Ц.Элбэгдорж: Таван толгойн орд, Таван толгойн төслийн талаар Монгол Улсын иргэн бүр мэдээлэл авах эрхтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдорж Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой ажлын явцтай танилцаж, мэдээлэл авахаар УИХ, Засгийн газрын гишүүд, Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс MGL” ТӨК-ийн удирдлагатай уулзлаа.

Уулзалтад мөн геологи, уул уурхайн салбарын эрдэмтэн судлаачид, зарим иргэний хөдөлгөөний төлөөлөл оролцсон юм.

“Тавантолгойг тойрсон олон зүйл тодорхой биш, бүрхэг,  ард иргэдэд олон асуулт байгаа учраас би та бүхэнтэй өнөөдөр уулзаж мэдээлэл авья гэж бодсон юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын 18-ны өдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбоотой асуудлаар зөвлөмж гарсан. Энэ зөвлөмж хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэгтэй ҮАБЗ-ийн тэргүүний хувьд танилцмаар байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд хэлэв.

Тэрээр ажлын хэсгийхэнд хандаж тавьсан асуултаа хамгийн энгийнээс нь эхэллээ. “Би ард иргэдтэйгээ адилхан мэдээлэлтэй байгаа. Тавантолгойн ордоос нэг иргэнд оногдох хувьцааны тоо 536 гэж байна. Заавал бутархай тоотой байдаг нь ямар учиртай юм? 600 байж болдоггүй юм уу? Зарим хэвлэл дээр 1072 байж болдоггүй юм уу гэж бичсэн байна. Аж ахуйн нэгжид хувиарлах гэж байгаа 10 хувиа ер нь иргэддээ хувиарлахад яасан юм бэ гэх мэт асуултууд гараад байна. Манай Засгийн газраас гаргаж байгаа санал бутархай байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140400 гэж байна. Яагаад 150 мянга байж болдоггүй юм?

Дараагийн нэг асуулт. Хувьцаа олгох хугацааны хувьд, өмнө нь 2010 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болно гэж сонсогдож байсан, одоо дөрөвдүгээр сарын 1-нээр тасалбар болгоно гэж байна.Тэгэхээр энэ өдрөөс хойш төрсөн хүүхдүүд авахгүй юу? Монгол хүн төрлөө, Монгол Улсын иргэн боллоо, энэ хувьцааг яагаад авч болдоггүй юм гэсэн асуулт  байна.

Энэ хувьцааны талаар Ерөнхийлөгчөөсөө авахуулаад жирийн иргэдэд бүрэн хэмжээний мэдээлэл алга. Энэ талаар сургалт явагдаж байна уу? Төлөвлөж байгаа зүйл юу байна? Өмнө нь тарааж байсан цэнхэр ягаан тасалбар шиг буруу замаар орчих вий, бидний энэ хувьцаа хэдийд үнэд хүрэх юм, хэзээ ашиг нь сайн байх юм гэх зэрэг яриа иргэдийн дунд байгаад байна.

Дараагийн нэг зүйл. Олон улсын компанийг шалгаруулж байгаа ажлын явц ямар байна? ҮАБЗ-ийн ажлын алба, манай  шинжээчид, энэ хүмүүсийн надад өгч байгаа мэдээллээр Төрийн өмчийн хороо болон Энэбиш дарга дээр байгаа баримт бичгүүд дандаа нууц гэсэн. Яагаад ҮАБЗ-ийн шинжээч очоод танилцаж болдоггүй,  хийж байгаа ажил чинь яагаад дандаа нууц байгаад байна вэ? Нууц гэдгийн цаана нэг ойлголт яваад байгаа нь янз бүрийн сайд, дарга нарыг төлөөлсөн хүмүүс явдаг болсон байна. Орж ирж байгаа компаниудтай янз бүрийн явцуу сонирхлын үүднээс асуудал ярьж байна гэнэ. Тэгэхээр хууль бус явцуу ашиг сонирхол гаргуулахгүй байх тал дээр хэр анхаарч байна вэ?

Таван толгойн нүүрсний орд газрыг тойроод монголын албан тушаалтнууд бүгд л нүүрсний наймаачин шиг болчихсон тийм хандлага руу яваад байгаа юм уу? Энэ байдлаа хэдийд цэгцлэх вэ?

Манайд уурхайн аман дээр зарж байгаа нүүрс  25 доллараар авдаг , цаашлаад хил дээр очихоороо 120 доллар болдог. Дундаас нь  асар их хэмжээний ашиг унагадаг, квот олж авдаг гэх мэт ярианууд их  байна. Энэ дунд “муу ажил” хийгдээд байна гэсэн ойлголт надад төрөөд байна. Аливаа бараа бүтээгдэхүүнтэй адилхан нүүрс, түүхий эдийг борлуулах биржийн хэлбэр лүүгээ хэзээ орох юм. Хамгийн их бодитой, борлож байгаа юм өнөөдрийн энэ нүүрс юм биш үү. Үнэ нь тогтоод нэг хоёроос доошгүй аж ахуйн нэгж өрсөлдөөд  авдаг ил тод худалдаа руугаа хэдийд орох юм гэсэн асуулт байна.

Шалгаруулалт явуулж байгаа энэ үйл ажиллагаанд Таван толгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн  хүмүүс ямар үүрэгтэй байдаг вэ? Энэ хүмүүстээ та нар шалгаруулалтынхаа явцыг танилцуулдаг уу?  Дуудаж асуухгүй учраас Их Хурал, Засгийн газар тэр бүр мэддэггүй байж магадгүй.

Төлөөлөн удирдах зөвлөлд орж буй хүмүүс бол иргэдийн эрх ашгийг хамгаалагч, илэрхийлэгч гэж ойлгож  байгаа. Тэнд мэдээлэл их муу байдаг юм байна. Зарим хүн Төлөөлөн удирдах зөвлөл биш энд оролцож байгаа Засгийн газрын хэдэн гишүүн  бүхнийг шийдэж байна гэж ярьж байна. Энэ дээр тодорхой тайлбар өгөөч. Таван толгойн хувьцаа зарагдаад 10% нь ард иргэдэд очно, дараа нь хөрөнгийн зах зээл дээр гараад ирэхээр Монгол Улсын иргэд нэрлэсэн үнээр худалдаж авах боломж байгаа юу?

Миний хамгийн гол санаа зовоож байгаа зүйл нь цахилгааны эх үүсвэртэй холбоотой. Энэ ажил ерөөсөө явахгүй байна. 5 дугаар цахилгаан станцийг барья гэсэн. Энэ хавар цахилгаан станцын эх суурийг тавих ёстой. Юу нь болохоо байсан юм. Түлш эрчим хүчний яаман дээр зөвлөлийн хурлаар ороогүй байна. Тодорхой  сонирхол нь биелэхгүй болохоор хурал нэрээр ажил хойш нь унагаад байдаг хачин юм байна уу, үгүй юу. Оюу толгой өнөөдөр дизелиэр ажиллаж байна. Монгол Улсын сумд дизелиэс татгалзсан байхад дэлхийд том бүтээн байгуулалт гэж яриад дизелиэр ажиллаад байдаг. Энэний цаана дизель шахдаг хэдэн хүний сонирхол яваад, тэрнийг хамгаалдаг хэдэн хүн цахилгаан станцыг нь бариулахгүй суугаад байгаа юм уу? Би үүнийг маш их гайхаж байна. Үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний  компаниуд эсвэл гадныхантай нийлээд цахилгаан станцаа бариад, тэндээс  улс татвараа аваад явж болохгүй юу?

Энэ 2011 оны нэгдүгээр сарын 28-наас хойш ҮАБЗ-ийн хэмжээнд, ажлын албаны хэмжээнд Таван толгойн уурхайтай холбоотой ямар ч мэдээлэл ирээгүй байна. Аюулгүйн Зөвлөл дээр бид  зөвлөмж, чиглэл өгөөд гаргасан. Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг мэдээллээр хангаж байх ёстой. Тийм учраас өнөөдөр энэ мэдээллийг өргөн бүрэлдэхүүн цуглуулж сонсохоос өөр аргагүй болж байна.

Мэдээлэл байхгүйгээс, дутуугаас болж бид зарим зүйл дээр бүрэн ойлголт авч чадаагүй болов уу гэж би хувьдаа бодож байна. Зөрж байгаа байр суурь, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа ярилцъя” гэлээ.

Ерөнхийлөгчийн асуултад Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсгийн ахлагч Тэргүүн шадар сайд, Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс MГЛ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар хариуллаа.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдрийг хүртэл явж байгаа бүх үйл ажиллагаа Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжөөс үндэслэж гарсан, Монгол Улсын Их Хурлын энэ тогтоолын дагуу явж байгаа гээд, хувьцааг аль болохоор хүртээмжтэй байлгахын тулд гуравдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон гэдэг тайлбар хэллээ. “Эрдэнэс Таван толгой” 15 тэрбум хувьцаа гаргасан, түүний 10 хувь болох 1,5 тэрбумаа хүний тоондоо хуваахаар 536 ширхэг хувьцаа ногдож байгаа. 536 биш  2-оор үржүүлээд 1072-ийг ч өгч болох ч өнөөдрийн үнэ цэнээс хоёр дахин хямдхан болно. Тийм учраас нэг тоо тогтоох ёстой байсан. Тэр тоо нь 15 тэрбум, үүний 10% нь 1,5 тэрбум. 1,5-аа гуравдугаар сарын 31-ний өдрөөр статистикийн газраас өгсөн хүний тоондоо хуваахаар 536 ширхэг оногдож байгаа юм. Тэр өдөр 2 сая 798 мянга 507 хүн манай улсын статистикийн газар бүртгэлтэй байсан. Засгийн газар дээр  нэг хүндээ бүхэл байхаар хувьцаагаа гаргая гэж яриагүй. Энэ компанийн хувьцаа нь өөрөө 15 орчим тэрбум байвал зүгээр юм гээд хуваачихаар бутархай гараад байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар үнэт цаасны зах зээлээс иргэн хүн яаж ашиг олж болох, яаж оролцох, ямар үүрэг хариуцлага хүлээх талаар, сургалт зохион байгуулах чиглэлээр Засгийн газрын тогтоолд тодорхой заалт байгаа, удахгүй сургалтууд эхэлнэ гэж хэллээ

“Таван толгойн нүүрс эмх замбараагүй зарагдаж байна, янз бүрийн гэрээ хэлцэл тэнд хийгдээд байна гэдэгтэй Засгийн газар санал нэг байгаа. Засгийн газрын хувьд Тавантолгойн өөрийн гэсэн брэндтэй, дэлхийн зах зээл, нүүрсний зах зээл дээр өрсөлддөг байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр Монгол Улс Таван толгойн нүүрсэн дээрээ нэгдсэн бодлого, нэгдсэн зохицуулалттай байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар холбогдох  ажлыг хийж байгаа. Таван толгойн гэрээ хэлцэл дуусах үед нь үүнийгээ Засгийн газар УИХ-д оруулж танилцуулж дэмжлэг авна” гэж тэрээр нэмж хэлсэн юм.

Монгол Улсын 100%-ийн төрийн өмчтэй “Таван толгой” гэдэг компани өнөөдөр 1 кг нүүрс ч зараагүй байгаа гэдэг тайлбарыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өгөв. “Орон нутгийн өмчтэй “Таван толгой” , “Энержи ресурс” компаниуд олборлолт явуулаад нүүрсийг зарж байгаа. Хэдээр зарахаа тэд өөрсдөө мэддэг.  Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэлэхэд 1 ч кг нүүрс зараагүй, хөрс хуулалтаа хийгээд явж байгаа. Ер нь бид нүүрсийг  “Таван толгой” гэдэг брэнд бий болгож зарах ёстой. Олон ам ухаад дур дураараа аман дээрээ 25, цаашаа гаргаад 30 гэдэг юм энэ “Таван толгой” ашиглалтад орж эхлэхээр цэгцэрнэ гэсэн ойлголттой байгаа” гэж тэрээр ярилаа.

“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш одоо хийж байгаа ажлын явцаа танилцуулав. Компанийн эдийн засгийн байдал, зээлж авсан банкны өр,  лиценз, гэрээт олборлогчийн тендер зэрэг асуудлыг тойрсон олон асуултыг Ерөнхийлөгч болон уулзалтад оролцогсод тавьж байв.

“Таван толгойн орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрөл одоо хүртэл ашиглалт, олборлолт явуулах “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанид шилжээгүй байна. Ашигт малтмалын газар шийдвэр гараагүй байна гээд яриад байгаа нь ямар учиртай байна вэ? Шалгууртаа та нар улс төр, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн, нэвтрэх дамжин өнгөрөх тээвэр, зах зээлд гарах гарцыг нэмэгдүүлэх асуудлыг  оруулсан байх ёстой. Тухайн улсуудын нутаг дэвсгэрээр энэ бараа явахад татвар, тарифын хөнгөлөлт авах учиртай. Энэ нөхцөлүүдийг боловсруулж, Засгийн газруудын түвшинд яриа хэлэлцээ хийнэ гэсэн. Энэ хаана явж байна. Энэ юмыг авъя гэвэл бас нууц байна уу, үзүүлж болох уу?” гэсэн Ерөнхийлөгчийн асуултад хариулахдаа Б.Энэбиш, стратегийн хөрөнгө оруулагч буюу Таван толгойн ордын коксжих нүүрсний гол хэсэг байгаа талбай дээр хамтран ажиллах асуудлаар Засгийн газрын ажлын хэсэг сайдаар ахлуулаад ажлын баг байгуулагдаад хэлэлцээ хийгээд явж байгаа гэлээ. Тэрээр, зүүн хэсэг буюу “Эрдэнэс Таван толгой” гэдэг монголчуудын уурхайг зөвхөн гэрээгээр ажил гүйцэтгээд хөлсөө аваад зогсох ёстой тендерт шалгарагчийн үндсэн үүрэг нь хөрс хуулаад нүүрсийг бэлэн болгох ёстой. Нийт ард түмний хувьцааг эзэмшиж байгаа энэ компани үнэлгээ хийхэд бодит нөлөө үзүүлэхүйц, олборлолтыг найдвартай явуулж чадна гэсэн том хэмжээний олон улсын компанийг шалгаруулж авахыг зорьж байгаа. Одоо гурван компани үлдсэн гэж тайлбарлаж байсан юм.

Шалгарч байгаа тендерийн материалд улс эх орны ашиг, цаашдын хөгжил, хоёр хөрштэй харилцах харилцаа зэрэг бүх асуудал цогцоор орох ёстой гэдгийг Ерөнхийлөгч сануулав.

“Хэлэлцээ хийхдээ мэргэжлийн зохих түвшинд хандаж, улс төрийн албан тушаалтанг хэлэлцээний аль нэг талд оролцуулахгүй байх зарчим барих ёстой. Манайд хэлэлцээ хийнэ гэхээр Засгийн газрын гишүүд хийгээд эхэлдэг. Засгийн газрын гишүүн хэлэлцээ хийчихээд Засгийн газар дээрээ орж ирж асуудлаа ярихаар хэлэлцээ хийсэн сайдууд тэр талаа хамгаалаад суучихдаг.

Тавантолгойн ашиглалт бол мэдээж зөвхөн монголын асуудал биш. Бид чинь энэ хоёр хөрш улстайгаа, сонирхогч хөрөнгө оруулагчид, энэ бүх талаа бодолцож асуудал шийдэх ёстой ёо доо. Тавантолгойн нүүрс хэдийд үнэтэй, боломжтой болох вэ гэхээр энэ хоёр улсын нутаг дэвсгэрээр дамжихад тариф нь бага байх ёстой. Тэр тариф нь төмөр зам дамжин өнгөрүүлэх гэдгийг Засгийн газруудын хооронд ярилцаж, уялдуулж шийдвэрлэх шаардлагатай” гэлээ.

Тавантолгойн орд газрын лицензийг “Эрдэнэс MГЛ” компанийн нэр дээр шилжүүлэх асуудал удааширч байгаа тухай яриа мөн өрнөсөн.

Лиценз шилжүүлэхдээ төрийн захиргааны байгууллагын шийдвэр нь гараад энэ асуудлыг цэгцлэх, шилжүүлсний дараа үнэлгээгээ хийх гэх мэт аль болох ажлаа хурдавчлах шаардлагатай байгааг Ерөнхийлөгч анхааруулав.

Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн асуудлыг Ерөнхийлөгч хөндлөө.

Тэрээр албаны хүмүүсээс Улаанбаатарын 5 дугаар цахилгаан станц хэзээ баригдах вэ? Таван толгой, Оюу толгойн орд хэзээ цахилгаанд холбогдох вэ гэж асуулаа. “Одоо сумын төв дизелиэс татгалзчихаад байхад Оюу толгой дизелиэс цахилгаанаа авч байна. “Оюу толгой” компани, гадны хөрөнгө оруулагчид цахилгаан станцаа барьж, монголд цахилгаанаа нийлүүлье гэсэн ийм бодолтойгоор Түлш эрчим хүчний яамнаас зөвшөөрөл гуйгаад хэдэн жил болж байна. Энийг яагаад өгөхгүй байна гэсэн чинь тэнд дизель “шахдаг” хэдэн этгээд байна. Тэрнээс болоод энэ ажил явахгүй байна уу гэсэн нэг ийм ойлголт байна. Хоёрдугаарт,  урд хөршөөс цахилгаан татна гэсэн, урд хөрш нь маш их өндөр үнэтэй цахилгаан санал болгож байгаа.  Дээрээс нь манай Оюу толгойгоос гарах гэж байгаа зэсийн баяжмалыг өөрийн үйлдвэрт өг, тэдэн жилээр нийлүүл гэдэг ч юм уу болзол нөхцөл тавиад, тэгээд гадны барьцаанд орж хийгдэх гэж байгаа юм биш биз” гэж асуусан Ерөнхийлөгчийн асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хариулахдаа, Таван толгойгоос гаргаж байгаа эрчим хүчний нүүрсэн дээрээ түшиглэсэн станц барих ёстой. Эндээсээ шаардлагатай бол Таван толгой, Оюу толгой болон бусад газар руу экспортлох, хэрвээ БНХАУ-тай зөв ойлголцоод тохирч чадах юм бол томоохон хэмжээний цахилгаан станцыг барьж, борлуулалт муутай, борлох магадлал муутай нүүрсийг шатааж эрчим хүч үйлдвэрлэж, БНХАУ руу экспортлодог ийм нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой гэж үздэг гэв.

“Эрдэнэс MГЛ” компани “Оюу толгой” компанитай хамтраад 300 мгв,  600 мгв-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар хамтарсан судалгааны баг байгуулсан, Оюу толгой дээр өмнө нь хийж байсан ажлыг үргэлжлүүлээд явж байгаа. Гол хүндрэлтэй асуудал нь усны асуудал байна гэж Б.Энэбиш тайлбарлалаа. Таван толгойн одоогийн тогтоогдсон усны нөөц нь хангалтгүй гэж яригдаж байгаа энэ үед нэмээд цахилгаан станц барих нь зөв үү, үгүй юу гэдгээ яриад явж байна гэсэн юм.

Улаанбаатарт баригдахаар төлөвлөсөн 5 дугаар цахилгаан станцын тухайд, Түлш эрчим хүчний дэд сайд Энхтайваны тайлбарласнаар, цахилгаан станц барихаар төлөвлөсөн газар болох Улиастайн ам газар хөдлөлийн онцгой бүсэд хамаарч газрын хагаралтай гэж гарсан учраас шинэ эх үүсвэр барих газрыг Улаанбаатар хотод  олгож өгөөч гэдэг асуудлыг ЭБЭХЯ-наас удаа дараа тавьсан. Гэвч Улаанбатар хотод 5 дахь эх үүсвэрийг барьчих  газар алга байна гэсэн хариу өгдөг. Тийм учраас  Азийн хөгжлийн банкныхантай хамтраад судалж байгаа гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шивээ Овоо,  Багануурын нүүрсний уурхайг түшиглэх гэх мэт өөр хувилбаруудаа маш хурдан бодох хэрэгтэй. Зургаан сарын дараа нэг ийм уулзалт хийдэг, өө ус олдоогүй учраас эхлээгүй юм гэдэг байдлаар асуудалд хандах вий. Одоо дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл жаахан ажлын хугацаа байгаа. Энэ хугацаанд амраад, ажил нь орхигддог. 11 дүгээр сард асуухаар өвөл болчихлоо, хөлдчихлөө гэдэг. Ингээд 6 сар ямар ч ажилгүй зогсдог. Сонгууль залгадаг, бүх юмыг улс төрийн нүдээр хардаг, ийм утгагүй хавсаргад баригдсаар байгаад энэ монголын  ажил явахгүй байна. Яг  газар дээрээ хариуцсан хүмүүс асуудлаа судаллаа, за энэ болохгүй байна, сайдаа Засгийн газарт оруулаад шийдвэрлүүлээч гэдэг. Сайд нь тэрийг нь Засгийн газраараа хэлэлцүүлээд Их Хуралд оруулаад шийдвэрлүүлээд ингээд  хурдан хурдан юмаа хийгээд явах хэрэгтэй.

Зургадугаар цахилгаан станцыг Багануурын уурхай түшиглэж барих тооцоо судалгаа нь  хийгдсэн байгаа, боломжтой  юм шиг байна. Дээр нь Шивээ-Овоод Тавантолгойд, гуравдугаар цахилгаан станцийн суурин дээр цахилгаан станц барих энэ ажлуудыг боломжтой хийе гэж байгаа газраар нь хурдан хийлгэ. Үнэ тарифаа боломжтой гэвэл барина гэж бодож байна. Бага мөнгө авч байна гэвэл татварыг нь нэмж аваад, энэ ажлуудыг эхлүүлье. Монгол орон цахилгааны өлсгөлөн, хүнд байдлаасаа ойрын 3-5 жил дотор ээлж дараатайгаар гармаар байна

Ажил хариуцаж байгаа хүмүүс , та нар өвлөөс өмнө Улаанбаатрын шинэ цахилгаан станцын ажлыг эхлүүлээгүй, хойтон гэхэд утааны хэмжээнд нааштай өөрчлөлт гараагүй байвал ажлаа өгөх өргөдлөө бэлдэж байх хэрэгтэй. Би энийг шаардана шүү.

Таван толгойг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалт, яриа тэмдэглэл, саналыг Засгийн газар, Аюулгүйн Зөвлөлд танилцуулж, хувийн хэрэг үүсгэж ажлын хэрэгцээнд ашиглаж байя. Оюу толгой дээр баахан хэлэлцээ хийсэн, зөв, буруу гэж янз бүр ярьдаг, тэндээсээ бид нар сургамж авч байх ёстой. Бүх хэлэлцээ дандаа бичлэгтэй, хувийн хэрэгтэй байя” гэсэн юм.

Эрчим хүч, дэд бүтэц, төмөр зам, ус гэхчлэн Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбогдож үүсэх бүх асуудлыг энэ уулзалтын үеэр тал талаас нь хөндөж ярилцаж, мэдээлэл солилцлоо.

Уулзалтад оролцсон уул уурхайн салбарын эрдэмтэн, судлаачид болон иргэний хөдөлгөөний төлөөлөл стратегийн орд газруудыг ашиглахтай холбоотой үйл ажиллагаанд эрдэмтдийг оролцуулах, говийн хөгжлийн талаар нэгдсэн бодлого боловсруулж баримтлах, ашигт малтмалын хуулийг яаралтай өөрчлөх зэрэг саналууд хэллээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч хэлэхдээ, би Оюутолгойн гэрээ хийгдэж байх үед ч, одоо ч нэг байр суурьтай байдаг. Энэ бол ажил нь яваад болоод хийгдэж байгаа юмыг  Ерөнхийлөгч нэг байр суурь гаргаад л, тунхаглаад, яриад эхэлбэл хүндрэл үүснэ. Гарч байгаа шийдвэрүүд нь үндэсний эрх ашигтай нийцээд, олон түмнийхээ гаргаж байгаа санал шүүмжлэлээ сонсоод, тусгаад,  ерөнхийд нь тайлбарлаад ойлголцоод л яваад байгаа бол энэ ажил бүтээсэй л гэж бодож байна. Гэхдээ нөгөө талаас нь зохиомол шинжтэй, хувийн эрх ашиг оролцсон ч юм уу тиймэрхүү юм битгий гаргаач ээ.

Манай шийдвэр гаргадаг хүмүүс янз бүрийн хөрөнгө оруулагчидтай  гадна, дотно гүйж очоод уулзаад, ийм хувь, тийм мөнгө  гээд  ярих ийм асуудал байхгүй шүү нөхдүүд минь гэдгийг бүр Засгийн газар дээрээ бүх түвшиндээ ойлголцох ёстой . Иймэрхүү маягаар хүмүүсийн дургүй хүргэсэн, хэл аманд орох зүйлийг хийж болохгүй.

Би  гадныханд хэлэхдээ,  та нар орж ирээд нэг зарчим хатуу барих ёстой. Манай төрийн байгууллагын улсууд өмнөөс чинь очоод янз бүрийн юм нэхэх юм бол тэрэнд автаж болохгүй, тийм маягаар буруу үйлчилгээ үзүүлж, энэ монгол орны явуулж байгаа бодлогыг бохирдуулж болохгүй шүү. Тэгэх юм бол та нар ч гэсэн хариуцлага хүлээнэ гэж байгаа.

Дараачийн нэг асуудал  сургалт их чухал байна. Үнэхээр ард иргэд маань хувьцаа эзэмшээд,  үнэлгээ нь тогтоод, тэр хувьцаагаа эргүүлж эргэлтэд оруулдаг болох юм бол  монголын ард иргэд бүгдээрээ энэ бүтээн байгуулалтандаа оролцдог, бүгдээрээ баялаг бүтээлцдэг болж байна гэсэн үг.

Тэгэхээр энэ бол маш том сургалт явагдах ёстой. Алс хөдөө  сууж байгаа малчин л  ойлгочихсон байх ёстой шүү.

Би ажил хариуцаж байгаа дарга нарыг  Аюулгүйн Зөвлөлийн ажлын албаны  шинжээч нартай их ойрхон ажиллаасай гэж хүсч байна.  Хэдүүлээ ажлаа сайн болгохын тулд  тал талаасаа бие биендээ тусалж ажиллая л даа. Тэгээд нэг очихоор энэ боловсрогдоогүй, тэгээгүй гэдэг биш, хэл үгээ олж, их аятайхан ажиллаарай гэж  хэлж өгөх гээд байгаа юм.

Нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Засгийн газар, хөрөнгө оруулагчийг сонгохдоо  ганцхан урьдчилгаа мөнгө төлөх асуудлалд хэтэрхий хөтлөгдөх юм бол бусад дэд бүтэц, нөгөө угтуулан тавих нөхцөл чинь үлдэх болно шүү. Тэгэхээр урьдчилгаа мөнгө төлнө, авна гэдэг бол нэг л асуудал. Цаана нь том асуудлууд байгаа шүү, энийгээ давхар барьж яваарай гэдгийг хэлэх гэсэн юм. Дээрээс нь хамгийн эхлээд яриа үүсэхэд гарсан тэр худалдааг жаахан цэгцтэй болгоё.  Одоо бол хувийн компани ч зарж байна, орон нутгийн компани ч зарж байна. Тэрнийг бид хянахгүй, төр оролцохгүй гэдэг биш ер нь энийг цэгцтэй болгоод, энэ уул уурхайн бүтээгдэхүүнийг зардаг борлуулдаг тийм дэд бүтцийг монголд бий болгох чиглэлийг одооноос бодож ажилламаар байгаа юм. Эхлээд яахав иймэрхүү замбараагүй байдал гарах л байх.

Манай уурхай дээр болохоор 25-аар зарж байна. Австралийн уурхай дээр болохоор 100-гаар зарж байна гэж яриад байгаа.  Квот авдаг,  дундаас нь урд хөршийн аж ахуйн нэгжүүд ашиг “унагаадаг” бүтэц бий болсон байна. Энэ бүхэн бол худалдааныхаа бодлогыг нэгтгэж чадаагүй, зохион байгуулж чадаагүй  бидний   буруу юм.

Өнөөдөр бид  дэд бүтэц, цахилгаан станцтай холбоотой зүйлүүдийг ярилаа. Дутуу зүйл их байна. Ер нь цахилгаан, эрчим хүчтэй холбоотой асуудлаар Засгийн газар ойрын үед нэг ярих хэрэгтэй байна.  Бодлогоо гаргаад, Аюулгүйн Зөвлөл дээр нэг ярьж чиглэлээ тогтоод, нийтэд танилцуулаад ингээд ажлаа хийгээд явчихмаар байна.

Өнөөдөр энэ уулзалтад салбарын эрдэмтэд, манай ахмадууд ирсэн байгаа. Энэ хүмүүсээ сонсоод, ер нь өнөөдрийн явж байгаа ашигт малтмалын хууль болж байна уу, үгүй юу, болохгүй байгаа бол юу юу нь болохгүй байна, яаж өөрчлөх хэрэгтэй вэ гэдгээ нэг сайн ярилцъя гэж бодож байгаа юм. Энэ дөрөвдүгээр сард ярилцья, та бүхнийг урина, маш тодорхой яриарай. Аль болохоор л нээлттэй яриад явмаар байна. Засгийн газрын түвшинд угтуулан тавих нөхцөл гээд урд , хойд хөрштэй ярих, улс төрийн хувьд ойлголцох томоохон нөхцөлүүд бий. Харин тэр олборлолт, техникийн шинжтэй, мэргэжлийн шинжтэй нөхцөлүүд ч бий. Өөрийн орны эрдэмтэд, судлаач улсуудаа оруулаад хийх нөхцөлүүд байгаа. Ажлаа сайхан хуваагаад, тэгээд яг одоо түвшин түвшинд нь хүмүүсээ оролцуулаад хийгээд явмаар байна .

Энэ жилдээ багтаад Монгол Улс Их Хурлыг одоо хуралдаж байгаа энэ хаврын чуулганы хугацаанд ард түмнийхээ эрх ашигт нийцсэн маш сайн ашигт малтмалын хуультай болох ёстой ч байж магадгүй. Ингэхийн тулд өмнөх хуульд ямар болохгүй юм байна, ерөөсөө хуульд байхгүй, болохгүй байгаа шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд байна гэдгийг ойрын үед ярина. Та бүхэнд бас урилга өгч ингэж ярилцъя гэж бодож байгаа гэдгийг хэлэх гэсэн юм” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих