Б.Батболд: Эрүүл мэндийн салбараар улс төрчид 22 жил тоглолоо, одоо боллоо…
Монгол улсын эрүүл мэндийн салбарт 32 жил өөрийн хүч хөдөлмөрөө зориулж яваа Улсын нэгдүгээр Төв эмнэлэгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, профессор Б.Батболдтой ярилцлаа.
Эрүүл мэндийн салбарыг шинэчилье гэвэл мэдээж боловсон хүчинг хэрхэн бэлтгэж байгаагаас их зүйл хамаарна. Эмч бэлтгэх сургалт чанаргүйгээс муу боловсон хүчин ‘’үйлдвэрлэж’’ байгааг та юу гэж боддог вэ?
Миний үед Анагаах ухааны дээд сургууль эрэлт хэрэгцээгээрээ гадаад харилцааны дараа хоёрдугаарт бичигддэг эрэлт хэрэгцээтэй сургууль байлаа. Ангидаа онц сурдаг, толгой сайтай хүүхдүүд хичээл зүтгэл гаргаж байж ордог сургууль байсан. Гэтэл одоо шинэ залуу боловсон хүчин энэ сургуулийг сонгох нь эрс багассан. Яагаад гэвэл эмч болохын тулд 10 жил сурна. Дараа нь ажил дээр очоод 200-500 мянган төгрөгний цалин авна. Гэтэл эдийн засгийн, хуулийн сургууль төгсч байгаа мэргэжилтнүүд нэг саяаас хоёр сая хүртэлх төгрөгний цалин авч байгаа. Энэ бол манай салбарын системийн гажуудал. Шинэ залуу үе орж ирэх бололцоо хязгаарлагдмал болж байгаа юм. Оюун ухааны хоосрол, оюун ухааны чадваргүй хүмүүсийн нийгэмлэг болж хувирсан байна. Өнөөдөр хэвлэлээр хүүхэд түлсэн, хүний гэдсэнд марел үлдээлээ гэж их мэдээлж байна. Эцсийн дүнд систем нь зөв бол би хүүхэд түлдэггүй хүнд очиж болно, хариуцлаггүй сувилагч байлаа гэхэд халдаг сольдог систем бий болгож болно. Гэтэл ямар ч хариуцлаггүй систем, хариуцлаггүй ар гэр, хамаатан садангууд байхад хүн үхээд л байна. Мөн цалингийн системийг шүүмжилмээр санагддаг. Сүлжээг болиод өгөөч ээ, хүн хийснээрээ авдаг сүлжээ байх ёстой. Эмч нарыг ур чадвараар нь зэрэглэл тогтоох хэрэгтэй. Би гуравдугаар зэргийн сайн эмч бол 20 мянгаар үз, чи хоёрдугаар зэргийн эмч бол 15-аар үз. Нэгдүгээр зэргийн эмч бол өдөрт 10 хүн үзэхэд таван цаас чинь нэмэгдэнэ. Би өндөр зэрэглэлтэй гээд 2-хон хүн үзүүлбэл би үнээ буулгаж эхэлнэ. Өөр олон хүн үзэх арга чаргаа хайна. Энэ бол энгийн систем. Төлбөрийн системээ даатгалаасаа өгдөг юм уу, эсвэл Оюутолгойгоосоо өгдөг ч юм уу, хаанаасаа өгөх нь хамаагүй. 4-5 жилээр шатлаад, эхний таван жил уул уурхайн орлогоосоо өгье, дараачийн 5 жил нь төсвийн татварын орлогоосоо өгье, дараагийн 10 жилд нь бол жинхэнэ даатгалын систем нь жинхэнэ утгаараа явах бололцоотой. Үүнийг бол ард түмэн зөвшөөрнө. Хүн мөнгөө төлөөд үзүүлдэг болсон. Урагшаа явахаараа 20-200 мянган доллар өгч байна. Сонгодоо руу орохоороо 2-3 мянган доллар өгч байна. Харин 1 дүгээр эмнэлэг рүү орохоороо 200 төгрөг өгөхгүй гэж үзэлцээд байна. Чамаар үзүүлнэ, чи юу гээд байгаа гэж загнуулчихаад эмчээс сайхан үйлчилгээ авч чадах уу, чадахгүй.
Энэ боломжуудыг хэрэгжүүлэхэд юу саад болж байна вэ?
Гэтэл ийм боломжууд байсаар байтал дунд нь шавар хаасан, улс төржсөн мэргэжлийн бус мэргэжилтнүүд хаалт болж, буруу мэдээллийг дээш нь буруу танилцуулаад байдаг. Яам тамгын газар гэдэг ний нуугүй шулуухан хэлэхэд лаг хар шавар, оюу ухааны жонхуунууд байна. Нэг гоё гоё нэртэй, доктор, Phd ч гэнэ үү, юу байгаа, тэдэнд юу ч байхгүй, ямар ч чадамж алга. Энэ бүхнийг хийе гэсэн сэтгэл алга.Төсөл идэх гэсэн, мөнгө зувчуулах гэсэн нэг их мундаг сүр үзүүлсэн улс. Уучлаарай би маш хатуу хэлнэ, гэхдээ үнэнг хэлнэ. Энэ дунд талын шавар намгийг сонсоод байвал энэ эрүүл мэнд битгий хэл бүх юм баларна.
Даатгалын системийг хүмүүс шүүмжлэх боллоо таныхаар…
Та бүхэн эрүүл мэндийн даатгалын байгууллагыг аваад үзээрэй. Нэг тэрбум төгрөг улсаас өгдөг юм байна. Даатгалын нэг тэрбумын 800 саяыг нь хагас хугас тухайн зориулалтаар нь зарцуулж, 200 саяыг нь элдэв урамшуулал, байр сав олгох гээд зориулалт бус зүйлд хэрэглэдэг. Дунд нь шимэгч болсон нөхдүүд өөр дээрээ төвлөрүүлж, захиран зарцуулах сонирхолтой. Гэтэл даатгалын нүсэр том том байгууллагууд бий болоод эхэлсэн. Даатгалыг яамд хоёр талаас зууралдаад байгаа нь энэ их төвлөрсөн мөнгийг авч эзлэх гэсэн бодлого. Эд нэг нь асуудал яриад эхлэхээр цаана нь өчүүхэн эрх ашиг нуугдаж байдаг гэдэг гэж Баабар хэлээд байдаг шиг л эд. Хэрэв АТГ ч бай, аудитын газар ч бай данс тооцоог нь 5 жилээр нь гаргаж чаддаг бол хичнээнээр нь байр сууц аваад, хичнээнийг нь зарж, үрэн таран хийснийг та нар мэдэхгүй. Даатгалын газарт ажилласан хүн 2-3 жил болоод байр авч байна. Гэтэл эмнэлэгт 20-30 жил ажилласан эмч нар байр авч чадахгүй байна. Ийм муухай хар систем яваад байна. Энэ системийг ярихгүйгээр эрүүл мэндийн салбарыг сайжруулна гэж байхгүй, өнгөн хэсгийг нь илээд яваад байна.
Шинэчлэлийг бодитой ямар ажлаас эхэлсэн зүйтэй вэ, таны бодлоор…
Ямар ч мөнгө зарцуулахгүйгээр гольдрилд нь оруулахдаа нэгдүгээрт эмч нарт хийснээр нь өгье. Тухайлбал БНСУ-ын нэг профессор өдөрт 300 хүн үздэг, түүний баг нь бүх шинжилгээг нь болон бусад бэлтгэлийг хангаж өгдөг. Би 300 хүн үзсэний төлбөрийг ганцаараа авахгүй, багтайгаа цалин хөлсөө хувааж хүртэнэ. Эмч бид тэр сүлжээний цалинг тоохгүй байна. Бид ийм системийг л хүсэж байгаа. Энэ систем нь чадварлаг эмч нарыг бүрэн ашиглах механизм болдог. Үнэлгээний систем нь зөв болохоор хувийн ч бай улсын ч бай хаанаа ч үзсэн адилхан болдог. Намайг хос морьтой болж болохгүй л гээд байгаа. Гэтэл систем нь буруу байгаад л хамаг учир байгаа юм. 30 жил ажилласан Батболдыг л хэрхэн зөв бүрэн ашиглах тухай бодох хэрэгтэй.
Та тэгээд ийм бага цалинтай яаж амьдарч байна?
Яг үнэндээ би хувьд гарахад дэндүү оройтсон. надад байшин сав зэрэг үл хөдлөх хөрөнгөнөөс эхлээд олон зүйл хэрэг болно. Баахан зүтгэж байгаад хамаг мөнгөө түрээсэнд алдах сонирхол алга.
Та сайхан амьдрах боломж байна шүү дээ. Эрүүл мэндийн салбарт улс төр барьж авсан бол эмнэлэгээс төрсөн тэрбумтан болох боломж байгаа бус уу
Би 90-ээд онд Унгарт суралцаж байсан. Унгар Москва хоёрын хооронд наймаа хийх боломж байсан. Эмчээрээ явна гэдэг нь миний хобби байлаа. Гэтэл зах зээлд ороод, эрүүл мэндийн салбар улс төрчдийн тоглоом болж, ямар ч зах зээлгүй, ашиггүй болж үлдсэн. Өнөөдөр намайг сайн эмч гэж мэднэ. Би сайн эмч болохын тулд 30 жил ном уншсан, маш олон газар буюу бараг 20 гаруй оронд явж суралцсан. Гэтэл ийм хүнийг ашиглах ямар ч механизм ч алга. Үнэлэмж ч алга, ойлгох ч хүн алга. Над шиг олон эмч нар бий. Гэхдээ би улс төрд орох сонирхол байхгүй. Харин миний хүсч байгаа зүйл бол энэ системүүдийг засаад өг, итгэл төрүүлээд өг л гэж хүсмээр байна.
Сүүлийн үед эрүүл мэндийн салбарыг хэт улс төржүүлж, ард түмнийг эмнэлэгээр хохироох гээд байгаа мэт сүржигнэж, үхэл зовлонгор шоудах боллоо гэж иргэд шүүмжлэх боллоо
Өвчин зовлонгоор ингэж шоудах шаардлага байхгүй. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд нэг шөнийн дотор өвчний улмаас мөн золгүй тохиолдлоор 50 хүн нас бардаг. Гэтэл энэ талаар хэлэгдээд яригддаггүй. Нүдээ тэс цохиулж, хөлөө хугалуулах, бусдын гарт амь насаа алдах зэрэг олон аймшигтай тохиолдлууд их гарч байна. Цаана чинь ёстой дайн болж байна. Гэтэл үүнийг таг дардаг хэрнээ нэг эмчийг жаахан асуудал гаргахад маш хүндээр тусган авч, бөөн дуулиан гаргаж, нийт эмч нарт бурууг нялцааж байгаа нь буруу. Энэ мэтчилэн эмч нарыг алуурчин мэтээр эрх барьж байгаа нам нь гуйвуулж сурталчилж байгаад харамсаж байна.
Чадварлаг эмч нар байлаа ч ажлын байр олдохгүй, мэрэгжлийн эзэнгүйдэл газар авсан гэлцэх юм
Нэгдүгээр эмнэлэгийн өмнө 1990 оноос өмнө 10 улаан номертой машин зогсдог байсан. Сайд дарга нарын авгай нар энд ажилладаг байлаа. Харин сүүлийн 20 жил хамгийн баян тарган пүүс компанийн эздийн авгай нар, охидууд ажилладаг газар болсон.
Гэтэл манай эмнэлэг 120 хүний ажлын орон тоотой. Энэ орон тоог ингээд шавчихдаг. Учир нь нэгдүгээр эмнэлэг хамгийн нэр хүндтэй, гэвч муу тал энд залуучууд орж ирэх боломж байхгүй. Аливаа шатлалын эмнэлэг байнга сонгон шалгаруулалт хийж, хөдөлгөөнтэй байх ёстой. Ямар ч өрсөлдөөн байдаггүй. Одоо манай эмнэлэгийн гадаа дандаа улсын дугаартай том машинуудын эзэд нь арын хаалгаар орж ирсэн дарга нарын эхнэрүүд энд орон тоо бөглөөд, үнэт эдлэлээрээ гайхуулаад сууж байдаг. Гэтэл нөгөө талд нь цалин нь хүрэлцэхгүй нүүрс, түлээгээ яриад сууж байдаг. Эрүүл мэндийн даргын ажлыг жил болгон сольдог, түүний оронд шинэ боловсон хүчиндээ ажлын байр бий болгож аль чадвартайг нь сонгон шалгаруулж ажиллуулах хэрэгтэй.
-Эмч нарыг хариуцлаггүй, сэтгэлгүй болчихлоо гээд байна шүү дээ, гар харж, мөнгө хүлээж үйлчилдэг болсон гэдэг нь үнэн биздээ?
Энэ чинь хүний араншин. Тэдэнд ажиллах сэтгэлийн бөгөөд ёс суртахууны баяр баяслыг алга болгосон. Бүгд авилгачид бүгд гар хардаг гээд. Бүгдийг эмчийн эсрэг болгосон. Эмч нар жаахан буруу үйлдэл гаргахад ард нь маш том хариуцлага байдаг.
Хариуцлага алдахгүйн тулд би юу ч хийхгүй, зугтаах л ёстой байхгүй юу. Сайн эмч болох гэж байж байгаад гай удаж байхаар дандаа өөрийгээ хамгаалахыг л илүүд үзэхийг л эрхэмлэх болсон. Би хүн үзэхийг хүсэхгүй. Яагаад гэвэл олон эрсдлүүд дагуулдаг. Энэ харилцааг хууль эрх зүйн болон суртал нэвтрүүлгийн хар пиарын үр дүнд эмч бид сэтгэлээсээ ажлаа хийхээ больсон.
Ажиллах урамгүй л юм байна л даа Эмч өвчтөн хоёрын дунд муур гүйлгэсэн болохоор тэр үү?
Би Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг манай эмнэлэгт ирэх үеэр нь хэлсэн. Хууль эрх зүйн орчноо эмч талдаа болгож өгөхгүй бол шинэчлэл явагдахгүй. Та нарт тэртэй тэргүй эмч хэрэгтэй, танай хамаатан дотор ч эмч байгаа. Эмчдээ итгэж өвчтөн эдгэрнэ. Гэтэл ийм байдлаар бид юу ч хийхээ болино. Энэ системүүдээ өөрчлөөд зах зээл рүү нь оруулахгүй бол тэр чигтээ живээд байна. Живэх тусам иргэд хохирно. Өнөөдөр эмчүүлэх ёстойгоо хойшлуулж, маргааш нөгөөдөр болгоод архаг болгоно. Нөгөөдөр 20 мянган төгрөгөөр эмчлүүлэх байсан бол 200 мянган төгрөгөөр эмчлүүлэхэд хүрнэ. Яагаад гэвэл чи надад итгэл алдарсан болохоор тэр. Хамгийн үнэтэй юм бол эрүүл мэнд. Чөлөөт зах зээлийг бий болгоод ирвэл сайн эмчийг ажилд авахаас биш сайд дарга нарын авгайг авахгүй л байхгүй юу. Энэ системийг сайжруулах их амархан. Яагаад ч юм бэ, хүсэхгүй байна. Үүнийг хүн бүр ойлгоно, дэмжинэ.
Эрүүл мэндийн салбарын доголдлыг бараг 20 хувь гэж бодвол болж бүтэж байгаа нь дийлэнх нь гэдэгт эргэлзэхгүй байгаа таны бодол…
Гэхдээ манай өвчтөнүүд дунд баярлалаа гэж хэлээд гардаг хүмүүс доод тал нь 80 хувьтай байдаг. Бид социалист энэрэнгүй сэтгэлгээтэй. Бид гадаадын олон эмч нартай ажиллаж байсан. Маш хүйтэн цэвдэг, сэтгэлгүй, зөвхөн мөнгөний төлөө явдаг нь ажиглагддаг. Нөгөө талаар зах зээл хүнийг сэтгэлгүй болгодог юм байна. Зах зээлийн нийгэмд хүн сайн эмчтэй, сайн хуульчтай, сайн механиктай байх ёстой гэж ярьдаг. Итгэлцэл дээр явдаг. АНУ бол стандарт нь өндөр хөгжсөн байдаг. Бас сэтгэл гэж байхгүй. Харин бидэнд сэтгэл гэж жаахан юм бий шүү.
Манай хөрш Хятадын эрүүл мэндийн салбар маш хурдан хөгжиж чадсан нь юутай холбоотой вэ?
Даатгалын системээр сайжирсан. 100 төгрөгийн тариа хийнэ, тэр мөнгөө даатгалаасаа авдаг. Хятад 10 жилийн дотор эмнэлэгийн бүх үйлчилгээг тарифжуулж, даатгалын мөнгийг цаг тухайд нь хэрэгтэй зүйлд нь зарцуулж чаддаг болсон.
Та нар улс төрчдөөс хэрхэн яаж ’’зугатаах’’ бодол байна вэ?
Манай салбарт улс төр ямар ч нэмэр өгөөгүй, харин маш сайн тоглож чадсан. Хэрүүлийн, ашиг хонжооны алим болгосон. Эрүүл мэндийн салбарыг унагаахын дээдээр унагаж чадсан. Энэ улс төрийн тоглоомны гороор эмч бид хохирохгүй, ард түмэн хохирно. Харин зөвхөн эрүүл мэндийн салбар бус улс тэр чигээрээ тоглуулж байгаа. Газрын баялаг гээд яриад ч нэмэргүй, эрүүл мэндгүй бол баялаг байхгүйтэй адил. Хэн нэгэн өвдөхөд тухайн айлыг санхүүгийн хувьд цөмлөөд л хоосруулна. Ард түмэн зовж байна. Өвдөж шаналж байна. Одоо энэ салбар улс төрөөр тоглуулах тэнхээ байхгүй болсон, одоо боллоо…
www.fact.mn
URL: