ГАДААДАД АЖИЛЛАГСДЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДЛЫН ТАЛААР ЯРИЛЦАВ
Өнөөдөр МҮЭХ-ны хурлын танхимд Хөдөлмөрийн яам, Салбар үйлдвэрчний эвлэлийн холбооноос гадаадад хараар ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Салбар үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Г.Дүгэр ярихдаа, “Солонгос улсад 18 мянган иргэн албан бусаар ажиллаж байна. Гадаадад ажиллаж буй Монгол иргэдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлыг уулзалтаар хөндлөө. Гадаадад ажиллаж буй хүмүүсийн тодорхой хэсэг нь л гэрээтэй ажиллаж байна. Албан бусаар гадаадад хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хувьд асуудал их хүнд байгаа. Тиймээс өнөөдөр үйлдвэрчний байгууллага төрийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов. Эндээс хэд, хэдэн асуудлыг Гадаад харилцааны яам, Хөдөлмөрийн яаманд тавихаар боллоо. Тухайлбал бага насны хүүхдийг, гадаад хэлний мэдлэггүй хүнийг гадаадад явуулахыг хязгаарлах зэрэг санал гаргав.
Мөн Солонгост манай үйлдвэрчний салбар хороо ажиллаж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн хороо нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан асуудлыг шийдэж байх нь зөв гэсэн санаа ч гарч байв. Гадаадад ажилд жуучилдаг компаниуд байх үед маш олон хүмүүс хохирсон. Эдгээр хүмүүсийн асуудлыг нэгдсэн журмаар шийдье гэсэн чиглэл гарлаа. Түүнчлэн Солонгост олон хүн албан бусаар ажиллаж байна. Гурван жилийн өмнөөс албан бусаар ажиллаж буй хүмүүсийг баривчилан монгол руу явуулж эхэлсэн. Гол нь албан бусаар ажиллаж буй хүмүүсээ ямар нэгэн эрсдэлгүйгээр эх орондоо авчрах хэрэгтэй байгааг оролцогсод онцоллоо. Ингэхийн тулд Засгийн газар хооронд байгуулсан санамж бичигт өөрчлөлт, нэмэлт оруулах нь чухал гэдэгт байр сууриа нэгтгэв. Мөн гадаадад мэргэшсэн хүмүүсийг ирэхэд нь монголдоо ажилтай байлгах хэрэгтэй байна. Тиймээс тэдгээр хүмүүсээ богино хугацааны курсэд хамруулаад мэргэжлийн үнэмлэх олгон ажилтай болгоё гэсэн саначилга ч гарч байв. Манай холбооны дэргэдэх Хөдөлмөрийн бирж, Хөдөлмөр сургалтын төвөөр дамжуулан Солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүсийн мэдээллийг мэдээллийн санд байршуулж байхаар болов.
Б.Ариунзаяа
URL: