МИАТ-ийн хэргийн нууц эздийг С.Одонтуяа гишүүн “ил гаргана”
МИАТ-ийн хэрэгт МАН-ынхан л холбоотой гэнэ. Олон жил төрийн эрхэнд ноёрхсон тус намын угшилтай нөхөд ард нь байгааг АН-ын гишүүд, тэр дундаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа “баталж” байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ер нь бол МАН-ын гишүүд, МАН-ын угшилтай албан тушаалтнууд луйвар хийсэн байгаа. Үүнийгээ хаацайлах зорилгоор МИАТ-ийн хувьчлалыг хөөргөөд байгаа зүйл харагдаж байна.
Одоогоор холбогдсон хүмүүс нь МАН-ын угшилтай хүмүүс байгаа” гэжээ. Тэгэхээр МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны нэрлэх гээд байгаа 20 улстөрчийг С.Одонтуяа гишүүн ч мэдэж байж магадгүй нь, Хууль зүйн сайд аа. Та ч урьд нь дээрх хэрэгт улс төрийн намын оролцоо бий гэдгийг тодотгож байсан. Түүнчлэн улсын Ерөнхий прокурор хүртэл хэрэгт 10 байтугай хүн холбогдож, яригдаж байгаагаас их хэмжээний хөрөнгөний асуудал үүснэ гэж байсан шүү дээ.
Тэгвэл эзэн холбогдогч нарыг нь зарим нэг хүн мэдэж байгаа бололтой. Худал хэлэх хуультай байдгийг эрхэм түшээ сайтар мэдэх байлгүй. Мөн тветтэр хуудсандаа хүртэл энэ талаар онцолсныг бодоход тэр лав худлаа хэлээгүй байх. Өмнөх парламентад гишүүн Ш.Сайхансамбуу “Би авлига өгсөн хүнтэйгээ парламентад тохой нийлүүлэн сууж байна” гэх зүйлийг хэвлэлд ярилцлага өгөхдөө дурьдсанаас болж Авлигатай тэмцэх газрын үүдийг нэг хэсэгтээ л сахисан юм даг.
Халдашгүй дархан эрхтэй гишүүдийн амнаас гарах авиа бүр хариуцлагатай байх учиртай. АН-ын бүлгийн хуралдаан дээр Иргэний нисэхийг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогын баримтыг батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр МИАТ-ийн хувьчлал руу хальж, гишүүд багагүй мэтгэлцжээ. Ширүүхэн маргаан болсон гэх яриа байгаа ч бүлгийн гишүүд маргалдаагүй мэтгэлцсэн төдий гэж тодотгож буй юм.
Үнэндээ Зам тээврийн сайд А.Гансүх тогтоолын төслийг танилцуулж дууссаны дараа дор бүрнээ МИАТ-ийн хувьчлалыг хөндөж, үг хэлсэн хүн бүр л хэргийг өөрөөсөө зайлуулсан тайлбар хийсэн байна. Тухайлбал, ҮХАА-н сайд Х.Баттулга анх “Монголиан Эйрлайнс” компанийг орон нутагт өрсөлдөөнийг бий болгож, орон нутгийн иргэдийн зорчих тасалбарын үнийг бууруулах зорилгоор дэмжиж, зөвшөөрөл өгсөн гэнэ.
Мөн “Монголиан Эйрлайнс” анх “Голомт” банкнаас зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд явцын дунд зээлээ төлөөгүй гэх зүйл байгаа болохоос хувь эзэмшиж байгаагүй хэмээн намын нөхөддөө учирлажээ. Энэ тухай С.Одонтуяа гишүүн ч тодруулгадаа тодотгосон байсан. “Mongolia Air lines” авиа компаний 49 хувийг “Бодь” групп эзэмшдэг 21 хувийг Ч.Хоролсүрэн өвөртөлдөг.
Үлдсэн 30 хувийг нь гишүүн Н.Номтойбаярын “МАК” компани эзэмшдэг билээ. Ч.Хоролсүрэнгийн ард Женко Х.Баттулга байдаг гэлцэх нь бий. Гэхдээ эргэлзэх зүйл бий. Учир нь Х.Баттулга тухайн үед Зам тээврийн сайдаар ажиллаж байхад дайны эрсдлийн даатгалын сангийн мөнгө хэний халаас руу орж байгааг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан байдаг. Мэдээж, энэ бүхэн АН-ынхны найруулж байгаа жүжиг хэмээн буурал намынхан тайлбарлаж буй.
Гэхдээ Ч.Хоролсүрэнгийн эхнэр экс Ерөнхийлөгч Н.Энх-баярын хамаатан гэх юм билээ. Бас л хачин тохиолдол шүү. Нөгөөтэйгүүр, МИАТ-ийн хуучин удирдлагууд дайны эрсдэлийн даатгал нэрээр мөнгө угаасан, олон улс дамнасан гэмт хэрэгт холбогдож аавын хаалга татахтай зэрэгцэн “Голомт”-ын Д.Баясгалан, “Бодь”-ийн Лу.Болд, М.Зоригт нар ам мурийж, зам мөрөө хөөсөн гэхээр бүр ч хачирхалтай.
Урьдын нөхөрлөлөө умартаж, нэгнээсээ нүүр буруулах хэрэг тэдэнд гарлаа гэж үү. Тэгэхээр хил дамнан мөнгө угаасан хэрэгт цөөхөн оронтой тоогоор ч зогсохооргүй, бие биенээ гинжин холбоо шиг араасаа чирэх нь гарцаагүй бололтой. “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгийг анх Япон руу шилжүүлэхэд авч цэвэршүүлэн Монгол руу гуйвуулж байсан гэх Япон дахь МИАТ-ийн төлөөлөгч Н.Галтыг хуулийн байгууллагынхан эрэн сурвалжилж байгаа гэнэ.
Түүнчлэн мань хүн гэр бүлийн хамт тус улсад байнга оршин суух эрхтэй бөгөөд энэ хэрэгтэй холбоотой дуулиан гарснаас хойш Япон улсын Цагаачлалын албанаас иргэншил хүссэн гэх мэдээллийг хуулийнхан уржигдар авчээ. Мөн эл хэргийг тойрсон дуулианы ард МАН, АН-ын аль алиных нь оролцоо бий гэдэг нь ч эрхэм гишүүдийн хэлэх үгнээс баталгаажаад байх шиг.
Гол нь дуулианаар МИАТ-ийг үнэгүйдүүлж, түрийвчлэх гэсэн хэн нэгний санаархал агуулагдаж байгаад бүр ч их зангилаа байна. Одоогийн байдлаар хэргийг өрдөж, сенсаацалж байгаа хүн бол Зам тээврийн сайд А.Гансүх. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар. Хачирхалтай юм шүү.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: