Эрсдэл дагуулсан, Их говийн эмгэнэл…

527-1360232651pictУс, ус уухын заяа гэж энэ уяхан замбуу тивын наран дор таагдаагүй оньсого, тайлагдаагүй нууц, танигдаагүй гайхамшигт үзэгдлийн нэг билээ. Лус, савдагийн эрдэс, эрдэнэ болох усны байгалийн бусад шингэнээс эрс тэрс ялгагдах физик, химийн олон увидастай чанарууд нь түүний орон торын бүтцийн цац суврага (пирамид) дүрс хэлбэр, сийрэгжилттэй шүтэлцээ хопбоотой юм.

 

Хүн гэдэг химийн үндсэн бүрэлдэхүүний хувьд устөрөгч, хүчилтөрөгч, нүүрстөрөгч болон азотоос л тогтдог. Энэ дөрвөн элемент дэлхийн усан болон хөрст бүрхүүлээс илүүтэй сансар огторгуйд давамгайлж оршдог. Усаараа ундалж, агаараараа амьсгалж, уураг, цардуулаараа хооллох доо өнөөх л химийн дөрвөн элементээрээ тэжээгддэг билээ.

 

Устөрөгч болон гелийгээс бүрэлдэн тогтох амьдралын эх үүсвэр, хамгийн ойрхон од болох алтан нарны шидэт цацраг л гэхэд найм илүүхэн минутын дараа над дээр тань дээр илч гэгээгээ илгээн амьдрал тэтгэж байдаг. Хүн гэдэг үүсэн бүрэлдэхдээ ус, өсөж өтлөхдөө ихэнх нь ус, жанч халахдаа хуурай усанд хувирдаг хорвоогийн жамтай билээ. Үүнээс үүдэн ус болон улмаар хүний гарвал сансар огторгуйгаас нэгдмэл нэгүүсэлтэй байж болох бүрэн үндэстэй юм.

 

Одон орончид сансар огторгуйн уудамд амьдралын эх үүслийг хайхдаа юуны өмнө ус, мөсийг л эрэлхийлдэг шүү дээ. Ийм болохоор ус гэдэг бурхан ертөнцийн шидэт бүтээл бөгөөд аливаа мэдээллийг долгион болон дүрс (хэлбэлзлэл, импульс) хэлбэрээр хадгалж үлддэг гайхамшигтай ой санамж, өндөр эрчимтэй химийн хосгүй нэгдэл юм. Хорьдугаар зууныг газрын тос, байгалийн хийн(нүүрс-устөрөгчийн ) зуун гэгдэж байсан бол хорин нэгдүгээр зуун усны( устөрөгч-хүчилтөрөгчийн) зуунаар өртөөлөгдлөө.

 

Дэлхийн гадаргын далан хувь усаар бүрхэгддэг, мөн ургамал, хүн, ихэнх амьтны биеийн далан хувийг ус эзлэдэг нь тохиолдлын зүй тогтол биш юм. Усыг амьд, лус эзэнтэй гэж улмаар увьдаст рашаан хэмээн ойлгож, дээдлэн хүртэж, харилцан шүтэлцэн ойлголцож ирсэн нүүдэлчин ард түмэн минь үнэхээр агуу. Монголчууд усны амьтанг мэддэг болохоор ахуйн хэрэглээндээ ариг гамтай эрхэмлэн дээдэлж, тарнидан эмчилгээнд түгээмэл хэрэглэж ирсэн түүхтэй.

 

Хүн өөрөө улаан, цагаан сүүний урсгал болохоор монголчууд урсгал усанд аливаа хир буртаг халдаалгүй амьдарч ирсэн билээ. Ус амьд ч учраас үргэлжийн гурамсан хөдөлгөөны эргэлтэнд ( ус, уур, цас болон мөс) хэлбэрээр оршихдоо өөрийгөө цэвэршүүлж ариусгах чанартай. Нүүдэлчдийн гэгээрсэн элч зарлага өөрийн төрлөхийн зөн билгээрээ үлэмжийн хязгааргүйг (хоосон чанарыг) нээн эзэмшиж их дэлхийгээ сэтгэлийн алс тэртээгээс тольдон “уяхан замбуу тив” хэмээн нэрлэсэн нь гүн утга учиртай бөгөөд харамсалтай алаг нүдэн дэлхийн минь аньсага жилээс жилд жижгэрч, ширгэсээр л байна.

Дэлхийд сүүлийн 150 гаруйхан жил шинжлэх ухаан техник, технологийн хөгжлөөр уул уурхай, үйлдвэрлэл, газар тариалан эрчимтэй хөгжсөнөөр хэдэн зуун сая жилийн туршид хуримтлагдан үүсэж бий болсон төрөл бүрийн ашигт малтмал, тэр тусмаа ус чандмань эрдэнийг, хачиг хувалз адил сорж цөлмөсөөр бохирдуулж, бузарлан экологийн сүйрлийн эрмэгт тулж ирчихээд байна.

 

Эко-инноваци бол өрнийн шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэгдэхүүн болж буй шинэ чиглэл боловчиг харамсалтай нь өнгөрсөн зуунд Инновацо-экологи гэдэг ойлголтыг дэлхий даяар эрхэмлэн шүтэж.тодруулбал хүний хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах гэж эх байгальдаа хайр гамгүй харьцаж ирсэн билээ. Ертөнц дэлхийг хамарсан өнөөгийн эдийн засгийн хямрал бол эцэстээ хүний хязгааргүй хомхой сэтгэл, материалаг хэрэглээний үр дагавар юм.

 

Гэхдээ сонгодог утгаараа байгалийн нөхөн сэргээлт гэдэг бол уул уурхайг ашиглахаас өмнөх унаган төрх, өөрөөр хэлбэл флор, фауныг (хүрээлэх орчны унаган байгаль төрхийн тэнцвэр) сэргээж хадгалах цогц үйл ажиллагаа болохоос бус ургамалжуулж, моджуулсан талбай, ухсан нүх, тогоог булах үйлдэл биш билээ. Бусад ашигт малтмал, түүхий эдтэй харьцуулахад ус байгальдаа нөхөн сэргээгдэж үйлдвэрлэлд дахин ашиглаж болдогоороо ялгагдах өвөрмөц онцлогтой юм.

 

Уул уурхайн баяжуулах үйлдвэрүүдэд шингэн орчин болгон ашигласан усыг физик, хими, физик-хими, микробиологийн түвшинд цэвэршүүлэн практик үйл ажиллагаанд өргөн хэрэглэж ирсэн бөгөөд орчин үед одоогоор хүчин чадал бага боловч нано технологийг эрчимтэй ашиглах боллоо. Эрдэнэт үйлдвэр жилдээ 26 сая тонн илүү зэс-молибдены хүдэр баяжуулахдаа 5-10 хувийг цэвэр ус ашиглаж үлдсэн хэсгийг нь баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд тунгаан цэвэршүүлсэн эргэлтийн усны дахин ашиглалтаар хангадаг билээ.

 

Орхон аймаг, хангайн бүс нутагт оршдог тул сэрүүн уур амьсгалтай учраас агаарын чийгшилт 65 хувь, фабрикийн хаягдлын цөөрмийн жилийн усны дундаж ууршилт бага( 26 мм), хур тундас элбэг(360,7 мм), дэд бүтэц сайн хөгжиж хүн амын суурьшил нягтрал өндөртэй хот болохоор их хэмжээний ахуйн усыг цэвэрлэсний дараа үйлдвэрийн хэрэгцээнд ашиглах өргөн боломжтой.

 

Хаврын цас, мөсний хайлсан усны хор нөлөөнөөс улбаатай “байгалийн хүчин зүйлээс” хамаарч Эрдэнэтийн баяжуулах фабрикийн технологи эвдэрч тэр тусмаа молибдены металл авалтад нэг cap илүү хугацаанд сөргөөр нөлөөлөхдөө энэ үзэгдэл жил бүрийн 5-6 саруудад давтагддаг. Оюу толгой баяжуулах фабрикийн алтны авалтад усны физик шинж чанарын улирлын өөрчлөлтөөс шалтгаалан сөргөөр нөлөөлөх боломжтой юм.

 
Харин Оюу толгой говийн бүсэд хамаарагдах тул уур амьсгал дулаан халуун, агаарын чийгшэлт 45 хувь, хүчтэй салхи шуургатай, жилийн хур тундас эрс бага(80 мм) унах тул усны ууршилт жилдээ маш өндрийн зэрэгцээ (2580-3700 мм), дэд бүтэц хөгжөөгүйгээс хүний нягтрал суурьшлийн сийргээс шалтгаалан дахин сэлбэгдэх ахуйн усны хэмжээ хомс юм. Баяжуулах үйлдвэр нь нийт усны хэрэглээнийхээ 80 хүрэхгүй хувийг эргэлтийн усаар нөхөх төлөвлөгөөтэй байна.

 

Дэлхийн жишигт бусад орнууд хэрэгцээнийхээ 80 хувийг гадаргын, 20 хувийг гүний усаар хангах нь тохиромжтой гэж үздэг бөгөөд манай улсад эсрэгээрээ гүний ус 80 хувь, гадаргын ус 20 хувийг уул уурхайн компаниуд ашиглаж буй нь ирээдүйд цөлжих үзэгдэл эрс эрчимжих хандлагатай юм. Тэр тусмаа тухайн орд хүдрийн баяжицын Хагас үйлдвэрлэлийн туршилт хийгдээгүй техник, технологийн хуульчлагдаж батлагдсан үзүүлэлтүүд дээр үндэслээгүй учир , хүчин төгөлдөр бус ТЭЗҮ-тэй Оюун толгойн гэрээний шаардан тулгалт, хэрэгжүүлж буй үйл явц бидний сэтгэлд хоногшсон танил дүр зураг, үзсэн жүжгийн цээжлэгдсэн үзэгдэл гэлтэй.

 

Социализмын угтвар төлөвлөгөө, капитализмын мөнгөний түрэмгийлэл, эзэрхийлэл харагдаж үнэртээд, бүр амтагдаад байгаа нь манай “аваргууд” аль хэдийнээ гадны цөөвөр чонотой нийлсэн гэрийн нохой болчихсон нь мэдээж юм. Усны нөөцийн хайгуулыг Оюу толгойн ойролцоо бүс нутгуудад 2004, 2008 онуудад шатлан хийж нөөцийг нь батлуулж, экологийн үнэлгээг Айвенхоу Майнз инк-ийн ( АММИ) захиалгаар Байгаль орчны үнэлгээний  “ЭКО-ТРЕЙД” ХХК-ний гүйцэтгэсэн тайлантай хэсэгчлэн танилцахад” болзошгүй эрсдлүүдээр” чигжиж дүүргэсэн боть номноос, ашиг сонирхолын зөрчил ажиглагдаж буй учраас хөндлөнгийн аудитораар , экологийн үнэлгээг мөн усны нөөцийг ч үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дахин хийх зүй ёсны шаардлага үүсч байна. Усны байгаль орчны үнэлгээний эрсдлийн эргэлзээ, тээнэгэлзээг шад шүлгээр илэрхийлбэл:
Эрсдлийн эргэлзээ

Усны байгалийн үнэлгээг нь уншихлаар, уйлмаар ч юм шиг, шоолмоор ч юм шиг

Урсгал мэлтэлзсэн булаг шандууд нь ууршчих ч юм шиг, шургачих ч юм шиг

Ургамал заг, сухай нь ургамаарч ч юм шиг, хувхайрчих ч юм шиг

Усыг гүнээс нь соруулсаар, унаган хөрс нь цөмөрчих ч юм шиг, үгүй ч юм шиг

Амьд ахуйн орчинг нь ерөнхийдөө, тэвчмээр ч юм шиг, эхэндээ бичсэнээ

Адаг төгсгөл рүү нь уншихлаар харин, асар тээнэгэлзэл эрсдэлтэй юм

Анхны төлөвлөсөн хүчин чадалдаа, ус нь хүрмээр ч юм шиг байснаа

Ахиулаад хоёр дахин нэмчихлээр, ховх сорчих ч юм шиг, тийм ч юм шиг

Гар худгийн ус нь, цаашдаа гарах ч юм шиг, ширгэх ч юм шиг

Гарч илрээгүй хөрсний суултаас, салхины элэгдэл нь асар их гамшигтай ч юм шиг

Газрын дорхи юүлүүрийн унаган хөрс, амьтангүй ч юм шиг, амьдралгүй ч юм шиг

Гай сүйрэлд өртөгдөн сүйрэх, дэд бүтэцгүй ч юм шиг, амьгүй хоосон цөл ч юм шиг.
Өнөөдөр хүн төрлөхтөн зоосны нүхээр байгаль дэлхийдээ хандаж, хайр гамгүй харьцсаны уршгаар гор нь гарч нэгэнт тарьсан үйлийн үрийнхээ лай ланчигийг эдлэж эхлээд байна. Одоо дэлхийн хүн амын 15-с илүү хувь нь ундны усаар гачигдаж, Монгол улсад 2011 оны усны тоо дүн бүртгэлээр нуур, тойрмын 13.4 хувь, гол, горхины 8.3 хувь, булаг, шандын 20,2 хувь ширгэж үгүй болсноос гадна Баянбүрдүүд нь булагшандад хулжиж, эргэн тойрондоо ургамлын бүрхэвчгүй болсон байна.

 

Үнэхээр гүн харамсал, асар том гамшиг, үгээр илэрхийлж, үнэлэх аргагүй гарз хохирол юм. Тэнгэрт тулам эрчит тийрэн босож, тив дэлхийгээр шар тоос тэнүүчлээд, элс хайргаар хацар нүүр хорстол алгадан, гэрийн бүрээс сэтгэлийн цоролзох галыг дальдчуулаад, яндангийн хяхралтад зүрх зүсэгдэж, уруул омголтой, Оюу толгойн билэгдэл сүлд болсон ноорхой “Оюумаа” ботгохон уяа, заяандаа таваглагдан үйлдвэрээ эргэлдэн буйлаад уйлаад л байна. Яах вэ ?…

Далай дуслаар дүүрдгийн адил дусал усыг ч хямгадан түүний байгаль, шинжлэх ухааны нөхөн сэргээлт, дахин ашиглалтыг эрчимжүүлж, усны цөөрөм, баяжуулах фабрикийн хаягдлын өтгөрүүлэгчийн гадаргуйг үл норогч хөвөгч материалаар бүрхэн усны ууршилтыг эрс багасгахын төлөө тэмцэхдээ, ус гэдэг амьдрал тэтгэгчээс гадна гүн хөлдсөн хэлбэрээрээ амь болон амьдралын аль альны нь мөнхийн тээгч, удам угсааг залгамжлах элч гэдгийг мартаж хэзээч, хэрхэвч болохгүй.

 

В.Распутин зохиолч түүчээлэн тэмцэж бохирдлоос хамгаалж, Балдорж сэтгүүлч Хөвсгөл “Далай Ээжээ ” цаазны тавцнаас аврасныг санахад үнэхээр бахархмаар мөн өчүүхэн цагаахан атаархал төрдөг шиг Галбын говь, Гүний хоолойн газар доорхи холбоо нүдэн нуурууд, гаднаасаа харагдахгүй л болохоос “Далай Ээжтэй”, Байгаль нууртай амь, амьсгал нэг билээ.

 

Хар нүднээс, сормуус гадуур гэдэггүй шиг аль алийг нь нүдний цөцгий адил, адилхан хайрлаж хамгаалах л ёстой увидаст рашаан. Үзэсгэлэнт энэ Их говийн онгон тэнүүн уулс, усыг үгээр онож нэрлэсэн гэдэг нь үнэхээр бишэрмээр, сөгдмөөр юм билээ. Хан богд, Хатан булаг, Амтгайн тойром, Амны ус болон Галбын говь, Гүний ус гээд холбоог нь цувж байгаа хонь ч шиг, хэлхээ нь тасарсан сувд ч юм шиг хойно хойноосоо цуварсан тунгаамал үгүүллэг, шүлэг ч гэлтэй.

 

Шувуун саарал, Мөнгөн хазаарын чимээ, Сүмтэй будрын чулуу гээд л Гол ус намуухан урсах шиг ямар агуу гайхамшигтай эгшиглэн бэ ? Хайрлахгүй байхын аргагүй юм даа. Ундны усгүй бол аливаа улс оронд эд баялаг, цөмийн болон нано зэвсэг байгаад ч яах юм билээ.

 

Нэрт экологич Барри Коммонерийн ёгтлолыг дахин, дахин сануулая ?. “Үнэгүй зүйл хорвоод үгүй, үүнийг захирахаа ертөнц мэддэг, үйлийн үрийн лай ланчгийг нь, үүрүүлж шийтгэхээ тэнгэр мэддэг” гэж сургажээ. Байгаль эх буян хишгээ хүн төрлөхтөнд харамгүй хайрладаг шигээ, хэрэв буцаан авахдаа хүрвэл асуудаггүй юм шүү дээ. Оюунлаг зуунд амьдарч буй ухаалаг Хүмүүсээ ?.

 
Ж.Баатархүү

Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих