Эх хэлээрээ ярьж чадахаа больчих вий дээ
Гадаадын боловсролын систем манай улсад нэвтэрч байгаа нь авууштай ч бид чинь Монгол хүмүүс шүү дээ.
Сүүлийн жилүүдэд манайд гадаад цэцэрлэг, сургууль олноор байгуулагдах болсон. Энэ нь хүүхдүүдэд тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй байгаа мэт санагдах юм. Бидний ирээдүй болсон хүүхдүүд маань эх орондоо амьдарч, сурч боловсорч байгаа хэрнээ Монгол хэлээ гээгээд байна. Зөв ярьж, бичиж, ойлгож чадахаа болилоо.
Тухайлбал, саяхан орос цэцэрлэгээр хүмүүжсэн, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурдаг дүү маань ном уншиж байснаа “Аниа, энэ хонь бэлчлээ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Хонь чинь явдаг биз дээ” хэмээн гайхан асуусан юм. Би түүнд тайлбарласан боловч ойлгосонгүй. Түүний үгийн санд “бэлчих” гэсэн үг байдаггүй бололтой. Энэ мэтээр суралцаж буй гадаад хэлнийхээ нөлөөнд автан төрөлх хэлнийхээ үгийг ойлгохоо больчихсон хүүхдүүд олон. Ялангуяа Монгол ахуй, ёс заншлыг илтгэсэн үгийг ойлгохоо больсон нь харамсалтай.
Цаашид энэ мэтээр яваад байх юм бол эх хэл маань устаж үгүй болох нь ээ. Иймээс гадаад хэл заахын хажуугаар төрөлх хэлээ чанартай заамаар байна. Тэгэхгүй бол нэр хүндтэй, “баячуудын” гэх тодотголтой өндөр төлбөртэй их сургуулиудын диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр байх нь. Олон гадаад хэлтэй, чадварлаг боловсон хүчнүүд маань эх хэлээрээ ярьж чадахаа больчих вий дээ.
Монгол Улсын боловсролын систем хаашаа яваад байна вэ. Нэг хэсэггээ Оросын дэгээр бэлтгэгдэж даяарчлагдаж буй дэлхийн жишгээс хоцроод байсан манай улсын хувьд боловсролын тогтолцоондоо эрс шинэчлэлт хийх цаг аль хэдийн болжээ, сайд аа.
Үндэсний хөгжлийн стратеги төлөвлөгөөнд 2021 он гэхэд Монгол Улс олон улсын жишигт нийцсэн боловсролын тогтолцоонд шилжсэн, төрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд албан ажлаа англи хэлээр явуулах чадамжтай болчихсон байна хэмээх асар том зорилгыг тавьсан гэх.
О.Чанцалдулам
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: