А.Гансүх: М.Энхсайхан зөрүүдлээд, хувийнхаа зардлаар Хятадруу явна гээд байсан
Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг батлагдаад удаж байгаа. Гэвч маргаан үргэжлсээр байна. Таван толгой зэрэг томоохон ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад төмөр зам тун чухал үүрэгтэй. Гэтэл өргөн, нарийн царигийн тухай мэтгэлзээн болж хувираад ажил сунжирсаар. Сүүлдээ Монголын төмөр зам компанийн гүйцэтгэх захирлын албыг гуравхан сар хашиж байсан М.Энхсайхан гэнэт ажлаас халагдсан нь бүр ч дулиантай үйл явдал болов. Түүнийг Ерөнхий сайдын өрөөнд төмөр замын талаар ярилцаад сууж байхад нь “тагнаж чагнасан” гэх мэдээлэл түгэж эхэлсэн. М.Энхсайхан үүнийг харин “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний өрөөнд чагнах төхөөрөмж байрлуулсан бол тун ноцтой хэрэг. Шалгах ёстой” хэмээн дарь дээр давс цацаж орхисон юм.
Тэгвэл тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өрөөнд хэн байсан, юу яригдсан тухай болон М.Энхсайхан юуны учир Хятадуудтай очиж уулзахаар болсон зэргийг Зам тээврийн сайд А.Гансүх сэтгүүлчдийн өмнө илэн далангүй хэллээ.
Тэрбээр ”Төмөр зам барихаар гэрээ хэлэлцээр хийгээд, ажлыг эхлүүлэх гэж байхад М.Энхсайхан өөр зүйл яриад эхэлсэн. Ийм чухал үед гадагшаа явж уулзалт хийх хэрэггүй ээ. Тэр дундаа албаны шугмаар. Гэтэл М.Энхсайхан зөрүүдлээд явна, улсын зардлаар болдоггүй юм бол хувийн зардлаар явна гэсэн. Би төмөр замын ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд хувийн зардлаар ч явах хэрэггүй ээ гэж хэлэхэд зөрүүдлээд байхаар нь “Та Хятад руу явж уулзах гээд байгаа юм бол удирдамж аваад яваарай . Яагаад гэвэл та бол компанийн гүйцэтгэх захирал, Монголын төмөр замын ТУЗ-өөс гаргасан удирдамжийн дагуу л яриа хэлэлцээр хийгээрэй гэсэн. Тэгээд уулзалт хийхдээ Элчин сайдын яамныханаас албан ёсны орчуулагч аваад хамтдаа ор л гэсэн санал тавьсан. Тэгтэл хүлээж авахгүй, зөрөөд зүтгээд байсан юм. Хятад руу явахаас нь өмнө ажлаас нь чөлөөлсөн. Миний хувьд төмөр замын ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд үгээ хэлэх эрхтэй. “Чухал үед болохгүй” гээд байхад М.Энхсайхан зүтгээд байсан сонирхол татдаг. Нэг хувийн компанийн асуудал биш. Монгол Улс төмөр замын талаар томоохон бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх гэж байхад шүү дээ” гэлээ.
Ерөнхий сайдын өрөөнд болсон уулзалтаар иймэрхүү зүйл ярилцах үеэр Н.Алтанхуягаас гадна “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан М.Энхсайхан, “Женко” Баттулгын “хүн” гэгддэг Зам Тээврийн Сайд А.Гансүх нараас өөр хүн байгаагүй бололтой.
Б.Баяр
URL: