Төрийн өмчийн сүв бүхэнд Д.Сугарын савар орсон уу?

sugar olloТөрийн өмчийн хорооны дарга Д.Сугар гэгч гэнэт л дуулианы эзэн болон тодорлоо. Төрийн их хэмжээний мөнгийг гадаадын компанид завших боломж олгосон буюу албаны эрх мэдлээ урвуулсан үйлдэлдээ Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа тухай мэдээлэл гарах болов. Төрийн өмчийн хорооны дарга байхдаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг хэн ч халж чадахгүй” хэмээн том дуугарч байсан тэрбээр үнэхээр л зангараг том гэдгээ харуулж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буумагцаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон юм.

 

 

МИАТ-ийн “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгийг 12 жилийн турш Хонгонк, Японы банкуудаар эргэлдүүлж байсан “Монголиан Эйрлайнс” ХХК-ийн захирал Ч.Хоролсүрэн, МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон нарын хэргийн зах сэжүүрээс Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд 2012 оны эхээр атгаж авчээ. Тэгвэл МИАТ-ийг сүйрүүлэх шахсан энэ хэрэг дөнгөж сөхөгдмөгц Д.Сугар яарч сандран өргөдлөө өгч, Үндсэн хуулийн цэц гэх “нуувчинд” орсон хэмээн хардаж буй.

 

 

Түүний өөрийнх нь хувийн бизнесийн талаар мэдээлэл тун бага байдаг. Төрийн албанд насаараа ажиллаж байгаа гэсэн түүх намтартай ч насаараа бизнес хийсэн Монголын толгой баячуудаас дутахгүй хөрөнгөтэй баян этгээд билээ. Энэ эрхмийн баяжсан түүх нь тун бүдэг бадаг. Тэрээр өнгөрсөн зун нутгийнхаа 80 жилийн ойд мөнөөх Ч.Хоролсүрэнгийн хамт нисдэг тэрэг хөлөглөн очиж, агаараас наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэн, бэлэг сэлт цацсан.

 

 

Мэндчилгээний үгтэй дугтуй, дугтуйтай чихрийн цаасан дээрээ өөрийнхөө нэрийг биччихсэн байжээ. Д.Сугар 2005 онд МИАТ-ийн ТУЗ-ийн дарга байхдаа зүгээр нэг ачаа борлуулагчаар яжиллаж байсан Ч.Хоролсүрэнг суга татаж, МИАТ-ийн дэд захирал болгож байсан нь нэгийг өгүүлнэ. Тэгвэл тун саяхан Д.Сугар, Ч.Хоролсүрэн нар Японд хөрш зэргэлдээ орон сууц худалдан авсан тухай дуулдаж буй.

 

 

Японы Токио хот дэлхийд үнэ өртгөөрөө хамгийн дээгүүрт орох хот. Тус хотод дундаж орон сууц таван сая долларын үнэтэй байдаг. Насаараа төрийн албанд ажиллаж, төсвийн цалин хүртсэн Монгол төрийн хар хүн ямар орлогоороо дэлхийн хамгийн тансаг хот болох Токио хотод орон сууц худалдан авч чадсан нь үнэхээр гайхаш төрүүлнэ. Түүнийг эс тооцъё хэмээхэд Нүхт дэх хоёр давхар тансаг харшаа бас ямар орлогын эх үүсвэрээр босгож дөнгөснийг мөшгөвөл лав л төсвийн цалингийн хэмжээ дамжаа хол дутах биз ээ.

 

 

Энэхүү харшийнх нь зах зээлийн үнэ ханш ойролцоогоор 300 сая төгрөг билээ. Д.Сугар төрийн өмчийн нүх сүв бүхэнд өөрийн хувийн бизнесээ цэцэглүүлэн, ашиг сонирхлоо лав шургуулан төр засгийн томоохон албан тушаалтан, эрх мэдэлтнүүдтэй аалзны тор мэт хэлхээ сүлбээг үүсгэж чадсан нөхөр гэж анзаарагддаг. Тэрбээр Авилгатай тэмцэх газар удаа дараа шалгагдаж байсан боловч ямар ч хэргээс ганцаараа мултраад сугараад үлдчихдэг нь үүний бэлээхэн нотолгоо.

 

 

Тэрбээр ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа төрийн өмчит компаниудын удирдлагаар өөрийн төлөөний хүмүүсээ тавьж хөрөнгө мөнгө шамшигдуулах, үнэгүйдүүлэн хувьчилж авах алтан боломж олгож байсан нь түүний баяжсаны гол арга хэрэгсэл нь. Биокомбинат УҮГ-ын даргаар нэг нутгийн Б.Баттогтохыг шахсан будлиантай томилгоо нь 20 сая ам.доллараар үнэлэгдэх тухайн үйлдвэрийг сүйрүүлчих шахсан удаатай.

 

 

Мөн МИАТ компанийг асар их хэмжээний алдагдалд оруулах ажлыг гардан зохион байгуулаад, үүнээсээ улбаалан төрийн өмчид ашиггүй ажиллуулахын оронд хувьчлах шаардлагатай хэмээн өөрсдөө хувьчилж авахаар шамдсан нь бас нэгэн жишээ юм. “Монголросцветмет” нэгдлийн захирал асан О.Эрдэнэтэй хамтран Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордын 75 хувийг Оросын “Полиметалл” компанид шилжүүлснийхээ хариуд ихээхэн хэмжээний хахууль авсан хэрэг сөхөгдөөд замхарсан.

 

 

Уг Асгатын мөнгөний орд нь манай улсын стратегийн чухал ордод тооцогддог хэдий ч Д.Сугар,О.Эрдэнэ нарын 2006 онд оросуудтай үзэглэсэн балагтай гэрээний үр дүнд стратегийн ордоос хасуулахаар өнөөдрийг хүртэл манайхыг дарамталсаар байдаг нь нууц биш. Мөн ашиггүй ажилласан төрийн өмчит томоохон компанийн нэг болох “Эрдэнэс Таван толгой”-н хэрэгт ч мань хүний оролцоо дуулдаж л байх юм.

 

 

“Эрдэнэс Таван толгой”-г дампууруулсан гол буруутан нь яах аргагүй л мань Д.Сугар. 300-хан км зөөвөрлөөд Хятадын нутагт аваачих “Таван толгой”-н сайн чанарын коксжих нүүрсийг хаа холын Австралиас зөөж байгаа нүүрснээс тонн тутамдаа 30-50 ам.долларын бага үнэтэйгээр зарах тохиролцоо хийгдсэний цаана ямар хэмжээнии хээл хахууль, наймаа явагдсаныг өнөөдөртөө хэн ч мэдэхгүй.

 

 

Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрдэнэс Таван толгой” компанийн тонн нүүрсийг Хятадын төрийн өмчит “Чайлко” компанид 70 ам.доллараар худалдах гэрээ байгуулж, Таван толгойг дампууруулсан гол буруутан өнөөдөр төрийн хариуцлагатай ажил хийгээд сууж байна. Монгол Улсад туйлын хохиролтой энэ гэрээг хүчингүй болгоно. Гэм буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн юм. Үүнээс дүгнэхэд мань Д.Сугар бол төрийн өмчөөс үлэмж ихээр суйлдаг нөхөр гэдэг нь тодорхой байна.

 

 

Аль 2008 онд үндэсний эрэн сурвалжлах “Нийгмийн толь” сонинд түүний талаар “Суйлдаг, сугардаг Сугар” хэмээх гарчигтай материал нийтлэгдэж байсан юм. Энэхүү нийтлэлд Д.Сугарын ашиг сонирхлын зөрчил хийгээд төрийн албаар хэрхэн баяжиж хөлжиж буй хийгээд хийсэн булхай луйвраасаа хэрхэн мултарч сугарч чаддаг тухай тов тодорхой хөндөн бичжээ.

 

 

Хэрвээ тус нийтлэлийн мөрөөр Д.Сугар гэгч төрөөс төрсөн тэрбумтныг шалгаж, үйлдсэн хэргийг нь илрүүлэн гэм бурууг нь хүлээлгэж дөнгөсөнсөн бол өнөөгийн улсад учирсан олон тэрбумын хохирлыг бага дээр нь хазаарлах ч байсан юм бил үү хэмээн бодогдоно. Ингээд тэрхүү нийтлэлийн хэсгээс сөхөж үзье.

Суйлдаг, Сугардаг Сугар

Улсын хамаг л булхай, луйвар, будлианыг тарьж суудаг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын хазааргүй, хариуцлагагүй үйлдлүүд дуулиан дагуулсаар байна. Түүний толгойлдог Төрийн өмчийн хорооны тендер, хувьчлал бүр хэл амаар булуулж, түүний мутартай тушаал шийдвэр бүр улс төр, бизнесийн олигархиудын эрх ашигт үйлчлэх болов.

Хувийн бизнесээ10.4 тэрбум төгрөгөөр тэтгэх булхай хийлээ

Замын цагдаагийн газраас тун саяхан тээврийн хэрэгслийн гэрчилгээг Үнэт цаасны улсын үйлдвэрт захиалан хэвлүүлэх шийдвэр гаргажээ. Гэтэл энэхүү шийдвэр Д.Сугарын хувийн эрх ашигт хөтлөгдөж гарсан болох нь илчлэгдэв. Үнэт цаасны улсын үйлдвэрийн тодорхой хувьцаа түүний мэдэлд байдаг гэж эх сурвалж баталж буй. Тиймээс бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэн солих тухай асуудлыг сөхөж, нэг ширхэгийг нь 800 төгрөгийн өртгөөр хэвлэх эрхийг мань Д.Сугар өөрийн үйлдвэртээ ямар ч тендергүйгээр авч өгсөн гэсэн үг.

 

 

Монгол Улсын хэмжээнд нийт 130 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Тэгвэл нэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг 800 төгрөгөөр үйлдвэрлэхэд 10.4 тэрбум төгрөгийн орлого тус үйлдвэрт урсаад л орж ирнэ. Үүнээс хэдийг нь сугалахаа Д.Сугар мэднэ. Шуудхандаа тэрбээр хувийн бизнесийг дэмжих зорилгоор өөрийн эрх мэдлийг ашиглажээ.

Хадагламжийн банкны хэргийн ардах хамсаатнуудаа өмгөөлөх гэв үү

Хадгаламжийн банкнаас алдагдсан 12 сая ам.долларын будлианд Д.Сугар чамгүй гар бие оролцсон гэгдэж байгаа. Д.Сугарын Төрийн өмчийн хорооны даргаар томилогдож очихдоо МАХН-аас хүлээж авсан үүргийн нэг нь Хадгаламжийн банкийг олон тэрбумын зөрчил илрэхээс өмнө хувьчлах явдал байсан ч гэх яриа бий. Төрийн өмчийн хорооноос томилогдсон үнэлгээний комисс хувьчлах гэж буй төрийн өмчид хяналт шалгалт сайтар хийсний үндсэн дээр хөрөнгийн хэмжээ, нэрлэх үнийг тогтоодог учиртай.

 

 

Гэтэл Хадгаламжийн банкны активын хөрөнгөөс бүхэл бүтэн 12 сая ам.доллар сох дутсаныг Төрийн өмчийн хороо, тэр тусмаа Д.Сугар огтоос мэдээгүй байх гэж таарах уу. Тэр мэдэхийн дээдээр мэдэж байсан болов уу гэх таамаг бий. Тиймдээ ч өдгөө Хадгаламжийн банкны 12 сая ам.долларын луйврыг хаацайлахаар өөрийн албан тушаал, заль мэхээ ашиглах гэж улайрч суугаа гэх.

 

 

Тус булхайг шалгах ажлын хэсгийн ахлагчийг өөрчилж, өөрийн менежер Б.Сүхбаатарыг тавьсан нь дээрхийг бараг л баталсан. Б.Сүхбаатар гэгч нь “Улаан загалмай” хадгаламж, зээлийн хоршооны эзэн байсан бөгөөд Д.Сугартай хамт үүсгэн байгуулж, нэлээд мөнгө цохьсны дараа дампууруулсан гэх шуугиан өрнөж буй. Ямартай ч Д.Сугарт Хадгаламжийн банкны алдагдсан хөрөнгийг хал балгүйхэн дарах ашиг сонирхол байна.

 

 

Харин хөрөнгө нь сох дутсан өмчийг төрийн нэрийн өмнөөс худалдсан алдаагаа хаацайлах гэж үү, эсвэл 12 сая ам.долларын ард нуугдаж буй төрийн томчууд, өөрийн хамсаатнуудаа өмгөөлөх гэв үү гэдэг нь одоохондоо тодорхойгүй.

Монголын баялгийг дур мэдэн худалдах гэснийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээсэнгүй

Д.Сугар суйлж, хуйлж, хутгахдаа туйлын гаргуун. Хүнийг суйлна, мөнгийг хуйлна, төрийг хутгана гэж томъёолж ч болох гэнэ. Тэр Асгатын мөнгөний ордыг харийнханд худалдах гэж байсан том толгойтнуудын нэг. “Монросцветмет” нэгдлийн ерөнхий захирал О.Эрдэнээтэй хуйвалдан Асгатын мөнгөний ордыг баялагтай нь хамт Оросын “Полиметалл” компанид зарах гэж байсан түүний хууль бус үйлдэл илэрсэн ч тэр суйлж, хутгахдаа гаргууд тул ямар ч хариуцлага хүлээлгүй “уснаас цэвэрхээн үсрээд гарчихсан”.

 

 

О.Эрдэнээ болон Засгийн газрын зарим гишүүн рүү буруугаа бухаж, ганган суйлаа мэх хэрэглээд л өнгөрсөн. Засгийн газраас ийм хууль бус гэрээ дур мэдэн байгуулсан ТӨХ-ны дарга Д.Сугар, О.Эрдэнээ нарт арга хэмжээ авна гэсэн боловч Ерөнхий сайд М.Энхболд харин ч эерэгээрээ толгойг нь илж эрхлүүлсэн гэдэг. Тэдэнд ийн сүжрэх үндэс байсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд Засгийн газрын 266 тоот тогтоол гэгчийг баталж, төрийн өмчийн компани байгуулахаар болсон.

 

 

Ийм компани бий болгох зорилго, ач холбогдол нь М.Энхболд Монголын ашигт малтмал бүхий орд газрууд, лицензийг өөрийн эрх мэдэлдээ төвлөрүүлэн, толгой мэдэх хэмээсэн богинохон атлаа гүн агуулгатай байв. Харин энэхүү зорилгод нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Су.Батболд, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар нэгджээ.

 

 

Тиймдээ ч дээрх тогтоол гарсны дараахан Д.Сугар “Хайгуулын болон ашиглалтын лицензийн тухай” хэмээсэн баримт бичиг үйлдэж, төрийн өмчийн зарим компанийн эзэмшдэг орд газруудын лицензийг гартаа төвлөрүүлэх гэжээ. Тэрбээр “Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшиж байгаа хайгуулын болон ашиглалтын тусгай лицензийг холбогдох зураг, баримт, материалын хамт Төрийн өмчийн хорооны нэр дээр шилжүүлнэ үү”‘ гэж хувийн санаархлаа ил цагаан зарласан. Ингэхдээ мэдээж Төрийн өмчийн хорооны дарга гэсэн төрийн нэр нүүр, албан тушаалыг урдаа барьжээ.

Төрийн хувьчлалд хувийн лобби хэрэглэсээр

Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан хувьчлал бүр хэл эм дагуулдгийг дээр өгүүлсэн. Эдгээрээс Д.Сугар даргатай нэр холбогдох нь “Говь”, Хадгаламжийн банк, Улсын циркийн хувьчлал юм. Д.Сугарын өөрийнх нь хэлснээр хамгийн амжилттай болсон гэх Хадгаламжийн банкны хувьчлал өдгөө муу нохойн замаар ороод байгаа. ОХУ-ын Братскийн ардын банк наймаагаа буцах, эс бөгөөс Монголын Засгийн газар 12 сая ам.долларыг нөхөж төлөх хоёр сонголтын өмнө иржээ.

 

 

Тэгвэл Улсын циркийн хувьчлал хэдий шийдэгдсэн ч хэл ам нь тасарсангүй. Тендерт оролцсон “Монгол цирк” баг хувьчлалын дүнд ТӨХ-ны дарга Д.Сугар нөлөөлсөн гэж үзэж шүүхэд хандсан. Үнэхээр ч Д.Сугар өөрийн заль мэх, албан тушаалын хуудуутай аргаараа Улсын циркийг нутгийн дүү Асашёорюү Д.Давгадоржид өгсөн. Их аварга Д.Давгадорж, түүний ах, улсын начин Д.Сэржбүдээ нарын “АСА” баг анхны комиссын үнэлгээгээр оноо дутаж, тендер хүчингүй болсон юм.

 

 

Гэтэл Д.Сугар дахин тендер зарлах ёстой хуулийг огоорон, үнэлгээний комиссыг дахин байгуулах тушаал гаргажээ. Хууль огоорсон гэж буйн учир нь тендер зохион байгуулах журмын 16.3-т “Аль ч баг нь 80-аас дээш оноо аваагүй тохиолдолд тендер хүчингүй болсонд тооцно. Дахин зарлахыг БСШУЯ, Засгийн газар, УИХ зөвшилцөж, ТӨХ батлах ёстой” гэж заажээ.

 

 

Гэтэл эхний комиссын үнэлгээгээр 78 оноо авсан баг Д.Сугарын шинэ байгуулсан комиссоос хангалттай оноо аван ялагчаар тодорсон юм. Үүнд Д.Сугарын лобби орсон гэдэг нь эргэлзээгүй байдаг, Тэрбээр Москвад болсон “Совет”-ийн хурлаас буцаж ирмэгцээ шууд Япон улс руу эмчилгээнд явсан. Харин түүний эмчилгээний зардлыг Асашёорюү Д .Дагвадорж даасан гэдэг ч ортой аж. Энэ бол төрийн өмчийг хувьчлахдаа ямар ашиг сонирхолд хөтлөгддөг тухайд хөндөгдсөн Д.Сугарын үйлдлүүдийн нэгээхэн жишим, олон жишээ баримтын зөвхөн нэг нь билээ.

МАХН-ын нууц зохиолоос Д.Сугарын нэрийг сугалж болохгүй

Ийнхүү Д.Сугар Төрийн өмчийн хорооны даргын албан тушаалд сандайлснаасаа хойш цөөнгүй луйвар, будлианд хутгалдаж. Гэвч тэрбээр энэ бүхний хариуцлагаас сурамгай сугарч гардаг дархан аргатай, ар талтай бололтой. МАХН хууль бус бүхий л луйвартаа Д.Сугарыг итгэмжлэн ашигладаг байна. Үүний цаана намаа санхүүжүүлэх томоохон эрх ашиг үйлчилдэг.

 

 

Тэгвэл яагаад заавал Д.Сугар гэж хэмээсэн асуулт гарч ирнэ. Д.Сугараас өөр Дорж, эсвэл Догсом байж яагаад болохгүй хэрэг вэ. Үүний хариултан дээр л МАХН-ын олигархиуд зохиолоо дэглэжээ. Юу гэвэл, Д.Сугарын хууль бус булхайтай бүх үйлдэл илрэх юм бол “Хэрэг хүлээх чадваргүй” гээд л хэргээс мулталж дөнгөчихнө. Бүх төрлийн гэмт үйлдлүүдээ ийм үгээр л булж орхихын тулд Д.Сугар МАХН-д хэрэгтэй. Зохиол анхнаасаа л тэгж бичигдсэн.

Ажлаа хийхийн оронд саун хэсч явдаг төрийн албан хаагч

Д.Сугар МАХН-д хэрэгтэй болохоос төрд хэрэгтэй “зайран” биш. Үүнийг дээрх баримт, үйлдлүүд бэлээхэн батална. Илүү ч баталгаа ар араасаа дэлгэгдэж байна. Түүний балагтай шийдвэрээс болж, Монголын Засгийн газар шүүхэд дуудагдахад хүрчээ. “Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг эзэмшдэг Солонгосын “Кореа телеком” компани манай Засгийн газрыг шүүхэд өглөө.

 

 

Шалтгаан нь Д.Сугарын “Монголын цахилгаан холбоо” компани дахь санхүүгийн хуваарилалт, бүтцийн өөрчлөлтийг дур мэдэн хийснээс үүдэлтэй аж. Ийнхүү хоёр улсын компани хамтарч хувьцааг нь эзэмшдэг компанийн аливаа асуудлыг нөгөө талтай харилцан зөвлөлдсөний үндсэн дээр шийддэг наад захын ойлголтыг мэдэхгүй Д.Сугар даргын буруугаас болж, Монгол Улс булайгаа дэлгэх нь.

 

 

Ийм хүн төрийн өндөр албан тушаалаар хэдий болтол дүүжин даажин хийж тоглох болж байна аа. Нөгөөтэйгүүр, энэ нөхөр ажил үүргээ хэрхэн хийдэг юм бол оо гэсэн жигтэй бодолд үнэн зөв хариулт олох хэрэгтэй юм билээ. Учир нь тэр ажлын цагаар өндөр үнэтэй үйлчилгээ бүхий сауны газар хэсч явдаг ажээ. Энэ сарын 21-ний өдрийн 15:59 минутад Кино үйлдвэрийн урд байрлах Эрхүүгийн амралтын төв дэх саунаас тэрбээр гарч яваа харагдав.

 

 

Тус саун нь нэлээн өндөр үнэтэй, тусгай үйлчилгээтэй газар юм байна. Тусгай үйлчилгээ гэдэгт нь чухам юу юу багтдагийг уншигч авхай эс андах биз ээ. Гэтэл Д.Сугар дарга ажлынхаа цагаар тус саунд саатаж саатчихаад, 07 69 УБЗ дугаартай ланд маркийн машинд суугаад одохыг үзлээ. Төрийн өндөр албан тушаалтнууд ажлынхаа цагаар иймэрхүү л юм хийгээд явдаг байх нь уу хэмээн хачирхсанаа нуух юун.

 
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих