ХУВЬЦААНЫХАА ҮНЭТЭЙГ ХУЛХИДУУЛАХААРАА МЭДНЭ…
Нэг сайхан нартай өдөр монгол хүн бүр 536 ширхэг “хувьцаатай” болчихдог юм байна. Үнийг нь мэддэггүй дээ. Эдийн засаг хөгжөөд ирэхээрээ үнэгүй хувьцаа гаргадаг болчихож. Тэгсэн чинь хувьцаа эзэмших эрхийг чинь “батламжлав” гэсэн наалт хийхийгээ хэлсэн юмсанж. Тэгээд Та бидэнд “чамлахаар чанга атга”, яваандаа наадах чинь “чулуу болно” гэж Засгийн газар албан ёсоор хэлж байна. Ингээд ирэхээрээ хулхидах нь ч хулхидаж л таарна. Харин жаахан “зөөлөн” л хулхидуулж үзээрэй дээ…
Яагаад заавал 536 гэж ?
Эхлээд байгаа хэдэн тоогоо жагсаагаад үзье.
Нэг. Бидний мэдэж байгаа эхний тоо бол “536”. Нэг биш, арав биш, зуу биш, яг 536 гэдэг яс тоо хэлж байна. Үнийг нь “мэдэхгүй” байж ард түмэндээ хуваагаад гаргаж байгаа тоо нь шүү дээ.
Хоёр. Монгол Улс яс тоогоороо 2 сая 796 341 иргэнтэй аж. Ингэхлээр нийт монгол иргэд 1.498.838.776 буюу ойролцоогоор 1,5 тэрбум хувьцаа “эзэмших” юм байна.
Гурав. Энэ бол “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны 10 хувь болох юм. Ингэхлээр уг компани 15 тэрбум хувьцаатай болж байна. Үүнийг ямар нэг тоо бодож байж л гаргасан байж таарна. Гэтэл огт “тоо бодоогүй”, харин 1,5 тэрбум хувьцаа “өөрөө л гараад” ирчихсэн гэж нотолж байгаа.
Дөрөв. “Эрдэнэс Таван Толгойн” хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаална. Энэ нь бас л 1,5 тэрбум хувьцаа юм.
Тав. Улсын хэмжээнд 54 мянга орчим аж ахуйн нэгж байгаа. Ингээд нэг аж ахуйн нэгжид 27756 хувьцаа ногдоно. “Жирийн” иргэнээс даруй 51 дахин их хувьцаа авна. Ноднинхон л “ажилладаг” 35.000 аж ахуйн нэгжтэй байсан юмсан. Жигтэйхэн хөгжөөд олон болчихож. Төрөөс хүмүүсийг албадан гэр бүл болгохын дэргэд энэ зэрэг ч яамай л байна.
“Тэнэгүүдэд” өгсөн сануулга
Төрийн мэдээллийн хэрэгслүүдээр “иргэдийн эдийн засгийн боловсрол тун муу” байгааг байн байн дурдаж байна. Энэ нь хожим Та нарт хангалттай сануулсан гэх “ам таглах үг” л дээ. Ингэж хэлэх нь гарцаагүй, харж л байгаарай. Төр засаг олон “сануулга” өгч байгаа.
Нэг. Олон улсын хөрөнгийн зах зээлд гарж, жинхэнэ үнэ нь тогттол 536 ширхэг хувьцаагаа бусдад худал¬дахгүй, хадгалж бай гэж байна. Нааж өгсөн батламжийг нь “зарчих” нь гэж айгаад байгаа бололтой.
Хоёр. Аж ахуйн нэгж мөн гэдгийг баталгаажуулах гэнэ. Энэ ч ёстой лайтай юм болно. Манай аж ахуйн нэгж багцаагаар 2 дахин өсөх нь баталгаатай. Угаасаа “бүртгэлтэй” байсан 65.000 гаруй аж ахуйн нэгж бүгдээрээ “амилах” боломж бий болчихож. Түрүүчээсээ 32 аж ахуйн нэгж худалдаад авчихсан нөхөр давхиж явахад чинь…
Гурав. Тавантолгойн ордын Техник эдийн засгийн үндэслэлийг “орчин үеийн зах зээлийн банк” хүлээж авсны дараа тодорхой болох гэнэ. Энэ хачин нэр томъёогоор Дойче Банк, Голдман Сакс хоёрыг хэлж байна. Тэр хоёр нь энэ онд багтааж үнэлгээ гаргаж амжихгүй гээд хэлчихсэн гэнэ. Дээрээс нь манай банкууд орох гээд дайтаад эхэлчихсэн байгаа.
Дөрөв. Санхүүгийн асуудал шийдэгдэж, “орчин үеийн шаардлага” хангасны дараа л сая нэг юм “орлого зарлагатай” компани болох аж. Харин кампани нь “орлого зарлагагүй” болохоор Та бид бас л “орлого зарлагагүй” үлдэх нь байна. Хэзээ орлоготой болохыг “орчин үеийн шаардлага” л мэднэ. Ингээд Та бидэнд ердөө л “536” гэсэн тоо л байна…
Монгол “арифметик”
Монголд дандаа л тоонд сайн хүмүүс төр барьдаг болохоор арифметикт хүртэл “дэлхийн нээлт” хийчихдэг юм. Тэдний нээсэн арифметик “теоремууд” дараах байдалтай.
Нэг. О бол 536-тэй тэнцүү. Үнэгүй, үнэ нь он дуустал гарч амжихгүй атал чи 536 “юм” авна гэж итгүүлэх нь үүний “нотолгоо” болно.
Хоёр. 2 сая 796 341 иргэн 54.000 компанитай тэнцүү. Энд үндэсний компаниудаа дэмжих ёстой нь мэдээжийн хэрэг ч тэдний үйл ажиллагааг нэгтгэн уялдуулах ажил огт хийхгүй байгаагаар энэ теорем “батлагдаж” байна.
Гурав. Үнэгүй 536 байвал “чулуу” болдог. Өнөөдөр “харвал хальс, үзвэл үнс” болно. Маргааш хэдэн “чулуу” болохыг хэлэхгүй, гэхдээ чанга атгавал “чулуу” болно гэж “баталж” байна.
Дөрөв. Тоо огт бодолгүйгээр хувьцааны тоог гаргаж болно. 1,5 тэрбум хувьцаа “зүгээр” л гараад ирж байна.
Шадар сайд Н.Алтанхуяг: “Ардчилсан нам МАН-тай ана мана үзэлцсээр байгаад ард түмэнд хувьцааг нь өглөө”, “газрын бүх баялгийг 10 хүн хувааж идэх биш, 2,7 сая хүн хүртэж байгаа нь хожоо биш үү” гэж дүгнэж байна. Сү. Батболдтой зэрэгцэж суугаад яриад байсныг нь харсан болохоос ана мана үзэлцсэнийг нь мэдэхгүй л юм байна. Тохирч шийдчихээд “шургадаг” байна ш дээ. С.Баяр “дээр” нь байсан бол Сү гэж нэг үлбийсэн юм “дор” нь орчихож. Энэ ч яахав “гэр бүлийн” дотоод асуудал байх…
Жоорны хувьцаа
Уг нь “Эрдэнэс МГЛ” компани хамгийн том нь бөгөөд одоогоор “Эрдэнэс Таван толгой”-н 51, “Оюу толгой”-н 34 хувийг эзэмшдэг. Мөдхөн “Багануур”-ын 75, “Шивээ-Овоо”-ийн хувьцааны 90 хувь нэмэгдэнэ. Ийм маягаар стратегийн ордуудын хувьцаа бүгдээрээ ийшээ бөөгнөрөх юм. Монголд стратегийн орд 15 байгаа бөгөөд цаана нь “нууцалсан” маш олон орд байгаа. Энд орд гэх нь харьцангуй, учир нь компаниуд аль хэдийн давхиад орчихсон байгаа.
Цаана нь жоорны “хувьцаа” байна гэсэн үг. Гэхдээ энэ нь мань мэтийн “юм” биш л болов уу. Одоо хувьцаа авах гээд “дугаарлаж” байгаа компаниудын ихэнхи нь ашиглалт явуулж, ашгаа олсоор л байгаа.
Ингэхлээр “Эрдэнэс Таван Толгойн” 536 “хувьцаа” монголчууд хэр зэрэг “баярлахыг” харах эхний “туршилт” болох нь тодорхой. Ингээд “үнэгүй” 536 дээрээсээ нэмж жинхэнэ “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхтэй нэг хувьцааг нэг хүнд өгнө. Нэгмөсөн өгч “тэнэгтэнэ” гэж л лав байхгүй. Харин энэ бол “жинхэнэ” хувьцаа бөгөөд түүнийгээ сонгуулийн өмнөхөн өгч биднийгээ гийгүүлэх нь ойлгомжтой…
Та бидний “иргэний” хувьцаатай хувьцаагүй “манай” компаниуд бүх төрлийн ашигт малтмалыг өргөн хүрээнд ашиглаад эхэлчихсэн. Ухаандаа өнгөрсөн оны 8 сараас эхэлсэн Монголыг Хятадын Бугат хоттой холбосон төмөр замын цариг тавих ажил энэ 3 дугаар сарын 26-аас эхлэх жишээтэй. Shenhua Group-ын хувьд бэлэн далан дээр цариг тавих шиг амархан ажил байхгүй л байх. Би хятад руу нүүрс битгий гарга гээд байгаа юм биш, гаргаж л таарна. Харин ийм мэдээг гадаад сурвалжаас олж үзэх л надад сонин байна.
Удалгүй бид “хувьцаагаа” зарж эхэлмэгц “томчууд” 99,99 хувийг худалдаад авчих механизм нэгэнт бэлэн болсон. Харин Та “хөрөнгийн зах зээлийн мэдлэг угаасаа муу” учраас “сануулсаар” байтал хувьцаагаа зарчихсан, одоо бид яалтай билээ гэнэ дээ…
Манай том, дунд компаниуд их сонин ш дээ. Монгол компаниуд “мал малын захтай” гэдгийг хүмүүс мэддэг ч нэг их анзаардаггүй юм. Монгол компаниуд үндсэн үйлдвэрлэл, дээр нь барилгатай, гадаад худалдаатай, аялал жуулчлалтай, зочид буудалтай, газар тариалантай, мал аж ахуйтай, бас бүгдээрээ шахам алт ухна, зарим нь бүр банктай, даатгалын компанитай, дээр нь нэмээд цагдаа, шүүх, тагнуултай бие даасан феодалын вант улсууд л гэсэн үг.
Монголын төр бол шууд утгаараа том компаниудын ТҮЗ мөн. Одоо өрмийг нь хамчихсан, хусмаа чамласан хэдэн бүлгүүд энэ ямбий ТУЗ дотроо л зодолдож байна даг. Тэднийг иргэддээ илүү их хувьцаа өгөх гээд зүтгээд байна гэж бодвол их эндүүрэл болно. Харин Та бид “цайны сүү” олохын төлөө тэмцэж л таарна байх. Үгүй бол голоо харлатал “хар цай”-гаа л ууна биз…
Харин “шударга ёсны хувьсгал” гэж байгаа Н.Энхбаярыг “цайны сүү”-ний төлөө тэмцэж байгаа гэж би л лав бодохгүй байна. Бүх үнээгээ лицензээр зарчихаад одоо сүү гэж орилох ч ёстой дэмий л байна…
Би хэдхэн хоногийн өмнө “тусгай шугам”-аар энэ 536 “хувьцаа” нь 17 доллар 30 гаруй цент гэсэн мэдээлэл олоод харааж суусан юм. Тэгсэн чинь сэтгүүлч А. Баатархуягийн бичсэнээр 14 доллар болтлоо “буучихаж”. Хоёрхон хоногт ингэж “бууж” байгаа “хувьцаа” цаашаа яах нь дэндүү ойлгомжтой.
Төр засгаасаа “бэлнээр” нь авах мөнгөө “тоолж” байгаа монгол хүнд юу ч хэлээд нэмэргүйг би сайн мэднэ. Гэхдээ л би урьдын адил сануулж байна.
Шадар сайд Н.Алтанхуяг “үнээнийхээ сүүтэйг үхэхээр нь мэднэ” гэж бидэнд сургаж байна. Би үүнийг “хувьцааныхаа үнэтэйг хулхидуулахаараа мэднэ” гэж ойлгож байна. Эсвэл “сайдын мууг огцрохоор нь мэднэ” гэсэн ч болох л байх…
Манайхны олонхи сүүлд нь хэлж ярьсангүй гээд загнаад байдаг болохоор л ингэж байна.
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 4 дүгээр сарын 12.
URL: