Мухар сүсгээр дүүрсэн нийгэм

859Нийгэм бол хүмүүсийн хамтрал. Энэхүү хүмүүсийн нийгмийг сонирхох нь зөвхөн ажиглах биш цааш нь нийгэмд “анализ” хийхийг хэлнэ. Үнэхээр байгаа байдалд анализ хийж нийгмийн ертөнцөд дүгнэлт өгөх нь хамгийн чухал байдаг. Нийгмийн дотор байгаа өөрөөр хэлбэл нийтийн дотор байгаа хүн “одоо” ба “энд” гэсэн цэгээс бодит байдлыг мэдэрч мэддэг. Ямарваа нэг өнгөрсөн түүхийн болсон үйл явдлыг хүн мэдрэхгүй, мэдэхгүй мөн өнгөрсний тухай хүмүүс зөвхөн сонсдог эсвэл баримт байвал уншдаг. Ирээдүй, маргаашийн тухай хэн ч мэдэхгүй харин таамагладаг.

Байгаа юмс цаанаасаа ингэж заяасан уу эсвэл хүний хийсэн бүтээл үү гэж хүн цааш нь сонирхоно. Эцсийн эцэст нийгэм хүнийг бүтээдэг өөрөөр хэлбэл хүн нийгмийн бүтээгдэхүүн. Мөн үүнтэй адил хүн нийгмийг бүтээсэн учраас нийгэм нь хүний бүтээгдэхүүн. Нийгмийн хөгжил зөвхөн дотор нь ажиллаж амьдарч буй хүмүүсээс шалтгаалах ба түүнээс биш өнгөрсөн түүх эсвэл ирээдүйн нээлт зэргээс ямар ч хамаагүй.

Нийгэмд хүмүүст мэдэхгүй, мэдэх боломжгүй олон зүйлс тааралддаг учраас түүнд ямар нэг далдын хүч болон ид шидийн утга өгдөг. Гэхдээ л мэдлэггүй хүмүүс мэдэхгүй болохоороо таадаг, таах нь ихэнхдээ алдаатай. Хүн мэдлэггүй, мэдэхгүй байгаагаасаа бас айдасд автсан зэргээсээ болж мухар сүсэгт хөтлөгддөг. Эрт үеэс л мухар сүсэг байсан. Аян дайнд явах болон ахуй амьдралаа зохицуулах олон асуудлаа мухар сүсэгтэй холбодог. Яагаад гэвэл тэнд философи, шинжлэх ухаан зэрэг мэдлэгийн салбарууд хөгжөөгүй байсан.

Хүн төрхөөсөө л мэдэхийн төлөө явдаг. Харин мэдэхгүй юм гараад ирэхлээр айдаг, гайхдаг бас зугтаадаг. Гэхдээ эцэст нь учрыг нь олж, мэдэхийг эрмэлздэг нь ухамсарт хүний шинж юм.

Байгалийн болон нийгмийн тодорхойгүй зүйлс л хүнийг мухар сүсэгт хүргэдэг. Тэр л бүх зүйлийн учрыг нь олчихвол хүн гайхахаа болино, айхаа бас шүтэхээ болино. Товчхондоо мухраар сүсэглэхгүй.

Эртний хүмүүс юм бүхэн цаанаа шалтгаантай, мөн эзэнтэй гэж үздэг байсан. Ган болохлоор лус савдаг, уул овоо тахидаг. Ажил нь бүтэхгүй болохлоор лам, үзмэрч дээр очдог. Энэ бүхэн өнөөдөр манай нийгэмд сэргэжээ. Гэхдээ үүгээр л хүн өөрийн сэтгэлээ тайтгаруулдаг. Хэрвээ ган тайлагдвал лус савдагтаа баярлана, тайлагдахгүй бол дахиад л тахина. Харин лам үзмэрч нар хүний амьдрал нийтлэг учраас онож таана эсвэл онохгүй таана, таахгүй бол энэ их хэцүү зүйл байна гээд л өнгөрнө. Зурхай, мэргэ төлөг зэрэг нь зөвхөн л таадаг. Тэгвэл ингэдэг, ингэвэл тэгдэг гэсэн энэ л мухар сүсэг, домгын амьдралаас салах нь орчин үеийн хүнд чухал. Үсээ засуулах өдөр нь тэгээд 5 настай, 50 настай хоёр хүнд адилхан үйлчилэх үү. Иймэрхүү утгыг зүйлийг хүн анхаараад байх хэрэггүй.

Мэдлэгтэй, боловсролтой хүмүүсийн нийгэмд мухар сүсгийн орон зай тун бага байдаг. Мэдлэггүй газар л мухар сүсэг хүчээ авдаг. Мэдлэгтэй, боловсролтой хүн нээх мухар сүсэгтээд ламдаад, бөөдөөд байдаггүй. Өөрийн ухамсраар л үйл ажиллагаагаа чиглүүлээд явдаг.

Өнөөдөр манай орны хувьд төрөөс авахуулаад энгийн айлд хүртэл мухар сүсэг шингэсэн. Мухар сүсгээр ажлаа төлөвлөдөг хүн олон. Мухар сүсгээр ашиг хонжоо ологчид болон түүнд бүрэн автагдсан хүн ч олон байна. Бид юмны цаад мөн чанарыг нь мэдэхгүй байгаа учраас л мухар сүсэгт хөтлөгддөг. Уламжлалд мухар сүсэг их шингэсэн. Уул овоо тахих, гэр бүл болоход.. Мөн зарим хүмүүст зурхай, мэргэ харж байж л тухайн ажлаа хийдэг. Мухар сүсгээс болж хүний амьдрал бүтэлгүйтэх, хохирох тохиолдол их бий.

Хүн аймхай амьтан учраас айдсаа дарна. Олон янзын юманд элдвийн утга учир өгнө, энэ тухайн хүний үнэт нь болно\шагай, чулуу, ээжийн алчуур\. Хүнд хүч өгдөг зүйл бол мэдлэг бөгөөд аливаа зүйлийн талаар мэдэж авах. Энэ бол айдсыг даван туулах арга юм. Мухар сүсэг нийгмийг хойш нь татдаг. Харин мэдлэг улс орныг хөгжил рүү хөтөлнө.

/Цагтөр.мн/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих