Орчуулагч Ж.Нэргүй задгай нийтлэлийн номоо баринтаглав

nerguinewnomСүүлийн таван жилийн хугацаанд яруу найраг, сэтгүүлзүйгээ хойш нь тавьж, дан орчуулгын уран бүтээлээр дагнаж явсан сэтгүүлч Жигжидсүрэнгийн Нэргүйн “Ясан хуягт Мэлхий их далайг зоримой” гэх урт нэртэй улсын хэмжээнд санаа зовсон цөлх нийтлэлийн ном хэвлэгдэн гарлаа. Зохиогч өөрөө өнгөрсөн жилүүдэд бичсэн задгай голдуу нийтлэлүүдээ салж үрэгдэхээс нь өмнө эмх цэгцийн баринтаганд боож, дахин шинэчлэн засварлаж, сэтгүүлч хэмээн дуудуулдаг нэрээ дархлан ямартай ч энэ цаг үедээ хэвлүүлжээ.

Өөрийнх нь хэлснээр бол өнгөрсөн 20-иод жилийн нийгэм, улс төрийн цаг агаарыг өөрийнхөө хар зөнгөөр бичиглэсэн нь өдгөө цагт биеллийг олж байна хэмээн өгүүлжээ. Сэтгүүлч хүний үүрэг бол цаг үеэ соргогоор мэдэрч, нийгэмд гарч болзошгүй хор хөнөөлийг урьдчилан хэлж, сэрэмжлүүлж, түүнийг нь төр, засгийн удирдлагууд биш юм аа гэхэд тодорхой салбарынхан нь ирээдүйн ажилдаа тусган авбаас уншсан, удирдсан, бичсэн гурвын амьд холбоо ач холбогдол нь болох аж.

Нийгмээ эрүүлжүүлж, ажиглаж, өөрийн өвөрмөц цонхоор харж бичсэн сэтгүүлч Ж.Нэргүйн сэтгүүлзүйд оруулсан хувь нэмэр хувинтай ус лугаа муу бүхнийг дэвэргэсэн, салхи нь буруу эргэсэн галыг тухайн цаг үедээ унтрааж байсныг цаг хугацааг хамж бөөгнүүлсэн түүний задгай нийтлэлийн номнууд бэлхэнээ түүх болон гэрчлэх болно. Ямартай ч энэ ном шинэ залуу сэтгүүлчид, сэтгүүлзүйн ангийн оюутнуудад гарын авлага, судлагдахуун болохоор сайн ном болсон гэдэгт олон хүн эргэлзэхгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих