж. Мөн ТУЗ-д тодорхой хугацаатай үүрэг, чиглэл өгч шийдвэрлүүлэх 13 асуудлыг хөнджээ. Хувь нийлүүлэгчдийн хурлын дэг боловсруулж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Монголбанк, санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх, хайлуулах үйлдвэр, эрчим хүчний хангамж, ажилчдын нийгмийн асуудал зэргийг дурдсан байна. Эдгээр асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн шийдвэрлэх ёстой гэдэг байр суурийг хувь нийлүүлэгч талууд харилцан тохиролцсон аж. Тиймээс уг төслийг амжилттай явуулах гол үндэслэл нь уг компанийн ил тод байдал гэсэн байр суурьтай байгаагаа Монголын талаас илэрхийлсэн. Энэ үеэр сайдууд хурлаар яригдсан чухал гэж үзсэн зарим асуудлыг онцолсон юм. Цаашид хувь нийлүүлэгчдийн хурал үргэлжлэх юм байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: Хоёр талаас байр сууриа илэрхийлж асуудал тавьсан. Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын хуралдаанаар Оюутолгойн асуудлыг нэлээд нээлттэй хэлэлцсэн. Үүнд хувь нийлүүлэгчид эмзэглэсэн байр суурьтай байна лээ. Тэднийг сайн сайхан зүйл хийгээд байхад Монголын Засгийн газар, олон нийт буруугаар хүлээн авч байгаад эмзэглэж байгаагаа хэлсэн. Түүнчлэн Монголын олон нийтийн өмнөөс Монголын Засгийн газар уучлалт гуйх хэрэгтэй гэсэн. Хариуд нь “Уучлаарай, бид Үндсэн хуулийн дагуу парламентаараа энэ асуудлыг нээлттэй авч хэлэлцсэн. Тэр тусмаа олон нийтийн байр суурь олон нийтээс хамаардаг болохоос биш Та бүхний хүслээс хамаарахгүй” гэж хэлсэн. Мөн бид хөрөнгө оруулагчдад их хэмжээний мөнгө босгох асуудлыг Монголын талтай ярих ёстой, хуулийн дагуу явах учиртай гэдгийг хэлсэн. Хэрэв санхүүгийн асуудал байгаа үүнийг илэн далангүй ярилцаад явъя гэсэн. УИХ-ын 57 дугаар тогтоолыг дагаж мөрдөх хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Сангийн сайд Ч.Улаан: Бид аливаа асуудлыг шийдэхдээ хоёр үндсэн зарчим барьж ажиллана гэдгээ тодорхой хэлсэн. Нэгдүгээрт, уг төслийн үр дүн харилцан ашигтай байх нөхцөлийг хангасан байх ёстой. Хоёрдугаарт, төсөл хэрэгжиж байгаа улсын хуулийг дээдлэн хэрэгжүүлэх учиртай. Үүний хүрээнд хөндөгдсөн асуудал бий. Монгол Улсын Засгийн газар урьдчилгаа төлбөр 250 сая ам.долларыг зээлээр авч ашигласан. Үүнийг буцаан төлөх асуудал хугацаа алдаж байна. Татварын орлогоос суутган тооцох байсан. Энэ ажил хийгдэхгүй байна. Төслийн санхүүгийн байдал үүнээс болж бэрхшээлтэй тулгарч байна гэдгийг нөгөө талаас тавьсан. Хуульд нийцүүлсэн гэрээг дагах учиртай. Гэрээнд урьдчилгаа зээл өгсөн, зээлийг төлж эхлэх, дуусгах хугацааг тодорхой заасан. Гэхдээ жилд хэдий хэмжээний зээлийг суутган тооцохыг гэрээнд тусгаагүй. Харин гэрээнд жил бүр суутган тооцох тооцолтын хэмжээг талууд тохиролцож Сангийн яам баталгаажуулж хэрэгжүүлнэ гэсэн заалт бий. Үүний дагуу тооцоогоо хийе. Суутган тооцолтын хэмжээг тогтох асуудлыг удаа дараа Сангийн яам тавьсан. Энэ ажил удаашралтай байна. Тооцоогоо нийлж, баталгаажуулаад Монгол Улсын хуулийн дагуу төсөвт тусгаж УИХ-аар батлуулснаар сая бид татварын оронд суутгал төлбөрийг хийх эрх нээгдэнэ. Энэ эрх хуулиар нээгдээгүй учраас суутган тооцолт хийх бололцоогүй. Хөрөнгө оруулагч тал “2012 оноос эхлэн суутган тооцолт хийх ёстой” гэсэн санал тавьсан. Бид “2014 оноос тооцно” гэдэг хариу хэлж байгаа. 2013 оны улсын төсөв нэгэнт батлагдсан. Энэхүү төсөвт суутган тооцох хувь хэмжээг тодорхойлж Засгийн газарт эрх өгөгдөөгүй. Тиймээс энэ онд суутган тооцно гэдэг асуудал байхгүй. 2014 онд төсөвт тусгаж энэ асуудлыг шийднэ гэдгээ тайлбарлаж байгаа. Бид хуулийнхаа дагуу ажиллаж байгаа. Цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана. Мөн татварын орлогод урьдчилан авсан зээлийг суутган авах асуудал шийдэгдээгүй учраас Оюутолгой төсөл хуулийн дагуу татвараа төлөх ёстой. 2012 онд татвар төлөгдөөгүй. Тиймээс татварын үүргээ биелүүлээгүй. Татварыг урагш хойш гүйлгэж тооцох асуудал байхгүй. Хоёр тал уг асуудлаар тодорхой ярилцах хэрэгтэй.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Хувь нийлүүлэгчдээс хоёр асуудал байгаа. Нэг нь Ч.Улаан сайдын ярьсан 250 сая ам.долларын асуудал. Зээл одооноос нэхэгдэж байгаа. Гэтэл Улсын төсөвт суулгаагүй. Тиймээс үүнийг УИХ-аар шийдвэрлэх шаардлагатай. Хоёрдугаарт, дараагийн санхүүжилтийн асуудал бий. Уг төслийн нийт санхүүжилт 14.6 тэрбум ам.доллар. Үүнээс 5.1 орчим нь анхны хөрөнгө оруулалт. Уг хөрөнгө оруулалтаар баяжуулах үйлдвэр босч, ашиглалтад орсон байх ёстой. Гэтэл 5.1 нь 7.1 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. “Хоёр тэрбум төгрөгөөр яагаад давуулчихав” гээд байхад өнөөг хүртэл олигтой зүйл гаргаж өгөөгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ бусад хуульд нийцэхгүй байна. Тиймээс уг асуудлыг тодорхой болгоё гэдэг асуудлыг тавьсан. Дараагийн хөрөнгө оруулалт далд уурхайд зарцуулагдах ёстой. Төслийн ТЭЗҮ-д зааснаар энэ орд ашиглалтад орж бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулсан ашгаасаа дараагийн хөрөнгө оруулалтыг хийгээд явъя гэсэн. Гэхдээ хөрөнгө оруулагчдаас “Энэ үйлдвэрээс орох орлогыг хүлээхээр хугацаа алдах гээд байна. Тиймээс дараагийн хөрөнгө оруулалт шаардлагатай” гэдгийг тавьж байгаа. Үүнийг бид ТЭЗҮ-д нийцүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын зардал 40 орчим хувиар давсан. Үүнийг юунд зарцуулсныг тодруулж байж дараагийн алхам хийнэ. Үүнийг тодруулахгүй хийх юм бол хууль зөрчсөн болно. “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” ХК-ийг төлөөлж ажиллаж байгаа менежерүүдтэй уулзсан. Гэрээгээ ч уншаагүй, ТЭЗҮ-ээ ч мэддэггүй, хууль ч мэддэггүй юм билээ. Энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй гэдгийг сануулсан. Мөн хөрөнгө оруулалтын 7.1 тэрбум ам.долларын тухайд 700- гаад сая ам.долларын асуудал бий. Тэр нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө гаргасан эрэл хайгуул бас бус хөрөнгө оруулалтын зардал. Үүнийг хөрөнгө оруулалтын зардалд оруулчихсан. Тэгээд 6.4 дээр 700 сая ам.долларыг нэмэхээр 7.1 гарч байгаа юм. Хоёр тэрбумын хувьд задаргаа нь одоо гарч ирж байна. Далд уурхайд оруулсан, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэж удсан учраас гэх зэрэг ямар ч үндэслэлгүй зүйл нэлээд бий. 2010 онд манай аудит шалгаж нэг тэрбумын зардал тодорхой бус хэмжээгээр өссөн байна гэдэг дүгнэлт гаргасан. Хувь нийлүүлэгчдийн хурал үргэлжлэхээр бүх зардлыг тодорхой болгоно.
Ц.Жаргал
URL: