ЧИНГИС ХААН БОЛ АРХИ АМСДАГГҮЙ ХҮН БАЙСААН
Өмнө нь манан дунд л байгаа юм шиг сүүмэлзсэн орчинд ордог байсан. Тамхи татахгүй байхаар ийм цэвэрхэн байдаг гэж огт төсөөлж байгаагүй юм байна. Хариад хувцаснаас тамхи үнэртэнэ гэж айхгүй гоё байна”-
За даа хэдэн шартсан нөхөд ганц лонх юм авчихаад өнөөхөө “хаана аятайхан дугтарчих вэ” хэмээн маргалдах аж. “Тэр сургуулийн сааданд ууя” л гэнэ. “Хэрэггүй ээ аваартай. Харин цаад орц чинь аюулгүй” л гэлцэх вий. “Пөөх эртээд тэнд чинь бид ууж байгаад баригдаад бөөн юм болсоон, болиёо хөөе” болоод л явчихна. Ийнхүү хэлэлцсэний эцэст тэд 3 хувилбар сонгох болно. Нэгдүгээр хувилбар. Тавдугаар байрны хойд орцонд байрлах биллиардын газар. Учир нь тэрхүү биллиардыг олон ч хүнд түрээслүүлж байгаа, тэгээд ч түрээс нь өндөр тул эзэн болгон мөнгө л орж ирж байвал хэнд ч хориг шаардлага тавьдаггүй аж. Иймээс энд тэндгүй л ширээгээ тойрон ёворцогоо барин эргэлдэх харчуул ар араасаа сэм дугаарлан сөн түшигчээс хувиа хүртэнэ. Хоёрдугаарт, байдаг л нэг гуанзанд ороод ганц хоёр хуушуур, аяга цай, ундаахан авч сууж байгаад балгуушдах. Гуравдугаарт, хөл багатай орц, байшинг савны булан тохойд нарлах эсвээс сүүдэрлэх.
Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байрны эмчээс “Хүмүүс голдуу хаана архидаж байна” хэмээн лавлавал “Ер нь бол архи уулгаж хармааг нь хоослох зорилготой баар савнаас л гол төлөв согтуучууд ирдэг. Харин ажил төрөлгүй, гудамжинд гарсан архичид бол архиа уух гэж янз бүрийн арга саам хэрэглэдэг. Тухайлбал, орон сууцны жижүүрүүд дээр их очноо. Бас ажил тарсны дараа элдэв байгууллагын жижүүрийг “найрна”. Мөн машины зогсоолд тавьсан машинд манаач сахиултай хамт “гулсуулдаг” гэсээн” хэмээн өгүүлж сууна лээ.
Зарим туршлагатай архичид бол тухайлбал төвийн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хил хязгаар орчимд “чөлөөтэй шахам хөнтөрдөг” гэж байгаа. Яагаад гэвэл аль аль дүүргийнх нь цагдаа нар тэр хэсэг газраа хайхрахаа больсон, бараг “Энэ чинь манай газар биш, харин танайх” хэмээн маргалддаг тийм газарт дураараа дургидаг гэж байгаа.
БААР РЕСТОРАНУУД Ч ГЭСЭН ДЭЭ… Хамгийн их орлого оруулдаг архи пиаваа л далдруулахын тулд харваажаар насанд хүрээгүй балчруудад ч хүртэл л зуу хундагалаад л, дахин дахин дүүргэж өгсөөр байгаад л санжиганасан амьтад болгож “санаа нь нэг юм амардаг” хэвээрээ л. Аль наяад онд л ийм байсан. Гэтэл Америк зэрэг хуулиа дээдэлдэг улс орнуудад 21-ээс дээш настанд л архи, согтууруулах ундааг худалдаалдаг.
Энэ бүхэн нь архичин хүн гэдэг хамгийн хямд зүйлийг хэрэглэх сонирхолтой / үлдсэнээр нь хар усаа авах гээд л/, ямагт бусдын хараа хяналтнаас нуугдан зугтааж явдаг, хүний нүд рүү эгцхэн ч харж чаддаггүй арчаагүй амьтан болохыг харуулж байгаа хэрэг.
Харин Монголын оюун санааны амьдралд анхандаа үл анзаарагдахуйц байсан өөрчлөлтүүд улам тэлж, одоо зохион байгуулалтын шинжтэй болж байгаад нэн баярлаж сууна даа. Тухайлбал, архи, тамхи, хар тамхи зэрийг хэрэглэдэггүй, тээршаадаг эсвэл түүнээс татгалзсан хүмүүсийн хувьд архиний эхүүн үнэр, тамхиний утаа суунагласан тийм газарт байх нь тун хэцүү.
Бид л элдэв зүйлд бүдүүн баараг тулдаа л тэсч тэвчээд явдаг болохоос бусад улсад байдал шал өөр байдаг. Тухайлбал, Японд л гэхэд аль ч чиглэлийн метронд “ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ВАГОН” гэсэн 2 чиг вагон “зүүгддэг” гэсэн. Яагаад гэвэл ачааллын оргил цаг буюу ажил цугларах, тарах үеэр шахцалдаан чихцэлдээн тоймоо алдахад зарим харчууд “сохорсон биш завшив” гэгчээр муусайн хүүхнүүдээ элдвээр оролдох, далимдуулах -тэврэх, чимхэх базалж барих, биеийнхээ бүх хэсгээр, тэр бүү хэл хамгийн эмзэг хэсгээрээ наалдан шахах зэргээр бэлгийн дарамт учруулдгаас тэр гэнээ.
МАНАЙД БАС ХЭРЭГЛЭЭНИЙ ХҮЧИРХИЙЛЭЛ ӨРГӨН ДЭЛГЭРСЭН НЬ ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА. Юу гэвэл хэн нэгэн нь одон шагнал авмагц л байгууллага нь дээрээсээ зохион байгуулж ёслол төгөлдөр ширээ засаад л, элдэв архи, дарсаар дүүргээд л, тогтсон ёс мэт хүн бүрт дугараа бариулаад л уухгүй гэснийгээ “Хамт олноо хүндэтгэсэнгүй” эсвэл “Шагнал авагчид атаархаагүй л бол тогтоо” гэх зэргээр дарамталсаар “Хөөрхий муу Цэрмааг “Уухгүй уухгүй” гэсээр байтал нь “Уу уу” гэсээр байгаад “нисгэчихэж” байгаа юм л даа. Шахуулсаар байгаад тасарсан Цэрмаад юу эс тохиолдох сон билээ дээ. Эрүүл мэндээрээ хохирч болно, эд зүйл, мөнгө түрийвчээ алдаж болно, эрүүлжүүлэхэд хонож ч мэднэ, эцэст нь ажлаасаа халагдаж ч болзошгүй яа. Аан…
Баар ресторанд олуулаа ороод архи дарс авахгүй бол үйлчлэгч нь хялалзаж цэхэлзээд унанаа. Монголд архинаас сайн дураараа татгалзах хөдөлгөөн үүсээд 13 жил болж буй. Тус хөдөлгөөнийхөн хааяа хэдүүлээ ороод кофе мофехон ууж, бүжиг танц хийе гэхээр “Та нар архи пиав авахгүй бол үйлчлэхгүй” хэмээн шууд татгалздаг явдал олон байсан гэдэг. Гэвч тэд архи дарсгүйгээр баяр ёслол тэмдэглэж болдгийг Монголд анх батлан харуулсан гавьяатнууд мөн билээ л.
ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ. Саяхан даа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэнхэр дэлгэцээр ард түмэндээ шинэ оны баярын мэнд дэвшүүлэхдээ “Идээний дээж нь сүү юм аа” гээд стакан дүүрэн сүү өргөн барьсан билээ. Түүнээс өмнөхөн 12 дугаар сарын эхээр “Эрүүл идэвхтэй амьдрал” клубийн 180 гаруй гишүүд архигүй шинэ жилийн баяраа Монголдоо дээгүүрт орох “Сүнжин гранд” ресторанд хийсэн аж. Тэдэнд олгогдсон 4 цаг яах ийхийн зуургүй өнгөрч ИЙМ ОЛОН ХҮН ДУСАЛ Ч АРХИГҮЙГЭЭР ЦЭНГЭН БАЯСАХЫГ АНХ УДААГАА ХАРСАН рестораныхан шагналын бонус нэг цагийг нэмж олгосон гэсээн.
Гэтэл бас саяхан “Метрополис” шөнийн клубт нийгмийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг бүрэн цогцлоож чадсан хэсэг залуусын санаачлагыг төрийн байгууллагынхан дэмжсэнээр “Green party” буюу архи, тамхигүй үдэшлэгийн мөн л анх удаагаа зохиолоо.
Шоуг ХЗДХЯ дэмжин ЦЕГ-тай хамтран зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийг дэмжих сан, НЦГ, БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн төлөөлөгчид оролцжээ. Хөөрч догдолсон С.Ламбаа сайд энэ үеэр “Эрүүл монгол хүний, тэр дундаа залуусын заавал хорих ёстой зүйл бол архи, тамхи. Харин эдгээр хоргүйгээр чөлөөт цагаа өнгөрөөж, хөгжилдөх боломжтойг нийгэмд таниулсан энэ үдэшлэгийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байна. Мөн ТАМХИГҮЙ ОРЧИНД ЗАЛУУС СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА. Тиймээс одоо хэлэлцэгдэж байгаа Олон нийтийн газар тамхи татахыг хориглох тухай хуулийг удахгүй батлуулахаар ажиллах болно” гэсэн байна.
Дуучин Д.Болд, Маралжингоо, BX, Монгол бадарчин Амай /Золжаргал/ болон “Рейн битбокс” хамтлаг, тектоник бүжгийн хамтлаг мөн эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийг уриалж байв. Амай хэлэхдээ “2005 онд Шведийн Стокгольм хотын клубт ороод нэг сонин зүйл анзаарсан нь тэнд тамхины утаа, тамхи татаж байгаа хүн огт байхгүй байлаа. Учир нь тэр жил Европын холбооны улсууд иргэдийнхээ эрүүл мэндэд санаа зовж олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль гаргаад байж. Клубт огт утаа униаргүй байгаа нь маш сонин, гоё санагдаж, хажуугаар өнгөрөх царайлаг бүсгүйчүүдийн үнэртэй усыг чөлөөтэй үнэртэж чадаж байв. Бүжиглэхэд хүртэл амьсгаа бахардаад байхгүй, бас хариад тамхины утаа шингэсэн хувцсаа угаах хэрэггүй байлаа. Ийнхүү Европын орнууд олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль гаргаснаараа олон хүнийг эрүүл мэндийг хамгаалж чадсан гэж би боддог. Манай улс ч нэн даруй ийм хууль гаргах хэрэгтэй. Хэрэв хууль гарчихвал эдийн засгийн, эрүүл мэндийн гээд олон талын ашиг гарна.
Миний хамгийн том ялагдал нь тамхи байв. Одоо би тамхиа хаясан ч тамхитай орчинд ороход тэвчээр алдах гээд их хэцүү байдаг. ГЭТЭЛ ӨНӨӨДӨР ТАМХИГҮЙ КЛУБ, КАФЕ ГАНЦ Ч БАЙХГҮЙ. Төрийн түшээд та бүхэн нийгмийг тамхинаас салгах ажлыг өрнүүлбэл надаас гадна олон залуус дуртайяа дэмжихийг өнөөдөр цуглан харуулж байна гэж бодлоо” гэжээ.
Ерөнхийлөгчийн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэмжиж ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН АНХ УДАА ЗАЛУУ ХОСУУДАД ЗОРИУЛАН СҮҮТЭЙ ЁСЛОЛ ҮЙЛДЛЭЭ. Ийнхүү залуу хосын хуримын хүндэтгэлийн идээнд сүү, аарц, цагаан идээ барихаар шийдвэрлэсэн байна. Анхны энэ ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа оролцож, Налайх дүүргийн залуу хос М.Мөнхбат, Ш.Нарантуяа нар хамтын амьдралаа сүүтэй хуримаар эхлэж буйд билэгшээн тэдэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсч баяр хүргэсэн ажээ.
Энэ бүхэн юуг өгүүлээд байна вэ гэвэл хар усыг, хатаасан навчийг өнөөдөр манай гэгээлэг хэсэг, ялангуяа өсвөр залуу үеийнхэн жигшэх болсныг харуулж байна. Архигүй үдэшлэг, баяр ёолк гэхээр эхэндээ гайхан итгэдэггүй байсан хүмүүс тийм ёолконд орохоороо ёстой ухаанаа алдсан мэт дэндүү тансаг сайхан баярлаж, ёстой л сэтгэлийнхээ цэнгэлийг эдэлдэг билээ.
“АРХИ ХАР МӨРТЭЙ” гэж эртнээс нааш хэлэлцсээр ирсэн ухаант ардын үр сад билээ бид. “ӨНӨӨДӨР НАДААС ЧИНГИС ХААН ЯМАР ХҮН БАЙСАН БЭ?” гэж асуухад би ганц зүйлийг л найдвартай хэлж чадна. “ЧИНГИС ХААН БОЛ АРХИ АМСДАГГҮЙ ХҮН БАЙСААН” гэж. Хэрвээ Тэмүүжин байхаасаа л гүүний айраг, нэрмэлд халамцаж, эзэлсэн аймаг улсынхаа хятад, араб, тангад архинас буцахгүй явсан сан бол ямар юмных нь “Ертөнцийн эзэн” гэгдэх сэн билээ дээ.
Архигүй баяр нааадмыг Монголд анх дэлгэрүүлсэн архинаас сайн дураараа татгалзагчдын АА нийгэмлэгийн хамт олонд гүн талархалаа илэрхийлэе. Мөн амьдралынхаа гарааг архи, тамхигүйгээр эхэлж буй энэ цагийн гэгээлэг тэр залуу дүү нартаа баярлаж бахархахын сацуу та нарт атаархаж сууна.
Гадаад улс орнуудад архигүй, тамхигүй хоолны газрууд элбэг байгаа. Нийслэлд ч гэсэн ийм газар байгуулагдаад олон жилийн нүүрийг үзэж байгаа хэдий ч хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ бол Барилгачдын талбай буюу хуучнаар Хүүхдийн болон баримтат кино театрын баруун талд, “Туул” рестораны замын зүүн урд талд орших Их хөлгөний уламжлалыг хадгалах төвд орших “Stupa” буюу “Суврага” кафе юм. Энд архи, тамхиар үйлчилдэггүй, хэрэглэх нь хориотой бах төдийгүй цагаан хоолоор таныг дайлах болно. Мөн элдэв рок, хард рок, поп, өөр юу ч гэж байдгийм тийм хатуу хөгжим чих дөжрөөхгүй ээ. Зөвхөн л бурхан номонд нийцэх ая дан эгшиглэх нь сэтгэлд нэн тааламжтай. Тэнд ирдэг улс нь ч амгалан тайвныг хайсан
гэгээлэг, нийцтэй бодь хүмүүс байх агаад сүүлийн үед залуус их “шуурах болсон” санагддаг.
Аливаа хотын төвд үнэ хөлс нь өндөр байдаг. Энэ бол бичигдээгүй хууль. “Газрын үнэ тэнд амьдардаг хүмүүсийн үнэ цэнээр хэмжигддэг” учраас. Миний бодлоор бол хотын төвийн үйлчилгээний газруудын / баар ресторан, үсчин, дэлгүүр хоршоо гээд үй түм/ үйлчилгээ бусад газрынхаас ҮНЭ ХӨЛС НЬ ӨНДӨР байхаас гадна ЭРХЭМСЭГ, ДЭЭД ЗИНДААНЫ буюу АРХИ, ТАМХИГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ гэж санах юм. Тухайлбал, архи, тамхигүйгээр үйлчлүүлэгчиддээ шагнал бонус олгож байх, зарим хямдрал үзүүлэх зэргээр тэдэнд давуу байдал олгох, бусдад үлгэр болгох гэх мэт
Хэрвээ ийм байдал, дүр төрхийг бүрдүүлж чадах аваас Монгол улс хөгжинө, монголчууд эзэн Чингисийн үедээ дөхөж очмой.
С.Энх-Амар
URL: