“Бодь” группт монголын үе, үеийн Засгийн газрууд өртэй юу

bodinМонголын үндэсний гэх тодотголтой групп дунд нэр хүндийг нь үл сэвтээж болох мэт ганц хангалттай бүс байдаг нь “Бодь”. Энэ группийн тухай бараан мэдээ, мэдээлэл хэвлэлд төдийлөн гардаггүй. Байнга л магтсан эсвэл үйл явдлын тойм талаас нь сэтгүүлчдэд мэдээлдэг. Харамсалтай нь энэ бүхэн нь ердөө л өнгөлөн далдлалт бөгөөд хаалтын гэрээний ач холбогдол юм. Өөрөөр хэлбэл тус групп бүхий л хэвлэлтэй хаалтын гэрээ байгуулах замаар өөрсдийгөө магтуулахын зэрэгцээ хар бараан бүхнээ нуун далдлах хөшиг худалдаж авдаг гэсэн үг. Энэ бол “Бодь” группийн үнэн дүр төрх. Тэд ийм л замаар өөрсдийнхөө эрх дархыг тогтоож, өнгө төрхөө чимж ирсэн биз ээ. Үүндээ ч сэтгэл хангалуун байдаг нь лавтай.

 

Гэвч үүний цаана “Бодь” группийн Монголын төрөөр тоглох тоглолт эрчимжиж, нууцлах үнэн нь зузаарсаар байгаа гэдгийг анзаарах хүн нэгээр тогтохгүй гэдэгт итгэж байна. Учир нь шударга ёс ердөө хаалтын гэрээгээр халхлагдахгүй бөгөөд тэдний давуу эрх сонгогч олныг өдрөөс өдөрт эргэлзүүлэн гайхшруулж буй гэдэгтэй маргах хэрэг үгүй биз.

Наад зах нь Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн 20 жилийн турш ардчиллын төлөө шударгаар зүтгэж ирчихээд Төрийн ордонд “Бодь” группээс болж ямар ичгэвтэртэй байдалд оров. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын ганцхан асуултад тэр тэвчээртэйгээр хариулж чадахгүй Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг орхиж гарсан. Тэр ганц асуулт нь “Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн газрыг ихэнхийг нь Ардчилсан намын гишүүнчлэлтэй “Бодь” групп авчихсан байна. Та яагаад энэ бүхнийг олон нийтэд ил тодоор мэдээлж, хариуцлага тооцохгүй байгаа юм бэ” гэх өгүүлбэр. Гэтэл нөгөө ардчиллын бэлгэ тэмдэг хийгээд Улсын баа­тар маань энэ асуултанд хэрхэн бүдэрснийг монголчууд цэнхэр дэл­гэцээр харахын дээдээр харсан. Хоёр нүдээрээ харж, хоёр чихээрээ сонссон. Эндээс “Бодь” группт ямар хүч хуримтлагдсан болохоороо УИХ-ын гишүүнийг хотын даргаар доромжлуулж, “Чи муу пацаан” хэмээн басамжлуулж чадав аа. Ямар нууц байгаа болохоор хотын дарга “Бодь”-той холбоотой үнэнийг тог­тоох гэсэн УИХ-ын гишүүний асуул­тад уцаарлаж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг хаяж гарав. Их удалгүй “Бодь” группийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хурал үймүүлэх дон тусав” гэх маягийн мэдээлэл цацсан. Үүнийг худлаа гэвэл шүүгээд үзсэн ч болно.

Дараагийн нэг дархан эрх нь Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газар байна. Тус групп уг хүрээлэнгийн хамгийн их газрыг нь эзэмшдэг. Өөрсдийн эзэмшлийн газраасаа “Алтан тариа” компанид зарж, “Хилтон” зочид буудлыг бариулж байгаа. Дараа нь мөн л “М-Си-Эс” групп борлуулан “Шангрила”-г бариулж буйг нь учир мэдэх хүмүүс баримттайхан шиг ярих нь бий. Тэгсэн атлаа “Бид гэмгүй” гэж мэлздэг. Өөрсдөө паркийн газрыг бүхлээр нь шахуу эзэмшиж байгаа хэрнээ өрөвдүүлэх тагтик барьж, монголчуудаар ямар их өрөвдүүлж тоглов оо. Нөгөө бизнесийн ёс зүй энэ тэр нь хаа байна. Тэгээд ч Монголын залуучуудын холбооноос “Паркаа аварья” хөдөлгөөн зарлаж, бусад газар эзэмшигчидтэй нь тохиролцоо хийж чадаад байхад “Бодь” групп л таг чиг байсаар байгаа. Өөрсдөө анхнаас нь авч, өөрсдөө захаас нь тайрч, таслан зарсандаа бантав уу. Аль эсвэл “Монголд хэн ч бидэнтэй сөргөлдөж чаддаггүй юм. Ямар ч хэвлэл бидний тухай бичиж зүрхэлдэггүй юм” хэмээн эрдэв үү. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн энэ бүхэн яалт ч үгүй сондон дүр зураг.

Цаашлаад Японы “Иточу” корпорацитай  үүсгэсэн Монголын бизнесмэнүүдийн мөнгө угаалттай холбоотой маргаанд тус группийн нэр түрүүнд нь бичигдэж байсан. Гэсэн ч тэд шуугианыг дарсан. Дараагийнх нь иргэний цахим үнэмлэхний хэвлэлт байна. Мөн л “Бодь” групп авсан. Гэсэн ч үүргээ зохих түвшинд нь биелүүлж чадаагүйн улмаас сонгогчид шинэ үнэмлэхээр бус хуучин цэнхэр үнэмлэхээр УИХ-ын сонгуульд саналаа өгсөн. Үүнд нь тэднийг буруутгах үндэслэл олноор гарч байсан ч дахиад л хаалтын гэрээ гэгчийнхээ хүчээр асуудлыг нам дарж чадсан. Гэхдээ энэ бүхэн тус группыг тойрсон ээдрээт, эргэлзээтэй бүхний ердөө өнгөн хэсэг нь. Хотын даргыг уурлуулдаг, Ж.Энхбаяр гишүүнийг доромжилдог,  паркийг газрыг зардаг гээд л “Бодь” группийн жинхэнэ түүхийн хажууд энэ бол юу ч биш.

Тийм ч учраас тэдэнд Монголын төр, үе, үеийн Засгийн газар өртэй юм шиг бөхийж, өглөгч зангаа харамгүй гаргах нь бий. Бод л доо. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болдын намтрыг сөхөөд харахад л хангалттай. Ашигт малтмалын газрын дарга, Батлан хамгаалахын сайд, Гадаад харилцааны сайд. Тэр зөвхөн Ардчилсан нам олонх болсон цагт албан тушаал хашаад байсан юм биш. Ц.Элбэгдоржийн, М.Энхболдын, С.Баярын Засгийн газрын үед буюу 2004-2008 оны хооронд Ашигт малтмалын газрын дарга. Дараа нь С.Батболдын Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайд. Өнөөдөр Н.Алтанхуягийн танхимд Гадаад харилцааны сайд. Түүний хашиж буй албан тушаалын эрэмбэ энэ. Үүнээсээ өмнө тэрбээр “Бодь” группийн ерөнхийлөгч, “Голомт” банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Эндээс харахад “Бодь” гэх энэ группт Монголын үе, үеийн Засгийн газар өртэй байдаг бололтой юм. Юу яасан “М-Си-Эс”. Тус группын үүсгэн байгуулагчдаас нэг нь ч төрийн албанд шургалж, сайд, дарга болсон түүх байхгүй. Цаашлаад хаалтын гэрээ байгуулдаг нэртэй ч монголчуудын дунд “Бараг л Монголын эзэн болчихсон юм биш үү” гэх муу нэрийг аль хэдийнэ олоод авчихсан. Гэтэл “Бодь” группийн хувьд тийм биш. Тэд үүгээрээ “М-Си-Эс”-ээс ч хүчирхэг хаалттай гэдгээ нотлохын зэрэгцээ өөрсдийнхөө өмнө Монголын үе, үеийн Засгийн газрыг өрөнд оруулж чадсан ид, шидтэй ховсдогчид бололтойдог шүү. Мэдээж зөвхөн Лу.Болд бус “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, УИХ-ын гишүүн М.Зо­ригт гээд “Бодь”-ийн боссуудад тэрхүү өр төлбөр нь өгөөжөө өгч байгаа нь гарцаагүй биз ээ.

 

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих