МАН-ын ялалт байгуулах цорын ганц арга нь МАХН
МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхмээ ард түмний шүүлтүүрээр оруулах гэнэ. Энэ сарын 25-наас ирэх сарын 25-н хүртэл буюу нэг сарын хугацаанд иргэдийн саналыг нээлттэй сонсч, хэнийг дэвшүүлэх нь зүйтэй болохыг ярилцах аж. Үүний дараа хамгийн олон санал авсан хүнийг намын бага хурлаар хэлэлцэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Удирдах зөвлөлөөс өчигдөр шийдвэрлэлээ.
Товчхондоо, уралдаант нэвтрүүлгийн ялагчийг тодруулахын тулд дөрвөн оронтой тоо ажиллуулж, мессежээр санал авдаг шиг үйл ажиллагааг зохион байгуулах гэнэ. Ялгаа нь мессежээр иргэдийнхээ гар утасны нэгжийг сэгсрэх бус намын анхан шатны байгууллагуудаар дамжуулан иргэдийн саналыг авна. Уг нь их сунгаанд хүч үзэхээр намын дарга Ө.Энхтүвшин, гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын нэр нам дотор хөвөрч байгаа ч эцэслэн шийдвэрлэгдээгүй.
Түүнчлэн С.Баяр хөдөлгөөнд орж эхэлсэн тухай мэдээлэл бий. Иймд дээрх нэр бүхий дөрвөн эрхмийн аль нь их сунгаанд хүч үзэхийг ард иргэдийн саналаар шийдвэрлэхээр шийдсэн бололтой. Сүүлийн үед МАН лидергүй болсон тул арга мухардсан ажиллагаа явуулж байгаа нь энэ гэх шүүмжлэл өрсөлдөгчдөөс нь цухалзаж буй. Харин буурал намынхан үүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд харин ч олны итгэлийг хүлээж чадахуйц лидерүүд бий гэж тодотгосон.
Тэдний хувьд ард түмний төлөөллийг иргэд өөрсдөө нэр дэвшүүлж, улмаар өрсөлдүүлбэл илүү шударга сонголт болно хэмээн үзэж байгаа аж. АН-ын хувьд Э.Бат-Үүл, өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрын нэг нь гол тоглолтод оролцоно. Одоогийн байдлаар Төрийн тэргүүн нам доторх мандатыг өвөртлөхийн тулд эрч хүчтэй ажиллаж, гол хүний дүрийг бүтээж эхэлсэн.
Түүнчлэн шүүх хуулийн байгууллагыг атгаж байгаагийн хувьд ар, өврийг чинь уудална гэж намынхнаа шантаажилсан тухай бор шувуу жиргэх болсон юм. Үнэндээ ч шүүх, прокурорын байгууллага Эбэ-гийн гарт бий. Тиймдээ ч хүчтэй өрсөлдөгчөө дарж авсан хэмээн тоймчид төдийгүй улс төрийн хүрээнийхэн дүгнэлтээ боловсруулчихсан,. Иймд энэ удаагийн сонгуулиар хүчтэй өрсөлдөгч байхгүй хэмээх таамаглалыг ч дэвшүүлээд байгаа юм.
Гэхдээ Эбэ-гийн таамаглаж ч байгаагүй гэнэтийн үйл явдлууд түүнийг хүлээж байж мэднэ. Наранд биш нарсанд суугаа Н.Энхбаяр мөрөөдлийг нь баллуурдсан хүнийг зүгээр хараад суух уу, үгүй юү гэдэг эргэлзээтэй л зүйл. Хатгаа авч, биеийн байдал нь хүндхэн байгаа ч ард түмэндээ хандан cap шинийн мэндчилгээ дэвшүүлсэн нь тэрбээр оршин буйгаа мэдэгдэж байна.
Бас хэн нэгэнд ямар нэгэн дохио өгч байж ч мэднэ. Өчигдөрхөн л гэхэд УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж МАН, МАХН нэгдэхийг уриалсан уриалгыг гаргаж, хоёр намын гишүүдэд ил захидал хаяглалаа. Захидалд “АН УИХ-д олонхийн суудлыг бүрдүүлж чадаагүй болохоор Шударга ёс эвсэл буюу МАХН-МҮАН-тай хүч хамтран шинэчлэлийн Засгийн газрыг байгуулав. Ийнхүү зүүний баримжаатай МАН, МАХН хэмээх намууд ээлж дараалан Засаг барилцаж байгаа мэт харагдаж буй боловч хэрэг дээрээ өнөөх л хуучны МАХН хоёр хэсэг болоод хүчээ тарамдаж, улс төрийн тоглоом болж байгааг өнөөдөр ухаантай хүн бүр шүүмжлэн ярьж байна.
УИХ-ын 2012 оны сонгуулиар юу болов. Та бидэнд ямар сургамж үлдээв” хэмээн өнгөрсөн явдлын талаар онцолжээ. Мөн тэрбээр өмнөх сонгуулиудаар өөр хоорондоо өрсөлдсөнөөс болж өвдөг шороодсон тухай чухалчлан дурьдсан байсан.
Тухайлбал, “МАН-ын тухайн үеийн удирдлагад улс төрийн мэдрэмж алдагдсаны хамгийн тод жишээ гэвэл тасарч гарсан МАХН-ыг дэмжих том давалгаа ард түмний дотор үүсчихээд байхад УИХ-ын сонгуульд “өөрийнхөө тал”-тай өрсөлдөж оролцсон явдал” гэж дүрсэлсэн байлаа. Гол нь “өрөөсөн гуталтай” МАН-ыг ч, өмссөн “гуталгүй” МАХН-ыг ч сонгогч ард түмэн огтхон ч өрөвдсөнгүй” гэжээ.
Гэхдээ ард түмэн тэднээс нүүр буруулаагүй. Харин ард түмний урам хугарч, сэтгэл хуваагдсаны шинж аж. Учир нь УИХ-ын сонгуульд намын нэрээр МАН 31 хувь, Шударга ёс эвсэл 22.5 хувийн санал авсныг нийлүүлэн тооцвол хуучны МАХН Монголын парламентад дийлэнх олонхи болох бодит боломжтой байж.
Ийнхүү ганцхан жилийн дотор болж өнгөрсөн хоёр удаагийн сонгуульд ялагдсаныхаа горыг хангалттай амсаж байгаадаа олигтой дүгнэлт огтхон ч хийж чадахгүй байсаар Ерөнхийлөгчийн, нэн хариуцлагатай сонгуультай золгож болзошгүй талаар онцолжээ. Иймд нэгдэн нийлж, ах захаа алдсан Ардчиллынхныг дарж авахыг анхааруулсан байлаа. Хэрэв тэд хүч хавсарч сонгуульд оролцвол Ардчиллынхны эсрэг гэнэтийн дайралтыг хүчтэй хийх болно. Тэр л тэдний хувьд ялах цорын ганц арга болж ч мэдэх юм.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: